Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдвээр сэтгүүлчидтэй уулзан үг хэлж, тэдний асуултад хариулав.
Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийж зөвлөмж гаргасан билээ. Зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр сэтгүүлчид, төрийн болон ТББ, иргэд, олон нийт хэрхэн хамтарч ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр ийнхүү уулзалт хийсэн юм.
Уулзалтад УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, УИХ-ын БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлэхдээ “Телевизийн шууд дамжуулалтыг үзэж байгаа нийт иргэдийнхээ болон энд хүрэлцэн ирсэн хэвлэл, мэдээллийн төлөөллийн энэ өдрийн амгаланг айлтгая.
Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлыг өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаанаараа авч хэлэлцсэн. Төрийн ордны “Чингис хаан” танхимд хуралдааныг хийсэн. Үүнд УИХ-ын удирдлага, байнгын хороодын удирдлагууд, Засгийн газрын төлөөлөл, Ерөнхий сайд, сайд нар, ҮАБЗ-ийн ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнууд, орчны бохирдолтой тэмцэх чиглэлээр ажилладаг БОАЖ болон бусад яамд, агентлагийн ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон. Мөн Нийслэлийн удирдлага оролцсон. Орон нутгаас зарим хүнийг урьж оролцуулсан. Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага, орчин, агаарын бохирдлын асуудлаар хамтарч ажилладаг байгууллагууд, ТББ, хэвлэл, мэдээллийн төлөөлөл гээд нийт 12 нийгмийн хэсэг, бүлгийн өргөн төлөөлөл орсон. Энэ хурлыг ажил хэрэгч болгох гэж шууд дамжуулаагүй. Ийм хурал хийхээр төлөвлөж байсан. ҮАБЗ-ийн хурлыг жижиг өрөөнд, тусгайлсан бүрэлдэхүүний хэмжээнд хийдэг. Харин өчигдрийн хурлыг өргөтгөж хийсэн нь тавигдаж байгаа асуудал нь Монгол Улсын иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй холбогдож гарч байгаатай холбоотой.
ҮАБЗ-ийн тэргүүний хувьд би өнөөдөр нийт иргэд, хэвлэл, мэдээллийн төлөөлөлд энэ хурлаас ямар шийдвэр гарав. Та бүхэн ямар дүгнэлт гаргаж байгаа юм. Цаашдаа ямар ажил, үйл ажиллагаа хийх гэж байгаа юм бэ гэдэг талаар мэдээлэл өгье гэж та бүхнийг цуглуулсан юм.
ҮАБЗ хуралдаад зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж ямар утгатай вэ гэхээр Үндсэн хуульд “ҮАБЗ-ийн шийдвэр зөвлөмжийн хэлбэрээр гарна” гэж бичсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлээд тодорхой зүйл дээр шийдвэр гаргана, үг хэлнэ гэдэг бол Ерөнхийлөгчийн шийдвэр, Монгол Улсын байр суурь болдог. УИХ-ын дарга, Ерөнхий сайд оролцсон. Өчигдөр би өөрийнхөө фейсбүүк, твиттер дээр маш тодорхой тавьсан. Та бүхэн өмнө бараг харж байгаагүй байх. Зөвлөмжид Ерөнхийлөгч тамгаа дараад гарын үсгээ зурсан, Ерөнхий сайд тамгаа дараад гарын үсгээ зурсан, УИХ-ын дарга тамгаа дараад гарын үсгээ зурсан байгаа.
Энэ гурван чиглэлийн байгууллага, үүнээс цааш шийдвэр гаргадаг бүх байгууллага үүнийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй болж байгаа юм. ҮАБЗ-ийн зөвлөмжийг гаргахдаа бид Үндсэн хуулиа барьж үндэслэлээ гаргасан.
Хэвлэл, мэдээлийнхний эхний асуулт бол “Улаанбаатар руу орж ирэх хөл хорьж байна. Энэ Үндсэн хууль зөрчиж байгаа юу. Та юу гэж бодож байна” гэсэн байна.
Үндсэн хуульд байдаг хамгийн гол үндсэн эрх бол Монгол Улсын иргэд амьд явах эрхтэй. Дээрээс нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж байдаг. Улаанбаатар хотын орчинд амьдарна гэдэг бол аюултай орчин болж байна. Эрүүл орчин биш. Аюултай орчин байгаа бол энд хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Энэ бол Үндсэн хуулийн дагуу авч байгаа арга хэмжээ. ҮАБЗ, УИХ-аас гаргасан, тэдний гол барьдаг нэг баримт бичиг бол Аюулгүй байдлын үзэл баримтлал гэж байдаг. Энэ зүйлүүдэд нийцүүлж гаргасан.
Өчигдөр би хотын дарга, УИХ, Засгийн газар дээр шийдвэр гаргахдаа та бүхэн ҮАБЗ-ийн энэ зөвлөмжийг үндэслэж шийдвэр гаргаарай гэсэн. Асуудлыг ҮХЦ, хууль, шүүхийн байгууллага авч хэлэлцэхдээ ҮАБЗ-ийн энэ зөвлөмжийг үндэслэж шийдвэр гаргана. Энэ зөвлөмж өөрөө Үндсэн хуульд нийцсэн, нийт иргэдийн эрх ашигт нийцсэн зүйл шүү гэсэн. Үүн дээр маргаангүй болох хэрэгтэй. Нэг асуудал дээр ч гэсэн бид биенээ доош хийхгүй, янз бүрийн асуудлаар хийж байгаа ажил, гаргасан санаачлагаа унагахгүй явмаар байгаа юм.
Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшгийг гамшиг гэхгүй юм бол, аюул гэхгүй юм бол юуг аюул гэх юм бэ? Үүнд төрийн бүх байгууллага үйл ажиллагаагаа нийцүүлэхгүй бол юунд бид үйл ажиллагаагаа нийцүүлэх юм бэ?
“Утааны үеийнхэн” гэсэн бүхэл бүтэн үеийнхэн бий болж байна шүү дээ, Монголд. Эрүүл мэндээрээ хохирсон, ирээдүйгээ алдсан үе.
Улаанбаатарт иргэд орж ирэхдээ амьдрал хөөж, аятайхан амьдрах гэж ирсэн шүү дээ. Түүнээс биш эрүүл мэндээрээ хохирох гэж, үр хойчийнхоо эрүүл мэнд, генд уламжлагдаж үлдэх эрүүл мэндийн үр дагавартай болох гэж орж ирээгүй. Шууд нэвтрүүлэг үзээд хүмүүс сэтгэгдэл бичээд эхэлж байгаа байх.
“Ерөнхийлөгч үүнийг долоон жилийн өмнө ярихгүй яасан юм бэ. Одоо л сэрч байгаа юм уу. Үүнийгээ тэр үед хэлж байхгүй яав аа” гээд бичиж байгаа байх. Зарим нь энд толгой дохиж байна. Ийм амархан мартамхай байхгүй юү, та бүхэн.
Би 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод “Улаанбаатар бол хүн амьдрахад аюултай хот боллоо” гээд Ерөнхийлөгчийн хувьд анх удаа хэлж байсан. Энэ асуудлыг хүмүүсийн анхааралд оруулна, анхаарлын төвд оруулна гэдэг ийм урт удаан хугацаатай байсан. Манай хүмүүс агаар нь жаахан сийрэгжээд, салхи гарахаар утаагаа мартдаг. Салхитай өвлийн өглөө утаагаа мартдаг. Цагаан сараа тэмдэглээд, 4,5 дугаар сар болоод, дулаараад ирэхээр утаагаа мартдаг.
УИХ-ыг шахаж байж Агаарын бохирдлын төлбөрийн хуулийг 2010 онд гаргасан. Агаарын бохирдлоос төлбөр авна гэдгийг чинь одоо ярьж байгаа юм биш. 2010 онд энэ хуулийг гаргасан. Бүр Засгийн газрыг шахаж байж, “Яндангаас төлбөр авдаг болооч. Агаар бохирдуулж байгаа объект, субъектуудтай хариуцлага тооцдог болооч” гэж байж гаргасан.
Зөвхөн Улаанбаатарт биш, НҮБ-ын Байгаль орчны асуудлаар болсон зөвлөгөөн дээр очиж Монгол Улс энэ асуудлыг тавьж байсан. Давосын жил бүхний чуулган дээр би энэ асуудлыг ярьдаг байсан. 2011 онд намайг НҮБ-ын Байгаль орчны шагналаар шагнаж байсан шүү дээ. Дэлхийн агаарын бохирдлын асуудлаар хамгийн их санаачилга гаргаж байгаа Ерөнхийлөгч гэж шагнасан. Та нар сонсоогүй байж магадгүй. Үгүйсгэдэг. Тэгэхээр ингэж эхэлж явсан юм.
Ингэж явж байж бүс нутгийн хэмжээнд, үндэсний хэмжээнд энэ асуудлыг хүмүүсийн анхааралд оруулах гэж бид нар зүтгэсэн. Үүн дээр аль аль үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд, сэтгэл зүтгэлтэй хүн бүхэн хамтарч ажилласан.
Бүр болохоо байгаад 2011 оны 1 дүгээр сарын 14-нд ҮАБЗ-ийг анх удаа зөвхөн нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар хуралдуулсан. Тэр үед хурал хийх гэхээр “Агаарын бохирдол гээд сүржигнээд байхаар юм байгаа юм уу. Хойгуур Дэнжийн 1000, Зурагт, Баянхошуу гээд хэсэг газар л их утаа бий боллоо. Бусад газар гайгүй л байна” гэсэн л хандлагатай байсан шүү дээ.
Хэвлэл, мэдээлэл хүртэл үүнийг тоож бичдэггүй байсан юм. Тоож гаргадаг хэвлэл, сэтгүүлч, түүний хойноос явдаг хүмүүс их цөөхөн байсан. Өөр юмны хойноос л явдаг байсан шүү дээ. Юун тэр үед твиттер, фейсбүүкээр энэ тухай бичих. Тийм тухай асуудал байгаагүй.
Засгийн газар хууль санаачилъя, УИХ хууль санаачилъя гэхээр санаачлах хүн олдохгүй. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг би Ерөнхийлөгчийн хувьд санаачилъя. Энэ санаачлах эрхийг ҮАБЗ-ийн зөвлөмжид оруулаад өгөөч гэж гуйж байж тэр эрхийг би авч байсан. Тэгээд Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг 2010 онд УИХ-ын даргаар Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд Сү.Батболд байхад оруулж хэлэлцүүлж байсан. Тэр дотор Үндэсний хороо байгуулъя гэхэд тэр хороог хариуцах хүн олдохгүй байсан. Бүр болохгүй бол Тамгын газрын даргаараа хариуцуулъя гээд П.Цагаан дарга 3 жил Үндэсний хорооны даргаар ажилласныг санаж байна уу?
Ерөнхийлөгчийн Тамгын газарт юм уу, Ерөнхийлөгчид ямар ч ийм үүрэг байхгүй. Ийм төсөв ч байхгүй. Ерөөсөө ийм санаачилга гаргах шаардлага ч тэнд байгаагүй. Гэхдээ ард иргэдийн амьдрал, байж байгаа нөхцөл байдал дээр үнэхээр ингэж манлайлал үзүүлэхээс өөр аргагүй байсан шүү дээ.
Тэгээд жил бүхэн “Энэ Үндэсний хороог Ерөнхий сайд ахладаг болооч. Засаг энэ рүүгээ анхаараач” гэсэн шаардлага тавьдаг байсан. Тэгээд 2013 оны 12 дугаар сард дахиж хуульд өөрчлөлт оруулж байж гүйцэтгэх засаглалын хэлбэр рүү шилжсэн юм. Мартсан байх даа.
“Та нар дороос нь утаагаа харахгүй бол дээрээс нь хар даа” гээд би 2010,2011 онд нисдэг тэргээр ҮАБЗ-ийн Ажлын алба, хэвлэл, мэдээллийнхнийг суулгаад Улаанбаатарыг харуулж байсан. Ямар юман дотор амьдарч байгаагаа харчих даа гэж тэгсэн. Хүн алсаас харахаар юм харагддаг юм. Тагтан дээр гараад харахад, Зайсан дээр гараад харахад харагддаг гэдэг шиг. Тэгээд “Цэвэр агаар” сан байгуулъя гээд ажилласан.
