Гэр хороолол дахь хоёр тарифт тоолууртай өрхүүд сарын цахилгааны хэрэглээ 700 кВт.цаг, 1,500 кВт.цагаас дээш гарсан тохиолдолд 50 хувийн хөнгөлөлтөөр буюу 38.55 төгрөгөөр тооцно хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
Тодруулбал айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан 220 В бол 700 кВт.цаг, 380 В бол 1,500кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцох юм.
Цахилгааны шөнийн тарифыг 21:00-06:00 цагийн хооронд мөрдөх бөгөөд 100 хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд эдлэх бөгөөд заасан хэмжээнээс хэтэрвэл 50 хувиар хөнгөлж тооцох юм байна.
Түүнчлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаагүй Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 11, 20, Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Налайх дүүргийн бүх хороо болон Төв аймагт харьяалах гэр хорооллын хоёр тарифт электрон тоолууртай айл өрхүүд 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос сарын нийт хэрэглээнд тооцдог сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах гэр хорооллын хоёр тарифт электрон тоолууртай айл өрхүүдэд хөнгөлөлт үзүүлэх хугацааны турш тооцохгүй байхаар шийдвэрлэжээ.
Эрчим хүчний зохицуулах хорооноос “Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу хөнгөлөлт үзүүлэх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах өрхийн цахилгааны сарын хэрэглээний дээд хязгаарыг тогтоосон бол Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан тушаал, захирамжаар агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчилжээ.