Шинэ лидер хэн бэ?



-Ардчилсан нам алдаагаа давтах уу-

Арван дөрөвхөн хоногийн дараа албан тушаалаасаа хагацах Ардчилсан намын дарга З.Энхболд “АН сонгуульд ялагдсан. Сая $-тойгоо мартатлаа баяжсан Баярцогтоос болж ялагдсан. Түүнийг дэвшүүлэхгүй байх эрхгүй байсандаа уучлал гуйя” хэмээн нүүр номын хуудаснаа бичсэн нь өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд хамгийн их шүүмжлэлийг дагууллаа. Уг нь тэр Ардчилсан намыг удирдаж сонгуульд орсон. Гэвч, алдаагаа өнөөдөр ч ухаарч амжаагүй байгаа түүнийг намынхан нь өрөвдөнгүйгээр “Өнхрөх гэж байгаа юм даа” гээд хөөрхийлөн бичиж байна.

З.Энхболд өөрийн албан тушаалаа 14 хоногийн дараа хадаг, яндартай хүлээлгээд өгсөн ч эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн өрөвдмөөр бодолтой байгаа нь үйл явдлын өрнөлөөс илт үзэгдэнэ. С.Баярцогт гэхээсээ З.Энхболдын хөшигний ард хийсэн алхам, өөрийн болоод өрөөлийнхөнтэй нийлж засгаа зайдагнасан бодлогын гай нь сонгуулийн үр дүн байсан болов уу?

Шинэ боловсруулсан дүрмээс хариуцлага тооцох заалтуудыг “Шонхор”-ынхон туусан шалтгаан нь одоо тодорхой болж байх шиг.

С.Эрдэнийн ард “Шонхор”, МоАХ/Х.Баттулга/ бий. С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд АН-ын тугийг ч барьж, тугалыг ч хариулж явсан. Муу нэртэй ч өнөөг хүртэл нөлөөтэй нөхөр. Гэхдээ С.Эрдэнийн тухай өнгөрсөн зууны хэргийг сөхөхөөс илүүтэй “Засгийн газрын огцрох, үлдэх эсэхийг шийдэх хуралдааныг тасалсан” гэх үндэслэлээр Ардчилсан намын Хяналтын хорооноос хөөх шийдвэр гарчихсан байгаа. С.Эрдэнэ намын даргын сонгуульд царцаа нүүлгээд ялсан ч гэлээ энэ асуудлыг ҮЗХ-оор хэлэлцэх нь зайлшгүй. Тиймээс хариуцлага тооцох заалт тодорхой байх нь хэнд ашигтай, “туучихвал” хэнд ашигтайгаар нөлөөлөх нь тодорхой болно.

Намын даргын сунгаанд яваа таван сумтай нөхдөөс С.Эрдэнэтэй адилхан ялын дүгнэлтээ уншуулчихсан нь Ж.Батзандан. Н.Алтанхуягийн засгийн унагаах кноп дарсан Р.Амаржаргал, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар дээр найм дахь нь болж Ж.Батзандан эсрэг санал өгснийг намынхан нь мартсан байж болох ч Н.Алтанхуягийн хүмүүсээс бүрдсэн Хяналтын хорооны шийдвэр мартаагүй.

Хамгийн сайн хамгаалалт довтолгоо гэгчээр ийм байж дээрх хоёр нөхөр нэр дэвшээд, хонь чоно, хөгшин, залуугаараа дуудалцаад яваагийн цаад шалтгаан нь ялалт байгуулна гэсэн бодол.

Гэхдээ энэ хоёрын хэн нэгэн нь ялалт байгуулчихвал Ардчилсан нам яах вэ?

ҮЗХ-ныхоо хуралдаанаар намын даргаа хөөх асуудлыг хэлэлцэх үү? Урвагч гэж байснаа болиод урирдагч гэж тал засах уу? Эсвэл “Би чамд хайртай”-гийн Баяраагийн аав шиг Хяналтын хороо нь гаргасан шийдвэрээ “Нүдэн дээр чинь урчихъя” гэж бялдуучлах уу?

Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар З.Энхболдын сонгуулийн технологиос гарч ирж чадах болов уу? Хүчингүй болоогүй байгаа хуучин Сонгуулийн хороо нь шинэтэйгээ хэрхэн зөрчилдөж, аль нь саналыг авах бол оо.

Багцлаагүй хүмүүсийн саналыг цуглуулна гэж тооцсон ч МАН-ын гар хөлүүд хэнийг нь сонгох бол...

Гэхдээ ойрын өдрүүдэд Хяналтын хорооны шийдвэрийг хэн нэг нь сануулах нь гарцаагүй. Сануулахдаа өөрөөсөө зайлуулж, өрөөл рүү чиглүүлж шидэх нь ойлгомжтой. Л.Гантөмөр “Манай дөрөв алдаагаа ухаарчээ” гээд битүү, хатуу юм хэлээд яваа. Гэвч үнэндээ Ардчилсан намын дотор алдаагаа ухаарсан нь хэд вэ?

Ардчилсан намын даргын сонгууль нь ийнхүү ойлгомжгүй байдалд орчихжээ. Ардчилсан намын даргын сонгуульд оролцох 175 мянган гишүүний хэд нь энэ намд зүтгэж, үзэл бодол, үйл хэргээ зориулсан, хэд нь нэр дэвшигчдийн нэмэх санал болсон гэр бүл, ойр дотныхон, хэд нь МАН-ын үймээн тарих нөхөр байгаа вэ гэдгийг өнөөдөр өөрсдөө ч мэдэхгүй будилж яваа.

Долдугаар сарын 1-ний үймээнээр нүүрээ хар алчуураар халхалсан зүс таних залуус хүний биш өөрийнхөө байр руу чулуу шидэж байсныг харж л явсны хувьд 90 жилийн туршлагыг нь мэдэхтэйгээ. Яарвал даарна гээч энэ ажээ. Одоо тэгээд нэг нь ялагдаж, нөгөө нь ялсан дүр эсгэх л байх даа.

Алунгуа эхийн үрсийг алаг үзээд юу хийх вэ. Хожил хоёр биш таван тийш ээ байг гэж бялдуучлая даа!

Аль эсвэл амьсгал хураасан хүн шиг үзээд арыг нь бодоод маани уншчих уу?

Эх сурвалж : news.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