Дутагдал бол гардаг. Ядуу иргэдийн нүүрсний асуудал, утаа гээд нөгөө талд нь ашгийн муухай үйлдлүүд явдаг. Гэхдээ л энэ чиглэлд ажил хийгдсэн. Хэчнээн олон арван мянган айл олон улсын байгууллага, төсвийн мөнгөөр дамжуулж гэрээ дулаалсан бэ. Би гэрээ дулаалж байгаа тэр олон айлаар орж байсан. Баярлаж байсан шүү. Дан бүрээстэй Улаанбаатарт өвөлжинө гэдэг хэцүү. Дал, наян мянгаараа хүмүүс авсан. Бид “Хас” банкнаас авахуулаад банкны үйлчилгээ, зээлд хүртэл оруулж өгсөн. Одоо та бүхэн 100 хэдэн мянга ч билээ, зуухны тоо сонсож байгаа. Зуух байтугай утаа саагсан юманд гал түлдэг байсан шүү дээ. Нэг хэсэг 2014,2015 оны үед арга хэмжээ аваад ирсэн. Олон улсын байгууллага, хөндлөнгийн хэмжилтүүдээр энэ энэ хэсэгт утаа буурч байна гэж гарч байсан шүү дээ. Энэ үйл ажиллагаа тогтвортой, тууштай яваагүй л болохоос биш.
Одоо бид сэрч байгаа юм биш. Утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан. Өчигдөр би дарга нарт хэлж байсан. Өрөөндөө орж ирээд өрөөнийхөө ширээг та нар эмнэлгийн ширээ, эмнэлгийн ор гэж хараач. Тэр утаанаас болоод өвдсөн хүүхэд тэр ширээн дээр чинь байна гэж хар. Өрөөгөө онгойлгохдоо би эмнэлгийн өрөө рүү орж байна. Шалан дээр хүүхэд хэвтэж байна гэж хар даа та нар.
Би 6 жилийн өмнө “Утааг зүрхэндээ хар л даа” гэж хэлж байсан. Та нар мартсан байх аа. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хийх, хэлэх ёстой үг л гэж бодож байгаа. Ингэж хэлнэ гэдэг бол хийхийн тал. Хэлнэ гэдэг бол хийхийн эхлэл. Ийм хууль гаргуулах руу шахаад, ийм зөвлөмж гаргуулах руу шахаад явна гэдэг бол үйлдлийн эхлэл. Шийдвэр чинь үйлдлийн эхлэл шүү дээ. Энэ шийдвэрийг гаргахад улстөрчид дуртай байдаггүй юм. Та нар ч энэ хурлын дараа, хоёр, гурван сарын дараа утаанаас өөр юм руу анхаарлаа хандуулж эхэлнэ. Тэгэх л юм бол энэ унана шүү.
Би энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд үг хэлж байсан. Та нар санаж байна уу? Утаатай холбоотой, “Бат-Үүл ээ, буруу рультэй машин гэж юу яриад байна” гээд. НИТХ-ыг тусад нь хуралдуулаад би орж ярьж байсан шүү дээ.
Хэдүүлээ үүн дээр аль нэгийгээ доош хийж, өмнөх ажлаа үгүйсгэж, одоо сэрлээ, бослоо гэдгээ больё. Яг утааны гамшиг бол монголчуудын өөрсдийн тарьсан гамшиг. Үүнийг ойлгооч. Тэр утаа гаргаж байгаа зуухны ард тоо суугаагүй. Хүн сууж байгаа юм. Нэг аав сууж байгаа. Нэг ээж сууж байгаа. Нэг эмээ сууж байгаа. Галаа түлж байгаа эмэгтэй сууж байгаа. Нэртэй, устай, зүстэй хүн сууж байгаа. Зуун хорин хэдэн мянган өрх, тэдэн мянган хүн л гээд байгаа. Тоо яриад байна. Түүний чинь цаана хүн сууж байгаа. Одоо бүгдээрээ хариуцлагатай болъё. Ерөнхийлөгчөөсөө эхлээд хариуцлагатай болъё л доо. Хаймар, хог хаягдал оруулж ирээд түлж байгаа иргэний сэтгэл нь өвддөг баймаар. Би нэг юм хэлэх гээд байгаа юм. Хүн ер нь юунаас болж муу үйлдлээ өөрчилдөг юм бэ? Бусад нь түүнийг мэдвэл өөрчилдөг.
Манай гудамжинд 20 айл байхад 7 нь ерөөсөө утаа гаргахгүй цахилгаанаар бүх халаалтаа шийдээд, дулаалгаа авсан гээд. Хэвлэл мэдээллийнхэн харж байгаа, очиж сурвалжилж байгаа. Тийм айл олдож байгаа шүү дээ. Хажууд нь түүхий нүүрс түлээд сууж байгаа бас арваад айл байгаа. Гэтэл 3 айл хог хаягдал, хаймар түлээд сууж байгаа.
Телевиз бүхэн Улаанбаатарын хороотой, хэсэгтэй, хашаатай, тэнд байгаа хорооны дарга нартай гэрээ байгуул л даа. Бүгдээрээ үүний төлөө ажиллая л даа. Телевиз бүхэн шөнийн дуудлагатай байя. Утсаар өгдөг дуудлагатай болчихооч дээ. Манай нутаг дээр хэн өвдөв гэдэгтэй адил та нар оч л доо. Энэ хэдэн эмчийг муулаад суугаад байхаар. Манай хэвлэлийнхэн өөрсдөө дуудлагын түргэний эмч шиг ажилла л даа. Тийм сурвалжлагчтай болчих л доо. Хэцүү байгаа юм уу, тийм ээ?
Хороо бүхэн рүү, хэсгээр нь фейсбүүкийн группээр орчихооч дээ. Хоол хийдэг, хоол сонирхдог ээжүүдийн групп байж байна. Болж байна. Гоо сайханы бүтээгдэхүүн худалдаж авдаг ээжүүдийн групп байж байна. Болж байгаа биз дээ. Та нар өөрсдөө үүсгээд хамрагддаг шүү дээ. Хороодыг бүгдийг бүртгээд оруулчих. Хүн бүртгэлд ороод мэдэгдээд ирэхээрээ үйл ажиллагаагаа зогсоодог.
Энэ худлаа болно гэж та нар бодоод байна уу. Энэ үйлдлийг хийхгүй л байгаа юм. Иргэний журамт үүрэг гэж байна. Хүн буруу, болохгүй үйлдэл хийж байгаагаа мэдвэл их ичдэг. Ичсэн хүн үйлдлээ өөрчилдөг. Дээр нь иргэдэд боломж олгоё.
Иргэдийн хямд гэж үздэг Багануур, Налайхын нүүрс бол түүхий, маш их хар утаа гаргадаг нүүрс байгаа юм. Одоо аяндаа Засгийн газар УИХ руу асуудлаа оруулна. Засгийн газар мөнгөө тавиад шийдэх хэрэгтэй. Монголд сайн чанартай нүүрснээс илүү юм байхгүй. Урагшаа угаагаад гаргана, гаргахгүй гээд хэрэлдээд байх юм. Зарим тэр угааж байгаа сайн чанартай нүүрсээ Улаанбаатартаа түлье л дээ. Манай иргэдийн гэр хороололд хэрэглэж байгаа нүүрснээс хэд дахин хямд, илчлэг нь хэд дахин илүү, хатуулагтай, утаанаас ялгардаг бодис нь хэд дахин бага байгаа шүү дээ.
Ерөөсөө 600 мянган тонн нүүрс л Улаанбаатарынхан түлж байгаа. Зургаан сая, 12 саяар нь зөөдөг биз дээ. Төвлөрсөн цахилгаан станцууд саяар яригдах тонн нүүрс түлдэг. Гэр хорооллын хэрэгцээ тийм их биш. Шийдэхийн аргаүй асуудал энэ бол биш. Тавантолгойн нүүрсийг Даланжаргалан, Хар-Айраг, Чойр руу машинаар зөөж ирээд наашаа төмөр замаар зөөхөд хөнгөлөлт үзүүлээд, тийм аж ахуйн нэгжүүдтэй ажиллая. Тавантолгойн тэр яриад байгаа тендэрийн нөхцөлд оруул л даа. Өмнө нь үүнийг оруулаад, шийдээд бүх зүйлийг хийгээд явж байсан шүү дээ. Нүүрснээс их юм байхгүй. Монгол газгүй орон гэдэг. Нүүрс байгаа газар метаны хий байдаг. Тэр метаны хийг нааш нь тат л даа. Түүнийг савлаад оруулаад ир. Түүнийг хоолойгоор татахад асуудал байхгүй.
Хүн үүнийг сэтгэл зүрхэндээ аваад юм хийе, үйлдэл хийе, үр дүн гаргая гэвэл шийдэхэд хүнд асуудал биш. Ийм зүйлийг та нар шаардахгүй байна шүү дээ. Ийм юмны талаар манай олон нийтийн оюун санааны манлайлагч нар олж харахгүй байна шүү дээ.
Хүний билгийн нүд яагаад нээгддэггүй вэ гэхээр сэтгэлийн нүд чинь нээгдэхгүй байна. Сэтгэлийн нүд яагаад нээгдэхгүй байна гэхээр сэтгэл, зүрхээрээ зовохгүй байна. Зовж байж магадгүй. Гэхдээ шийдэл хаана байна?
Бүгд л зовж байгаа. Ийм хэмжээнд бид энэ асуудлыг оруулж ирж байж өнөөдөр ярьж байгаа юм. Би Ерөнхийлөгчийн хувьд үнэхээр ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж, үүний газрын зургийг тодорхойлж явах хэрэгтэй болж байгаа.
Зөвлөмж, гарах арга хэмжээнүүдийн талаар би та бүхэнд тодорхой танилцуулна.
Эхний ээлжинд бүгдээрээ нэг нэр томъёо тогтож авмаар байгаа юм. Өчигдөр ҮАБЗ-ийн хурлаар гурван асуудлаар Монгол Улсын шийдвэр гаргадаг дээд түвшний бүх байгууллага, албан тушаалтнууд маш тодорхой ойлголттой, нэг байр суурьтай боллоо. Энэ бол их зөв.
Нэгдүгээрт, Улаанбаатарын агаар, орчны бохирдлыг гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Нэгэнт гамшиг гэж үзэж байгаа бол гамшгийн бүс дээр тодорхой үйл ажиллагаа явуулна. Газар хөдлөөд, өөр юу байдаг юм, гамшигтай үйл ажиллагаа болоход хязгаарлалтын бүс тогтоодог шүү дээ. Энэ бүсээ тодорхойл. Энэ ажил руу Улаанбаатар хот, Засгийн газар, яамд хамтраад орох хэрэгтэй. Нэгэнт гамшгийн бүсээ тодорхойлсон бол тэнд хориглох, хийх үйлдлээ тодорхойлно. Энэ нь өөрөө эрх зүйн үр дагавартай.
Тэгвэл шилжин ирэлтийг хориглох юм байна. Одоо хориглох үндэслэлтэй болчихож байгаа юм. Үүнийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр тодорхойлоод өгчихлөө. Эрхзүйн үндэс нь тавигдлаа. Бий боллоо. Дараа нь энэ чиглэлээр хуульд өөрчлөлт орно. Шилжин ирэхгүй, яндан нэмэхгүй, хог хаягдал шатаахгүй. Одоо эндээс үр дагавар гарч ирнэ. Тэр гамшгийн бүсэд гамшиг нэмэх үйл ажиллагаа явуулж байгаа бол хариуцлага тооцох үр дагавар гарна. Манай олон нийт бүгд шаардаж байгаа. Энэ үндсийг бий болгож өгч байгаа.
Хоёр дахь, хамгийн сайн шийдсэн зүйл бол нэгэнт гамшгийн бүс гээд зарлачихсан юм бол Засгийн газраасаа авахуулаад хот, ажил хариуцаж байгаа хүмүүс онцгой горимоор ажиллая. Гамшгийн бүс онцгой горимоор ажилладаг шүү дээ. Түүнээс биш өглөө 8 цагт ирээд, орой 8 цагт буцаад юм уу, зүгээр нэг шийдвэр гаргаад, төсвийн хэдэн төгрөгөө тараагаад, өрөөндөө орж ирж хар цай ууж компьютер дээрээ сошиал медиа руу ороод л, утсаа маажиж сууж байгаад явдаг биш. Албан тушаалтнууд наад зах нь бүгдээрээ онцгой горимоор ажилладаг болъё гэж байгаа.
Нэгэнт онцгой горимоор ажиллая гээд гамшгийн бүсэд бид бүгдээрээ орж байгаа учраас аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллага, хот, иргэд бүгд ийм болъё. Одоо онцгой байдлаар ажилладаг бүтцээ бий болгоё. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гэж байдаг. Үүний нэрийг өөрчилье. Нэрнээс үйл ажиллагаа нь явдаг. Яаж өөрчлөх нь ҮАБЗ-ийн зөвлөмжид тусчихсан. Орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын Үндэсний хороо гэж нэрлэнэ. Үүнийг Ерөнхий сайд ахалж байгаа. Нэгэнт онцгой байдлын Үндэсний хороог ахалж байгаа бол Засгийн газраас гарах бүх үйл ажиллагааны тэргүүн эгнээнд орчны бохирдлын асуудал босч ирэх ёстой. Төр ингэж ажиллах ёстой. Энэ ойлгомжтой байхгүй бол бидний ажил цаашаа явахгүй. Нэгэнт онцгой байдлын горимоор ажиллах болсон учраас иргэд хариуцлагатай болно.
