Монгол Улсад Авлигатай тэмцэх тухай хуулийг батлан гаргаж, Авилгатай тэмцэх бие даасан байгууллагыг байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Нийгмийн хорт хавдар гэж үздэг энэхүү үзэгдэлтэй тууштай тэмцэх өндөр хариуцлагатай үүргийг хүлээсэн Авлигатай тэмцэх байгууллагын нийт хамт олон, ажилтан албан хаагчид Та бүхэнд 10 жилийн ойн баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Дэлхийн улс орнуудын хувьд авлигын асуудал нь нийгмийн хурц асуудал болж, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай тулгарч байгааг олон улсын авлигын үзэгдлийг судалдаг байгууллагуудын судалгаа, тайлангаас тодорхой харагдаж байна.
Монгол Улсын хувьд ч мөн адил авлига хэмээх энэ үзэгдэл ядуурал, агаар орчны бохирдол, халдварт өвчний адил тодорхой хэмжээнд нийгэмд бугшсан, улс орны хөгжил дэвшлийг хойш чангааж байгаа сөрөг үзэгдэл билээ.
Олон улсын “Транспаренси интернационал” байгууллагын жил бүр боловсруулан гаргадаг улс орнуудын авлигын эрсдэлийн үзүүлэлтээр Монгол улс тааруу үзүүлэлттэй хэвээр байна. Тус байгууллагын 2015 онд гаргасан судалгаанд авлигын эрсдэлийн үзүүлэлтээр Монгол улс 168 улсын жагсаалтад 72 дугаарт бичигдсэн байна.
Улс орнуудын хөгжлийн үзүүлэлт нь авлигын эрсдэлийн байдалтай харилцан хамааралтай байдаг. Авлига ихтэй улс оронд хөгжил дэвшил тааруу байгааг Ази, Африк, Латин Америкийн олон улс орнуудын хөгжлийн үзүүлэлтээс тодорхой харж болохоор байна.
Иймээс авлига зэрэг нийгэмд хуримтлагдсан сөрөг үзэгдлийг бууруулах, таслан зогсоох нь улс орны цаашдын хөгжлийг хурдасгах, ард иргэдийн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхтэй салшгүй холбоотой зорилт юм.
Авлигын эсрэг хүчтэй тэмцэл явуулж, эрс бууруулж чадсан улс орон өнөөдөр авилгын эрсдэл маш багатай гэж судлаачид, хөрөнгө оруулагчид үздэг.
Монгол Улсын цаашдын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал байгаа. Хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн олборлох салбарт бус дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт ч гадаадын хөрөнгө оруулалт, шинэ технологийг нэвтрүүлэх эрэлт хэрэгцээ маш их байна.
УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний үр дүнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин жилээс жилд сайжирсаар байгаа боловч хууль эрх зүйн тогтвортой орчин, авлигын эрсдэлийн үзүүлэлтийг эрс сайжруулаагүй нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал дорвитой нэмэгдэхгүй байх магадлалтай юм.
Монгол Улсын Засгийн Газраас авлигын эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн 2016 оны 11 дүгээр сард УИХ-аас “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан. УИХ-ын тогтоолоор өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Засгийн газар Авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ойрын хугацаанд боловсруулан гаргахаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулах”-аар заасан.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулах”-аар тусгагдсан.
Саяхан Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгахаар саналаа тусгаж, хуулийн төслийг өргөн барьсан. Тухайлбал, уг хуулийн төсөлд:
· Хахууль авсан албан тушаалтны эд хөрөнгийг нь хурааж, 5-12 жилийн ял оноохоор,
· албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 5,0 саяас 27,0 сая төгрөгөөр торгох, 2-8 жилийн хугацаагаар хорих ял ногдуулж, тэнсэхгүй байхаар.
· хорих ялаа эдэлж дууссаны дараа 5 жил хүртэл хугацаагаар тодорхой албан тушаал эрхлэхийг нь хязгаарлах зэргээр хүлээлгэх хариуцлага, шийтгэлийг чангатгах заалтуудыг тусгасан.
Монгол Улсын Засгийн Газар авилгын үзэгдэлтэй цаашид ч тууштай тэмцэх болно.
Төсвийн хөрөнгөөс гадна Төрийн өмчит компани, Хөгжлийн банк зэрэг төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг, зах зээлийн өндөр үнээр бараа, ажил үйлчилгээ нийлүүлдэг үйлдлийг гэмт хэрэгт тооцож, ялыг чангатгахаар нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгаад байна.
Авлигыг үүсгэх, хөгжүүлэх таатай хөрс суурь болж байгаа:
Авлигын эрсдэлийн талаарх судалгааны дүнгээр авлигад өртөх эрсдэл өндөртэй үнэлэгдсэн байгууллага, салбарт чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй, үе шат дараатай авч хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Төрийн үйлчилгээний нээлттэй, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах, олон шат дамжлагыг багасгах, албан хаагч ёс зүйн хэм хэмжээг ягштал сахин мөрдөх механизмыг илүү нарийвчлан боловсронгуй болгох нь зүйтэй.
Бид авилгатай тэмцэхдээ зөвхөн хариуцлага ногдуулах, ял оноох, шийтгэх арга замаар амжилтад хүрэхгүй, хамгийн гол нь авлига үүсэх орчин нөхцөлийг үүсгэж байгаа тийм орчин, дүрэм, журам, шийдвэрийг өөрчлөн, хүнд суртал, чирэгдлийг халах, ил тод байдлыг бий болгох, төрийн албаны нийт ажилтан, албан хаагчдад авлигын талаарх мэдлэг ойлголтыг гүнзгий суулгаж өгөх, олон нийтэд хандсан сургалт, сурталчилгааг өргөжүүлэх ажлыг эрчимтэй явуулах шаардлагатай байна.
Авлигатай тэмцэх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд, албан тушаалтны улс төрийн хүсэл зориг нэн чухал гэдгийг онцлон хэлье. Өнөөдрийн чуулган ч мөн энэ агуулгын хүрээнд тодорхой асуудлуудад төвлөрч салбар хуралдааныг хийлээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт эдгээр салбарт авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх хамгаалах талаар олон үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгагдсан бөгөөд энэ чуулган дээр яригдсан Та бүхний үнэтэй санал, зөвлөмж, дэвшүүлсэн санал санаачилга Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдах болно.
Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд сайнаар гаргаж байгаа олон сайн мэдээ, эерэг үзүүлэлт байгаагийн зэрэгцээ авлига, хүнд суртал, ядуурал, агаар орчны бохирдол зэрэг Монгол Улсын нэр хүндийг бууруулж байгаа нийгмийн үзэгдлүүдтэй бүх шатандаа, бүх талын оролцоотой хамтран тэмцэж амжилтад хүрэх учиртай юм.
Энэ тэмцэлд Авлигатай тэмцэх байгууллага, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, хүчин чармайлт нэн чухал юм.
Өнөөдрийн үндэсний чуулган бидэнд авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцох, тулгамдсан асуудлаа хэлэлцэх, цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж олгож, цаашдын ажлынхаа урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх олон шийдлийг олоход тусалж чадсан гэж дүгнэж байна.
Авлигатай тэмцэх газрын хамт олонд болон энэхүү чуулганд оролцож байгаа нийт оролцогчид та бүхэнд авлигатай хийж байгаа тэмцэлдээ томоохон ахиц дэвшил гаргаж, Монгол Улсыг авлигын эрсдэл багатай, хөрөнгө оруулалтын нэн тааламжтай орчин нөхцөл бүхий улс орон болгон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсье!