Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиудын багш, эрдэмтэн, судлаачид болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж “Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар ярилцан, санал солилцлоо.
Уулзалтад Улаанбаатар эрдэм их сургуулийн профессор, Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн үндэсний хорооны дарга Н.Уртнасан, Улаанбаатар Их Сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор Б.Цогтбаатар, Хан Хэнтий дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцсон юм.
Улаанбаатар эрдэм их сургуулийн профессор, Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн үндэсний хорооны дарга Н.Уртнасан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн Хан Хэнтий нурууны Х=5402914.739, Ү=353760.779 /В=48˚45’43.3844, L=109˚00́’36.1315/ солбицолд Хэнтий Хаан уулын нэрээр газрын зурагт бүртгэгдсэн 2361,5 тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун болгон өөрчлөх талаар тусгасан. Иймд Монголын нууц товчоо болон түүхийн сурвалж бичгүүдэд олонтой тэмдэглэгдсэн уг түүхт газрын нэрийг газрын зурагт уг нэрээр нь тэмдэглүүлэх шаардлагатай байгаа талаар байнгын хорооны даргад танилцуулан, холбогдох баримт мэдээллийг өглөө.
Улаанбаатар Их Сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар “Хан Хэнтийн нурууны нэрийг “Бурхан Халдун” уул гэж нэрлэх гэж байгаа юм байна гэж ойлгоод, бүтэн уул нурууны нэрийг ингэж өөрчлөх нь буруу хэмээн эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдрийн энэ уулзалтаар тодорхой ойлголттой боллоо. Тус тогтоолын төслийн нэр нь томьёоллын хувьд буруу байснаас ийм буруу ойлголто үүссэн байна” хэмээн хэлсэн юм. Бурхан Халдун ууланд зөвхөн үндэсний судлаачдыг ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээ хийхийг зөвшөөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 онд гарсан болохыг Хан Хэнтий дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад танилцуулсан. Бурхан Халдун уул дэлхийн өвд бүртгэгдсэн хэдий ч газрын зурагт тухайн уулын нэр тэмдэглэгдээгүй, Хэнтий хаан уул нэртэй байгаа нь энэ тогтоолын төслийн боловсруулах үндэслэл болсон гэдгийг онцолж байсан юм.
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас лавлагаа авч Бурхан Халдун уулын солбилцлыг газрын зурагт тодорхой болгон дээрх тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, газар усны нэрийг өөрчлөх асуудалд тун болгоомжтой хандах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа дурдаад, байнгын хорооны зүгээс энэ тал дээр анхаарлаа хандуулах мөн соёлын өвийг бүртгүүлэх талаар Улсын Их Хурал дэмжин ажиллаж холбогдох яаманд чиглэл өгч ажиллахаа илэрхийлсэн.
Уулзалтын үер эрдэмтэн судлаачид, холбогдох албаны хүмүүс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх тогтоолын төсөлд нэр томьёоны хувьд техникийн алдаа гарсан хэмээн үзэж, төсөлд газрын зурагт албан ёсоор тэмдэглүүлэх солбицолыг тодорхой тусган нэрийг нь өөрчлөх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа Байнгын хорооны даргад уламжиллаа.
Мөн уулзалтын үеэр судлаачид, олон үндэстэн, ястанууд амьдардаг хязгаар нутгуудад газар, усны нэрийг хэл аялагатаа тохируулан өөрчлөх, зарим тохиолдолд казах, тува нэрээр нэрлэх явдал түгээмэл байгааг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дарга Ц.Гарамжавд дуулгаад, энэ нь тодорхой хугацааны дараа газар нутгийн маргаан үүсэх эрсдэл үүсгэх үр дагавартайг онцлон хэлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Улаанбаатар эрдэм их сургуулийн профессор, Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн үндэсний хорооны дарга Н.Уртнасан “Аливаа газар, нутгийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийн тулд судалгаа шинжилгээний багийг 3-4 удаа томилон ажиллуулах шаардлагатай байдаг. Одоогоор манай улсад дэлхийн өвд бүртгүүлэх шаардлагатай 13 газар байгаагийн 5 нь байгалийн өвд хамаарах юм. Харин санхүүжилт, хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн энэ ажлыг хийх боломжгүй байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан учраас зөвхөн Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлэх ажлын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэж өгсөн. Мөн дэлхийн соёлын өвд бүртгүүлэхдээ Дэлхийн өвийн захиргаатай байх шаардлага тавигддаг. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдвэрлэх тал дээр Улсын Их Хурал хамтран ажиллахыг хүсье” гэв.
Эх сурвалж :
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа