Хямралын үед ямар БИЗНЕС эрхлэх вэ?



 Хямрал бол бизнесээ эхлэх хамгийн тохиромжтой үе. Зарим нэг жижиг бизнес хямралын үед ч “цэцэглэдэг”. Эрсдэлийг боломж болгох нь жинхэнэ бизнесмэн хүний чадвар. Нөгөөтэйгүүр эрсдэлийг давж чадсан бизнес эргээд өргөждөг. Хямралыг өнөтэй давахад туслах үүднээс хамгийн “амь бөхтэй” жижиг бизнесүүдийг танилцуулж байна.

Санхүүгийн мэргэжилтэн
Итгэхэд бэрх ч санхүүгийн мэргэжил эдийн засгийн нуралтын үед хамгийн эрэлттэй байдаг гэнэ. 2009 онд болсон Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 250 компанийн дунд судалгаа явуулсан байна. Судалгаанд оролцогчдын 80 хувь нь “санхүүгийн мэргэжилтэн ажилд авах сонирхолтой байна” гэж мэдэгджээ.  Яагаад?
Эдийн засгийн хямралын үед байгууллагууд санхүүгээ хянах мөн танах, цаашлаад эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлыг зөвөөр тодорхойлох бодит шаардлагатай нүүр тулдаг. Эдгээр ажлыг гардан гүйцэтгэдэг мэргэжил бол санхүүгийн мэргэжилтэн юм. Энэ ч утгаараа эдийн засгийн хямралын үед энэ төрлийн бизнес “хөл дээрээ босдог” гэнэ.
Хүнсний худалдаа
Эдийн засгийн төдийгүй улс орны аливаа тогтворгүй үед хүмүүс хоол хүнсэндээ анхаарал хандуулж эхэлдэг. Гэхдээ жирийн  шоппинг бус хямд үнээр, их бараа нөөцлөх хандлага хүчтэй илэрдэг байна.  Тиймээс мах, гурил, будаа зэрэг бүтээгдэхүүний эрэлт эрс өсдөг аж. Энэ үед хүнсний бөөний худалдаа эрхлэгчид ашигтай ажиллаж эхэлдэг байна. Яагаад?
Хүнс, байр, хувцас бол хүний анхдагч хэрэглээ юм. Эдгээр гурван хэрэглээ хангагдаагүй тохиолдолд тухайн хэрэглэгч сэтгэл зүйн гүн хямралд ордог байна. Мөн эдгээр гурван хэрэглээ нь эрүүл байх андагч нөхцөл бүрдүүлдэг тул ямар нэгэн гамшгийн үед хэрэглэгчид эдгээр гураван хэрэглээндээ анхаарч эхэлдэг. Хямралын үед хүнсний бөөний худалдаа эрхлэх нь ашигтай биш юм гэхэд тодорхой хэмжээнд орлоготой байх боломжтой.
Зарим төрлийн “тансаг” бүтээгдэхүүний худалдаа
Авцалдаагүй санагдаж болох л юм. Гэхдээ л зарим төрлийн тансаглал эдийн засгийн хямралын үед ч мөнгө “хийсээр” байдаг байна. Энэ үед амттан, гоо сайхны худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа хэвийн явуулж чаддаг байна. Яагаад?
Эдийн засгийн хямралын үед хүмүүс сэтгэл зүйн хүнд дарамтанд ордог. Сэтгэл зүйн дарамтаас гарахын тулд сэтгэл сэргээх үйлчилгээтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг нь тогтоогджээ. Шоколад, бялуу зэрэг амттан үйлдвэрлэгчид эдийн засгийн хүндрэлийн үед ч ашигтай ажилладаг нь ийм учиртай.
 
Ажлын байрны зөвлөгөө
Эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэй бодит аюул бол ажилгүйдэл. Тэгвэл хямралын үед хамгийн завгүй байдаг салбар бол ажлын зарын сайт, ажилд орох зөвлөгөө өгөх газар, CV бичих зөвлөгөө, ажлын байрны зуучлал зэрэг үйлчилгээний салбарууд юм. Яагаад?
Эдийн засгийн хямралын үед бүртгэлтэй ажилгүйчүүдийн  тоо өсдөг. Өөрөөр хэлбэл ажиллах боломж, нөөц, туршлагатай хэдий ч хямралаас болоод цомхтголд орсон иргэд олширдог байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн ажилд орох хүсэл их байдгаас ажлын байрны эрэлт нэмэгддэг.
Авто засварын газар
Та техник сэтгэлгээ сайтай бол хямралын үед бизнесээ эхлүүлээрэй. Зөвхөн авто төдийгүй төрөл бүрийн засварын үйлчилгээ энэ үед л “цэцэглэдэг”. Яагаад?
Эдийн засгийн уналт хүмүүсийн тансаг хэрэглээг танаж орхидог. Тэд шинэ эдлэл авахаасаа илүү хуучнаа сэлбэж засахыг эрхэмлэнэ. Үзэгдэхээ больсон хуучин машин хотын гудамжаар явахыг зөвхөн эдийн засгийн хямралын үед л харж болно. Энэ бол гарын уртай, бас сүйхээтэй хүний хийх л зүйл.
Багш
Багшийн мэргэжил, энэ төрлийн бизнес ямагт эрэлттэй байдаг. Хямралын үед ч гэсэн. Яагаад?
Ажилгүй иргэд энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч эхэлдэг. Жолооны курст суух, хэлний боловсролоо дээшлүүлэх зэрэг нийгмийн зүгээс шаардах зарим ур чадвартаа илт анхаардаг байна.​​​​​​​ Мөн эдийн засгийн хямралын үед хүмүүс хөдөө аж ахуйн чиглэлийн сургалтанд суух хандлага нэмэгддэг гэнэ. Хэрэв та багш бол, мөн интернэтээр хичээл заах боломжтой бол одоо л бизнесээ эхлүүлээрэй.
Эх сурвалж : http://mongolianeconomy.mn/

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
2
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