“Би эрхтэй” гэж энд ардчилал ярихаа больё. Гамшгийн бүсэд ардчилал яриад байх юм байхгүй шүү дээ. Мэдэгдэл хийгээд “Би ингэж бодож байна. Чи ингэж бодож байна” гээд улс төр хийгээд байх юм байхгүй. Тодорхой эрхүүд хязгаарлагдана. Төрийн зүгээс шийтгэл хүлээлгэнэ. Үндэсний хорооны шийдвэр биелүүлэхгүй бол шийтгэл хүлээлгэх эрхтэй болчихож байгаа юм. Түүний дагуу хууль, шүүхийн байгууллагууд тэгж ажиллах эрхтэй болно.
Эндээс ашиг хийх гэсэн, үүний цаана нураах гэсэн хандлага гарч болно. Манайд юмыг нураахаас биш, юм бүтээнэ, асуудлыг шийднэ гэж явдаг сэтгэхүй их дордсон шүү дээ. Энэ бол нэлээд удаан хугацааны ажил. Нэлээд хэцүү, байнга хийх ажил. Эрхзүйн орчин бүрдүүл гэдэг нь хуулиа, бүх орчноо энэ рүү оруул гэж байгаа юм.
Гамшгийн түвшнээ тодорхойлно. Гамшгийн түвшин гэхээр ийм үр дагавар гарна гэх мэт болгоомжлолууд бий. Үүнийг нураах арга бол мөнгө төгрөг нэхдэг, ямар нэг байдлаар үүнийг ашиглах гэсэн хандлага гарвал энэ нурна шүү. Үүнийг битгий хийж үзээрэй. Эхлээд утаанаасаа салъя.
Өчигдрийн хурлын мэдээг сонсоод хүмүүс ингэж ярьсан. Утаанаас л салгаж өгч байвал ямар ч ажлыг дэмжсэн яах вэ гэж байгаа. Тийм биз дээ?
Миний хүүхэд утаагүй орчинд амьдрах боломж бүрдэж байвал юун тэр мөнгө цаас, юун тэр нөхөн олговор. Хүүхдийн мөнгө төгрөг, эхчүүдийг тэгье, ингэе гэх зэрэг. Тийм биз дээ, ер нь?
Зарим нэг арга хэмжээ авч болно. Гэхдээ энэ рүүгээ хазайдаг шүү, манайхан. Ингээд энэ чинь юу ч биш болно.
Гурав дахь гол ярьсан зүйл бол нэгэнт гамшгийн бүс зарлалаа. Онцгой горимоор ажиллана. Гамшгийн бүсээс яадаг вэ? Нүүдэг. Нүүлгэн шилжүүлэлт хийдэг. Тэр бүсээс хүмүүсээ гаргадаг. Аюултай орчноос аюулгүй орчин руу нүүнэ. Энэ дээр дөрвөн уулын дундаасаа гарч сэтгэмээр байгаа юм. Монголын хэмжээнд сэтгэ л дээ.
Би хэзээ ч Ерөнхийлөгчийн хувьд, Ерөнхийлөгч болоод хэлж байгаагүй. “Улаанбаатар амьдрахад сайхан байна. Хүрч ирээч” гэж би хэзээ ч хэлээгүй. “Улаанбаатар амьдрахад аюултай хот боллоо шүү. Улаанбаатар руу битгий зүглээрэй” гэж би хэлж байсан. Би энэ үгийг 6 жилийн өмнө, 7 жилийн өмнө хэлж байсан. Аюултай орчноос нүүж гардаг юм. Хүмүүс аятайхан газар амьдарна. Хүүхэд сургуультай болно. Боловсролтой болно. Эрүүл мэндийн байгууллагад дөхөж байна. Хэдэн хүүхдээ бараадаж байна гээд ирсэн чинь хүүхэдтэйгээ хамт гамшиг руу, тахлын голомт руу ороод ирж. Утааны тахлын голомт руу ороод ирсэн байна.
Та нар утаа гэж бодоод байх юм. Улаанбаатар 100 гаруй жил энд байрлаад, гэр хороолол үүсээд, задгай жорлонгоор хөрс бохирдсон. Хөрс бохирдохоор ус бохирдож байгаа юм. Цаашаа дахиад 30-60 жил нөхөн сэргээлт хийхгүйгээр дахин бүтээн байгуулалт хийх тухай асуудал байхгүй. Яг энэ орчинд бол. Үүнийгээ одоо ойлгомоор байна. Улаанбаатарыг тойрч байгаа аймаг, сумд нүүлгэн шилжүүлэлтэд бүгд оролцмоор байгаа юм.
Би хэлээд байгаа юм. Улаанбаатарын газрын цэсийг Төв аймгийн газрын цэсээр тогтоомоор байна. Одоо манайд сумд хилийн цэс гэж аваад, аймаг хилийн цэс гэж аваад гаднаас орох гэхээр бөөн мөнгө нэхсэн, тийм л байгаа.
Монгол юугаар баялаг орон бэ? Нэг хүнд ногдох газар, нутгаараа шүү дээ. Үүнийгээ л ашиглая л даа. Төв аймгийн сумд шийдвэр гаргаад, газраа зааж өгөөд, энд ирээд эмнэлэг барь. Энд ирээд аж ахуйн нэгжээ байгуул. Энд ирээд үйлдвэрээ байгуул. Энд ирээд үйлчилгээгээ байгуул. Энд ирээд худалдаагаа хий. Манай газар 15 жил, 20 жилээр үнэгүй гээд аймгууд уралдаж байх хэрэгтэй. УИХ-ын ордныг энд ирээд барь.
Энэ миний санал байсан. ҮАБЗ-ийн шийдвэр дээр жаахан хойшлуулъя гэсэн. Санал яг тохирч гарын үсэг зурдаг учраас тэгсэн. Энэ асуудлыг 2005 онд би Ерөнхий сайд байхдаа гаргаж, Хархорум хотыг жишиг хот болгон хөгжүүлэх тухай Үндэсний хөтөлбөр гэж санаачилж оруулж байсан.
