ДЭМБ: Тамхины улмаас жилд 1 их наяд долларын хохирол учирч байна



Тамхины улмаас дэлхийн эдийн засагт жилд 1 их наяд долларын хохирол учирч байгаа бөгөөд 2030 он гэхэд одоогийнхтой харьцуулахад 30 гаруй хувиар илүү олон  хүн амиа алдах эрсдэлтэй байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ болон АНУ-ын Хорт хавдар судлалын хүрээлэнгээс хамтран явуулсан судалгааны тайланд бичжээ.

Тамхи, тамхидалтын улмаас учрах хохирол нь дэлхийн хэмжээнд тамхины татвараас олдог мөнгөнөөс асар ихээр давжээ. ДЭМБ-ын тооцоолсноор, 2013-2014 онд тамхины татварын орлого 269 тэрбум орчим доллароор хэмжигдэж байв.

Судалгааны тайланд “одоогоор тамхинаас үүдэлтэй өвчний улмаас жилд 6 сая орчим хүн амиа алдаж байгаа бол 2030 он гэхэд энэ тоо 8 саяд хүрэх төлөвтэй байна. Тамхины улмаас амиа алдаж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудын иргэд байна” гэжээ.

Тамхичдын 80 орчим хувь нь эдгээр улс орнуудад амьдарч байна. Тамхины улмаас олон хүн амиа алдсаар байгаа боловч тамхи татдаг хүмүүсийн нийт тоо нэмэгдсээр байна.

Тамхинаас хэрхэн ангижрах вэ? 

Тамхины үнэ болон татварыг өсгөх, тамхи үйлдвэрлэдэг компаниуд сурталчилгаа явуулж байгааг бүрэн хориглох, алдартай зурагнууд дээр тамхины хор хөнөөлийн талаарх анхааруулга байрлуулах зэрэг хямд бөгөөд үр дүнтэй бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Мөн тамхины татварын орлогыг тамхины эсрэг кампанит ажлын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацах, тамхинаас гарах хүсэлтэй хүмүүсийг эмчлэх зэрэгт зарцуулах нь зүйтэй.

ДЭМБ-ын тооцоогоор, улс орнууд 2013-2014 онд тамхинд хяналт тавихад 1 тэрбум хүрэхгүй доллар зарцуулжээ.

 
Эх сурвалж : Montsame.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