Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлж буй үйлчилгээнээс цахим хэлбэрт шилжих боломжтой үйлчилгээг цахимжуулах тал дээр хамтран ажиллаж, үйлчилгээг туршиж, нэвтрүүлэх зорилгын хүрээнд “Үндэсний Дата төв” Улсын төсөвт үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
Санамж бичгийг ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү, “Үндэсний дата төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Батжаргал нар үсэглэв. Талуудын хамтын ажиллагаа нь дор дурдсан үндсэн чиглэлээр явагдана. Үүнд:
1.Төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг нэвтрүүлэх
2.Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн системийг боловсруулж нэвтрүүлэх
3. Дипломат төлөөлөгчийн газар болон ОӨУБЕГ-ын алслагдсан нэгж болох сум, хороодоос “Үндэсний дата төв” УТҮГ-ын “VPN” сүлжээгээр дамжуулан бүртгэлийн мэдээллийг Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар хүлээн авах системийг хөгжүүлэхэд хамтран ажиллах
4. Архивын лавлагааны мэдүүлгийг онлайн буюу цахим хуудсаар хүлээн авч хариу мэдэгдэл илгээх цахим хуудсыг хөгжүүлэн, нэвтрүүлэхэд хамтран ажиллах
5.ОӨУБЕГ-ын сервер, стораж болон бусад холбогдох тоног төхөөрөмжийг ҮДТ-ын серверийн зориулалтын стандартад нийцсэн өрөө тасалгаанд байрлуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх
6. ОӨУБЕГ–ын цахим мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
7. ҮДТ–ийн ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээ хариуцан ажиллаж буй ажилтнуудын ТҮЦ машины засвар, үйлчилгээг хянах системд хандах баталгаажуулалтыг ОӨУБЕГ –ын хурууны хээ шалгах сервисээр дамжуулах, үйлчилгээтэй холбоотой гомдлыг түргэн, шуурхай шийдвэрлэх шийдлийг нэвтрүүлэх зэрэг болно.
Түүнчлэн талуудын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор төрөлжсөн сургалтууд болон харилцан туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах юм.