Дэлхийн ТЭРБУМТНУУД ӨСВӨР НАСАНДАА юу хийж байсан бэ?



Тэд баян чинээлэг гэр бүлд төрөөгүй, тэд хормын дотор тэрбумтангууд болоогүй, харин тэд багаасаа мөнгөний үнэ цэнийг мэдэрч, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг бодитоор харуулж чадсан юм.

Бохь зардаг хүү Уоррен Баффет

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 3-рт бичигдэж байгаа АНУ-ын бизнесмэн, хөрөнгө оруулагч Уоррен Баффет анх 6 настайгаа эхлэн айл айлын үүдийг тогшин бохь,  Кока- Кола ундаа, долоо хоног тутмын сэтгүүл зэргийг зардаг байж. Ахлах сургуульд байхдаа тэрээр сонин тарааж, гольфийн бөмбөг, марк зарж мөнгө олдог байсан байна.

Олсон мөнгөөрөө Уоррен найзтайгаа автомат тоглоом худалдан авч түүнийгээ үсчингийн газар байрлуулснаар тэдний энэхүү бизнес хэдхэн сарын дотор өргөжиж хэд хэдэн үсчингийн газруудад автомат тоглоомуудаа байрлуулжээ. Удалгүй энэхүү бизнесээ $1200-аар зарсан байна. Ийм байдлаар тэрээр багаасаа бизнесийн ухаанд суралцаж одоогийн байдлаар тэрээр Америкийн томоохон корпораци болох Berkshire Hathaway Inc.-ийн гүйцэтгэх захирал болон хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ $60.8 тэрбум болжээ.


Оёдлын цехэд ажилладаг хүү Ортега

Европын хамгийн баян хүн болох Амансио Ортегагийн аав төмөр замд ажиллаж ээж нь айлд үйлчлэгч хийдэг байж. Ядуу тарчиг амьдралын улмаас Ортега дунд сургуулиа төгсөж чадалгүй 13 настайгаасаа эхлэн цамцны дэлгүүрт туслахаар ажиллаж эхэлжээ. 14 настай байхад түүний аавыг өөр хот руу шилжүүлснээр тэрээр нэгэн оёдлын газар туслахаар орж оёдлын тухай А-Я хүртэл сурчээ. Тэгсэн хэдий ч оёдлын цехийн эзэн аавд нь түүнийг хэзээ ч оёдолчин болж чадахгүй гэж хэлж байжээ. Харин Амансио Ортега одоо Zara, Massimo Dutti, Stradivarius, Pull and Bear, Bershka, Zara Home, Oysho, Kiddy’s Class, Tempe зэрэг брендүүдийг эзэмшиж дэлхий даяар 92 000 ажилтантай Inditex group-г үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Түүний хөрөнгийн хэмжээ $67 тэрбум.


Гольфийн цохиур зөөгч Рэй Далио

Америкийн хөрөнгө оруулалтын томоохон компани болох Bridgewater Associates компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Рэй Далиогийн хөрөнгийн хэмжээ $15.9 тэрбумаар хэмжигдэж байна. Хөрш айлуудынхаа зүлгийг тэгшилж, цасыг нь цэвэрлэж Рэй багаасаа бага сага мөнгө олдог байж. Ингээд 12 настайдаа тэрээр Английн хаан VII Эдвард, АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон, Уолл Стритийн хөрөнгө оруулагчид зэрэг баян чинээлэг хүмүүсийн үйлчлүүлдэг Links Golf Club-д ажилд оржээ. Түүний гол ажил нь тэдгээр эрхмүүдийн гольфийн хэрэгслүүдийг зөөх байсан юм. Ингээд тэнд сонсож мэдсэн зүйлийнхээ ачаар өөрийнхөө цуглуулсан $300-аараа Northeast Airlines-н хувьцааг худалдан авснаараа тэрээр мөнгөө гурав дахин өсгөж чаджээ. Рэй томоохон компаниудын жилийн тайлангуудыг судалж олон алдаа дутагдлаасаа суралцан хөрөнгийн биржийн гол зарчмуудыг мэдэж авсан байна.


Цагны оосор зардаг байсан Ли

Хонг Конгийн хамгийн том корпораци болох CK Hutchinson Holdings Limited нь харилцаа холбоо, дэд бүтэц, усан онгоцны боомт, худалдаа, эрчим хүч гээд тэргүүлдэггүй салбар үгүй. Тус корпорацийн эзэн, Хонк Конгийн хамгийн баян хүн, дэлхийд $32.1 тэрбум хөрөнгөөрөө 20д бичигдэж байгаа Ли Цзячэн багаасаа хөдөлмөрлөж иржээ. Түүний аав сүрьеэ өвчний улмаас нас барснаар 15 настай Ли Цзячэн гэрийнхнийгээ тэжээхийн тулд сургуулиа хаяж гудамжинд  цагны оосор болон бүс зарж эхэлжээ. Удалгүй тэрээр хуванцарын үйлдвэрт ажилд орж хоногийн 16 цаг ажиллах болж. Ингээд Ли 22-хон насандаа өөрийн хуванцрын үйлдвэрийг байгуулж хуванцар цэцэг үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхэлжээ.


