Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоол гарсан. Энэхүү тогтоолын дагуу суудлын автомашины улсын үзлэгийн төлбөр НӨАТ-тай үнэ нь 22 мянган төгрөг болж нэмэгджээ. Ингэснээр оношлогооны төлбөр мөн хоёр дахин нэмэгдэж байгаа аж. Өмнө нь суудлын автомашины оношлогооны төлбөр 11 мянган төгрөг байсан. Энэ төлбөрийн хэмжээг өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн мөрдөж эхэлсэн юм. Харин шинэ машин худалдан авсан бол хоёр жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байхаар заажээ.