Тэр үеийн УИХ-ын дарга Н.Энхбаяр захирамж гаргаж, бид хоёр хамтарч ажиллаж, Хархорум хотод жишиг хот байгуулах суурь тавьж, Соёмбын хөшөө барьсан. Та нар мэдэх байх. Газрыг нь гаргаад, цэсийг нь тогтоогоод, бүх юмыг нь хийсэн шүү дээ.
Нүүх цаг болсон. Улаанбаатар руу чихэж болохгүй гэдгийг аль 12-13 жилийн өмнө төрийн дээд түвшинд, Б.Чимид гуай амьд сэрүүн байхдаа ажлын хэсэгт ороод, манлайлаад хуулийг нь аваад явдаг байсан.
УИХ дээр орж ирээд, улстөржиж ярьж байгаад шийдэж чадалгүй нээлттэй орхисон асуудал. Та нар бод доо. Одоо хийх цаг болсон.
Үнэхээр л улстөрчид эр зоригтой юм бол УИХ хуралддаг ордон Улаанбаатарын төвөөс гарахад маш олон зүйл гарна. Маш олон зүйл эрүүлжинэ.
Ер нь хамгийн том төвдөө биш, засаг захиргааны төв нэгжүүд байдаг хотууд цомхон байдаг ийм чиглэл рүү хүн төрөлхтөн явж байгаа. Аливаа үндэстэн нүүлгэн шилжүүлт, шилжилтийг боломж гэж хардаг. Яагаад боломж гэж хардаг гэхээр ийм том төсөл гаргаж ирэхээр бизнес бүхэн, хүн бүхэн оролцдог, улсын эдийн засаг тэлдэг.
1990 оны хувьсгалаар зах зээлийн эдийн засагт орсон болохоор Монголын эдийн засаг тэлсэн. Кеннеди Ерөнхийлөгч сар руу манайх ниснэ гэж хэлсэн. Түүнээс хойш АНУ-д гарсан шинэ нээлтийн 70 хувь нь сар руу ниснэ гэсэн тэр мөрөөдлөөс шалтгаалж, шинжлэх ухаан, улс орны эдийн засаг нь тэгж сэргэж байсан байдаг юм.
Нийслэлээс төрийн захиргааны төв байгууллага нүүнэ. Шаваа тавьж эхлэлээ гэдэг чинь л тэр рүү явах зам баригдаад эхэлнэ, төмөр зам баригдана, дэд бүтэц баригдаад эхэлнэ. Түүний цаадах нь бүгдээрээ бизнес юм. Бүгдээрээ боломж , ажлын байр юм.
Яг үнэндээ Улаанбаатарт хүмүүс цуглаад байгаа нь ажлын байрны төлөө юм. Гараад тамхи ширхэглэсэн ч гэсэн хүн нь олон юм даа гэж ирж байгаа. Сумын төв дээр тамхи ширхэглэх юм бол авах хүн цөөхөн. Тэгэхээр тэр хүмүүс ажлын төлөө, мөнгөний төлөө ирж байгаа юм. Орлогын төлөө, амьдрахын төлөө шүү дээ.
Одоо Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийх биш, Улаанбаатараас уралдаж гарахад хөрөнгө оруулалт хийх энэ уралдааныг л бий болгох хэрэгтэй. Тэр урамшууллыг бий болгох хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулалт явж байгаа. Та бүхэн мэднэ, Улаанбаатарын эргэн тойронд амралт сувиллын газар хэчнээн олон болж байна. Жирэмсэн эхчүүд, хүүхэдтэй хүмүүс тэр рүү очиж байгаа. Булган аймгийн нутаг, Хэнтий аймгийн нутагт, олон газар иймэрхүү зүйлүүд байгуулагдсан.
Тэртэй тэргүй тэлээд явж байгаа ухаантай шиг, ухамсартай, билгийн нүдтэй Засаг дарга, аймгийн, сумын Иргэдийн Хурал аль дээр үед үүнийг олоод харчихсан байгаа. Түүнийг л ярь л даа. Монголын хэмжээнд харъя. Ийм уудам нутагтай байж гурван хүний нэг нь хордоод сууж болохгүй.
Би бас нэг юм хэлье. Авлига Монголыг муухай харагдуулж байна гэж би хэлдэг байсан. Утаа бол Монголыг муухай харагдуулдаг яг адилхан хүчин зүйл.
Улаанбаатарын хөрөнгө оруулалт гээд засаг ярьж байгаа биз дээ.Энд ирээд ямар гадаадын хөрөнгө оруулагч амьдах юм бэ? Хүүхдийн эмнэлэг, бүх дэд бүтцээ хардаг шүү дээ. Эрүүл амьдрах аргагүй газар шүү дээ. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар үр ашигггүй хот болчихсон. Үр ашиггүй гэхээр хөрөнгө оруулалт хийгээд хийгээд нэмэргүй. Улаанбаатар ирээдүйгүй хот болж байгаа юм. Эндээс үр дүн гарахгүй, ирээд амьдарч байгаа хүмүүс нь хордоод байгаа.
Та бүхэн бодож магадгүй, гэр хороололд хордлого яваад байна гэж. Энэ агаарын олон жилийн исэл чинь Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн ам, бүх газар очиж байгаа. Бүгд энэ хордлогыг авч байгаа. Утаанаас гадна нарийн харагдахгүй байгаа агаарын исэл чинь зун хадгалагдаад байгаа юм.
Бас нэг гай нь Улаанбаатарын эргэн тойрны ногоон байгууламж агаарын бохирдлыг шүүж чадахаа байсан. Одоо энэ моднууд өнгө нь ногоон боловч үхсэн мод болсон. Шүүх чадваргүй болсон. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатарын уушги, байгаль өөрөө хүчрэхээ больсон. Хүн нь биш, байгаль өөрөө хүчрэхээ больсон.
Ийм юмыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд бодож байж ийм үг таны толгойд ордог. Тийм биз дээ. Бодохгүй бол саяын яриад байгаа зүйл орохгүй. Үүгээр дамжуулж бид төрийн байгууллагуудыг цочроох хэрэгтэй.
Улаанбаатараас хамгийн түрүүнд гарч болох Засгийн газрыг үргэлж шахаж байгаа. Өчигдөр би Зам, тээврийн сайдтай уулзаж хэлсэн. Улаанбаатарын өмнүүр явж байгаа төмөр замаа маш хурдан тавих хэрэгтэй. Улаанбаатарт төмөр замын бөглөө алга болох ёстой. Төмөр замын дагуух маш олон агуулах, тэрийг дагасан худалдаа үйлчилгээ бүгд гарах гээд байгаа юм. Түүнийг Чойр, Богд уулын урд руу төвлөрүүлэх ёстой. Тийм төвлөвлөгөө бэлэн байгаа юм. Энэ ажлаа маш хурдан хий. Маш их юм гарна.
Төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам дагасан дэд бүтцүүд, мөн их дээд сургууль гэж байнга ярьдаг. Хөөрхий, хэдэн оюутнаа хөөгөөд байдаг. Гэхдээ орчин бий болгоод наад зах нь газрыг нь тэр аймгууд гаргаад өгчих л дөө. Улаанбаатарын тэлэлтийн бүсүүд дээр гаргаад ир л дээ. Их дээд сургуулиудын түвшинд ямар нэг хөрөнгө оруулалт хийхийг бүрэн зогсоох хэрэгтэй. Би нэг юм хэлээд байна. Ойлгож байна уу? Энэ Улаанбаатарт байгаагаа л додомдъё. Барьснаа л додомдъё.
Нэмж энэ рүү хөрөнгө оруулалт хийхээ боль. Хийвэл Улаанбаатараас гадна хийе гэж хэлээд байна. Түүнийг Засаг төр нь урамшуулах хэрэгтэй. Энэ чиглэлд хууль дүрмээ гаргая, бодлогоо явуулья, та бүхэн шаардлагаа тавь гэж хэлье.
-Асуулт байна уу?
-Gogo.mn сайт сэтгүүлч Ариунбилэг: -Таны ярьсныг ерөнхийдөө сонсоод дүгнээд үзэхэд та өнөөдрийг хүртэл их мундаг ажлууд хийж иржээ. Гэхдээ өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдал бол үеийн үед АН, МАН энэ хоёр намын улс төрийн эрх баригчид юу ч хийгээгүй. Монгол Улсын хэмжээний бодлого стратегийн бодлого байгаагүй. Яагаад 21 аймагт бүсчилсэн хөгжил бий болгоогүй юм. Яагаад хөдөөнөөс хот руу шилжих тэр нөхцөлийг улс төрчид бий болгочихсон юм. Яагаад өнөөдөр 1,3 сая хүмүүсийн амьдрал энэ гамшгийн хэмжээнд оччихсон юм бэ? Ултөрчдийн шийдвэр л миний бодлоор ийм байдалд хүргэчихлээ гэж харж байна л даа. Таны яриад байгаа зүйлс өнөөдрийг хүртэл биелээгүй шалтгаан юу байсан гэж та үзэж байгаа вэ?
Ерөнхийлөгч: -За баярлалаа. Шүүмжлэлийг хүлээж авалгүй яах вэ. Монгол өөрөө нээлттэй нийгэм. Энэ бол Ерөнхийлөгч юм уу, нэг хүн, нэг гэр бүл удирддаг нийгэм биш. Монгол өөрсдийнхөө сонгож авсан замыг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын иргэн санаачилгатай, иргэд нь оролцоотой байж явдаг улс.
Тэгэхээр би түрүүн нэг юм хэлсэн. Бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Энэ чиглэлд гарч байгаа санаачилга бүхнийг дэмжиж, тойрч ажиллая. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэдгийг 2015 онд оруулаад, Монгол Улсыг дөрвөн бүс болгоно гээд УИХ дээр тэр үзэл баримтлал шийдэгдээгүй юм. Гэхдээ дандаа ийм ажлууд хийгдэж, явагдаж байсан.
Энэ тухай ярихаа больё. Зөвхөн утаа. Энэ дээр шүүмжлэх зүйл байвал надад сонсоход асуудал байхгүй. Энэ бүхнийг хүмүүсийн анхааралд оруулна, улс төрийн шийдэл гаргана гэдэг бол ард түмнээс л шалтгаалах зүйл. Иргэд үүнийг шаардахгүй бол ганцхан төр, засгийн юм уу, албан тушаалтны санаачилгаар явдаг зүйл биш болсон. Тэгэхээр энэ дээр хамтарч ажиллах хэрэгтэй.
Манай хэвлэл мэдээллийнхэн, зүгээр л захын уулзсан хүмүүс маш зөв саналууд хэлсэн. Манай телевиз дуудлын үйлчилгээг бий болгоно. ҮАБЗ-ийн зөвлөмж гээд ийм газрын зураг гарч байгаа юм байна. Үүн дээр нэг сая лайк цуглуулъя. Нэг сая иргэдээр дэмжүүлье. Энэ бол иргэдийн хамгийн их дэмжиж байгаа үйлдэл, шийдэх ажил гэж үзэж байгаа юм. Ийм хүмүүс зөндөө гарна. Сайн санаатай, энэ үйл ажлыг дэмжиж оролцох хүмүүс маш их байгаа. Сайн үйлст нэгдээд цаашаа явах байх.
Юманд заавал нэг өргөлт хэрэгтэй байдаг. Магадгүй, бидний ярьж байгаа нь тэр өргөлт рүү аваачиж байгаа юм. Ахиад нэг нөхцөл байдлыг үнэлж үзээд цаашаа явна.
Өнөөдрийн энэ хуралд УИХ-ын Байгаль орчин, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ц.Гарамжав сууж байгаа юм. Утааны асуудлаар дэд хороо гэж байгуулагдсан. Батсуурь дарга байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол сууж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр О.Чулуунбилэг зөвлөх байгаа. Бүх санаа оноон дээр бид суугаад ажиллана. Ерөнхийлөгчийн Тамгын газар ч гэсэн хийж байгаа ажлууд дээрээ нэмж ажиллана.
ҮАБЗ-ийн ажлын алба нэмээд энэ судалгаануудыг дэмжье. Бүх газар, айл бүхэн, хүн бүхэн, би хувь нэмэр оруулж чадах юм байна. Зарим нэг бохирдол үүсгэж байгаа хүмүүс би үүнээс татгалзаж болох юм байна гэж тэр хүмүүст сонголт гаргаж өгье. Би бол хатуу үг сонсож сурсан хүн. Хатуу үг, гомдол, доромжлол, тэр бүхний өмнөөс ерөөсөө гомдоллодоггүй. Тиймээс үүнийг сонсоод, зөв юмаа хийх алхам руу явна. Дараа дараачийн удаа хэн, юу хийх болсноо та бүхэнд танилцуулахад бэлэн байх болно.