Радиогийн хөтлөгч 17 настай охин

Түүнийг америкт Хэвлэл Мэдээллийн Хатан Хаан гэдэг. Тэрээр 20-р зууны хамгийн баян мөн хамгийн анхны бөгөөд цорын ганц тэрбумын хөрөнгөтэй Африк-Америк гаралтай эмэгтэй юм. Түүний The Oprah Winfrey Show түүнд нэр алдар авчирахаас гадна 20-р зуунд хүмүүсийн тэр бүр яриад байдаггүй, хаалттай сэдвүүдийг хөндөж хүмүүсийн тэдгээр зүйлд хандах хандлагыг нааштайгаар өөрчилсөн гэж үздэг. Опра Америкийн Миссиссипи мужид ядуу гэр бүлд төржээ.  Түүний ээж гэрийн үйлчлэгч байсан бөгөөд Опраг 6 нас хүртэл нь эмээ  нь харж хандсан байна. Мөнгөгүйн улмаас эмээ нь түүнд төмсний шуудайгаар хувцас оёж өгдөг байсан нь бусад хүүхдүүдийн тоглоом шоглоомны бай болдог байж. Тэрээр 3 нас гэхэд уншиж сурсан ба багаасаа ярих илтгэх авьяастай байжээ. Дунд сургуульд байхдаа хичээл сурлагадаа анхаарч сургуулийнхаа шилдэг сурагчдын тоонд ордог байлаа. Опра сургуулийнхаа илтгэлийн дугуйланд явж тэмцээн уралдаанд амжилттай оролцон их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой болжээ. Тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа дэлгүүрт ажиллаж байсан ба 17 настай байхдаа радиод ажилд орсон нь түүний амжилтын анхны алхам болсон юм.  Одоогийн байдлаар хатагтай Опра Уинфригийн хөрөнгийн хэмжээ $2.9 тэрбум.


Асрамжийн газарт өссөн Леонардо

Ray Ban нарны шилийг хэн хүнгүй андахгүй, тэгвэл тус бренд нь дэлхийн хамгийн том нүдний шил үйлдвэрлэгч италийн Luxottica Group-нэгээхэн хэсэг юм. Тус компанийг үүсгэн байгуулагч Леонардо дель Веккиог төрөхөөс 5 сарын өмнө аав нь нас барж ээж нь түүнийг өсгөж дийлэхгүй хэмээн асрамжийн газар өгчээ. Томорсон хойноо тэрээр машин механизмын жижиг эд анги хийдэг үйлдвэрт ажиллаж байсан байна. Ажиллаж байхдаа хуримтлуулсан туршлагаа ашиглан нүдний шилний хүрээ хийн  Luxottica нэртэй компани байгуулсан нь Oakley, Sunglass Hut, LensCrafters, Ray Ban зэрэг брендүүдээс гадна нэртэй хувцас загварын брендүүдийн нүдний шилийг бас үйлдвэрлэж байна. Харин Леонарда дель Веккиогийн хөрөнгө $23 тэрбумаар хэмжигдэж байгаа юм.


Чихэр зардаг Шелдон хүү

Шелдон Эдельсен амьжиргааны түвшин доогуур гэр бүлд төржээ. Тийм болоод ч тэр үү тэрээр багаасаа л бизнесийн зах зухаас суралцаж анх 12 настайдаа авга ахаасаа $200 зээлж Бостон хотод сонин зарах зөвшөөрөл худалдан авч байв. 16 настайдаа мөн л авга ахаасаа $10 000 зээлж чихэр зардаг автомат машины бизнес эхлүүлж байжээ. Үүнээс хойш тэрээр ариун цэвэр, гоо сайхны хэрэгсэл, машины салхины шил цэвэрлэгч шингэн зэргийг зарж борлуулж байсан туршлагатай байв. 30 нас гэхэд Шелдон хоёр ч удаа цуглуулсан хөрөнгөө алдаж “шатаж” байсан ч хэзээ ч бууж өгөөгүй юм. Тэрээр жинхэнэ бизнесмэн эрсдэлтэй алхам хийж чаддаг, бүтэлгүйтсэн ч алдаанаасаа суралцан дахин оролдох чадвартай байх ёстой хэмээн ярьдаг. Одоогийн байдлаар түүний эзэмшдэг Las Vegas Sands компани АНУ болон Азид хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаагаас The Venetian, The Palazzo, Sands Casino Resort Bethlehem, Сингапурын алдарт Marina Bay Sands, Макао дах The Venetian Macao, The Plaza Macao гэх мэтийг дурьдаж болох юм. Шелдон Эдельсаны хөрөнгө $29.2 тэрбум болтлоо өссөн байна.


Айлын утсанд дугаар илрүүлэгч тавьдаг байсан 12 настай Максим

Оросын харилцаа холбооны томоохон сүлжээ болох “Связной” компанийг үүсгэн байгуулагч Максим Ноготков 12 насандаа найзаасаа мөнгө зээлэн компьютерний програм зарж айлуудын гэрийн утсанд дугаар илрүүлэгч суулгаж мөнгө олох болж. 14-тэйдөө тэрээр Москвагийн захуудаар гар утас наймаалах болж 18 насандаа “Максус” нэртэй өөрийн компаниа байгуулж хожим нь “Связной” болгон өөрчилжээ. 29 насандаа тэрээр саятан болж 36 насандаа $1.3 тэрбумын хөрөнгийг хуримтлуулсан байна.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