НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газраас хамтарсан мэдээлэл хийлээ. Баянгол дүүрэгт 2017оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн байдлаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй 5 хүний амь нас эрсдээд байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг нийт 761 газрыг хамруулан хяналт, шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн, лацдаж, 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн, шинжлүүлж эхлээд байгаа бөгөөд сорилтын дүн одоогийн байдлаар хүлээгдэж байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг анхааруулж, спиртийн найрлагатай ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.