HD Монгол ТВ сэтгүүлч Э.Лхагва: -Өнөөдөр мэдээлэл хийж байгаад баярлалаа. Олон хэлэлцүүлгүүдээр Агаарын бохирдлын Үндэсний хорооны нарийн бичгийн дарга нар хот болон Засгийн газрын хүрээнд энэ жилээс төсөв танагдана гэсэн. Дөнгөж саяхан 12 дугаар сарын 13- нд Азийн хөгжлийн банкнаас Бээжин, Тяньжин, Хэбей мужийн агаарын бохирдлыг бууруулах байдлаар 458 сая еврогийн хөнгөлттэй зээл аваад, доноруудын мөнгөөр өөрсдийнхөө агаарын бохирдлын асуудлыг шийдэж байна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийг илүү урт хугацааны төлөвлөгөө болгоод, бид олон улсын дэмжлэг авах боломжийг та юу гэж харж байна вэ?
Ерөнхийлөгч: -За баярлалаа. Өчигдөр бид хэвлэл мэдээллээр мэдээлэл гаргаагүй шүү дээ. Гэтэл хамгийн анх Синьхуа агентлаг мэдээлж байгаа юм. Улаанбаатар хотод гаднаас ирэх шилжилтийг агаарын бохирдлоос болоод зогсоосон байна гэж мэдээлсэн. Лондон хотод байдаг цэвэр агаар гээд олон улсын төв байдаг юм. Тэндээс шууд наашаа утасдаж байгаа юм. “Танайд ийм санаачилга гарлаа гэж байна, хаанаас гарав” гээд. Энэ санаачилгатай хамтарч ажиллая. Яг саяын хэлж байгаа шиг ийм боломжууд байдаг.
Хамгийн гол нь монголчууд өөрсдөө манлайлаад, төр засаг нь үйл ажиллагааныхаа хамгийн тэргүүн чиглэл ач холбогдол өгч байж бид бондоо төлөх гэж байгаатай адилхан, эдийн засгийн хүндрэлээс гарах гэж байгаатай адилхан, утааг эн зэрэгцээ тавьж байна. Магадгүй энэ асуудлыг бүр өмнө нь тавьж байна гэвэл энэ үйл ажиллагаан дээр санаачилгууд ороод ирнэ. Тэгэхээр бас нэг юмыг битгий мартаарай. Нөгөө иргэдийн нэг нэгнээ шүүмжилж, хурцалж, урагш түлхдэг ажлаа мартаж ерөөсөө болохгүй. Гаднаас ийм мөнгө орох гэж байна. Тэндээс ийм зээл бүтэх гэж байна. Тэр рүү яаж орж ажиллах вэ гэсэн сэтгэхүй рүү орвол энэ ажил унана. Хамгийн хэцүү ажил бол үүнийг ярьж, хэлж, хүмүүсийн анхаарал руу оруулж барьж өгөх л хэцүү ажил.
Олон улсын мэдээллийн хэрэгсэл хүчтэй болсон шүү дээ. Телевизүүд, мэдээллийн агентлагууд англиар орчуулаад гаргаж байгаа. Ингэхэд ҮАБЗ-ийн зөвлөмж ил байгаа. Та бүхэн бүгдээрээ хуулбарлаад, аваад, тараагаад, мэдээндээ ашиглаад явж болно. Ерөөсөө асуудал байхгүй. Энэ бүхнийг гаргаж дэлхий нийтээрээ анхааръя. Илүү ч анхаарч байгаа.
Утаатай холбоотой энэ асуудал НҮБ дээр гарсан, Парист гарсан том шийдвэрүүдтэй бас холбоотой. Одоо энд сан байгуулагдаад мөнгө нь гараад явна. Утааны оронд би нэг юмыг дэмжих хэрэгтэй гээд байгаа юм. Зарим аж ахуйн нэгжүүд хажуудаа байгаа цэцэрлэгээ газрын гүний дулаанаар халаадаг болчихсон шүү дээ. Энэ бол асар том шийдэл. Уурын зуухаа хасаад, газрын гүний дулаанаар халаах юм бол түүний зөрүү мөнгийг шийдэх олон улсын санхүүгийн байгууллага, Д.Оюунхорол сайд, байгаль орчны байгууллагууд гээд шийдлүүд байгаа. Эндээс гаргаад, банкаар дамжуулаад санхүүжүүлж болно. Би жишээлбэл, гэрийнхээ цахилгааныг шийдэхийн тулд жижигхэн цахилгаан үүсгүүр тавиад, эсвэл нарны цахилгаан үүсгүүр тавиад, манай гэрээс илүү гарсан цахилгааныг нийтийн цахилгаан руу холбочихдог эрх зүйн үндэс бүрдмээр байгаа юм. Цахилгааны асуудлаа ингэж шийдсэн маш олон айл байдаг. Гэрийн дулаан хангалттай байгаа зарим айл “Гэр халуудаад би хаачихсан” гээд сууж байдаг.
Гэрийн дулаан нь илүү гарвал дулааны шугам руу холбочихдог, түүнийхээ төлөө тодорхой хэмжээний мөнгө авдаг байвал, айлууд цахилгаан дулаанаа ингэж шийддэг бол, дэлхий нийтийн хандлага ийм болчихсон шүү дээ. Тэгэхээр энэ суурь руу оруулж өгье. Үүн дээр монголчууд хоцроод, нэг нь үлдээд байгаадаа биш юм. Нийтдээ ийм хандлагаар явж шийднэ. Энэ маш чухал санал хэрэгжүүлэхийн төлөө явна.
NTV телевиз. Сэтгүүлч Ууганбаяр: -Нэгд, Ардчилсан Ерөнхийлөгч утаатай тэмцэхийн тулд Улаанбаатарт ардчилал ярихгүй байх боломжтой гэсэн өнцөг сая гарлаа л даа. Үндсэн хуулийн заалт талаасаа ямар байдаг юм бол. Нөгөө талаас, өчигдөр ҮАБЗ-ийн санал гарсны дараа иргэд хотын татварыг өндрөөр тогтооё бусад орны жишгийг дагая гэсэн санал гаргаж байна лээ. Үүнийг хэрэгжүүлэх боломж байгаа болов уу?
Хоёрдугаарт, агаарын бохирдлыг бууруулахад утаагүй түлш, утаагүй зуух гэх мэтэд 130 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн яриа байна. Үүнийг эхлүүлсэн ажил бол мэдээж ЕТГ-ын даргаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо зургаан ж<