“Терраватт” компани Монголд нарны цахилгаан станц барих санал тавьжээ



Эрчим хүчний сайд  П.Ганхүү энэ сарын 16-19-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болсон Олон улсын сэргээгдэх эрчим хүчний VII чуулганд оролцжээ.

 Тус чуулга уулзалтад дэлхийн 150 гаруй орны Эрчим хүчний сайд нар оролцсон байна.  Салбарын сайд Монгол Улсын эрчим хүчний салбарын хэтийн бодлого, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн талаар мэдээлэл өгчээ.

Тэрээр чуулганаар “Монгол Улс 2023 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх  зорилтыг дэвшүүлсэн. Манай улсад хувийн хөрөнгө оруулалтаар 2013 онд анхны 50 МВт салхин парк, 2017 онд анхны 10МВт нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан.

Монгол Улс хот суурин газрын дулаан хангамжид нар, газрын гүний дулааны насос бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар ИРЕНА, Абу Даби хөгжлийн сан болон бусад орнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгааг энэ дашрамд илэрхийлэхийг хүсч байна.  Энэ чиглэлээр бусад улсын туршлагыг судлах сонирхол, эрэлт хэрэгцээ их байна” хэмээн Эрчим хүчний сайд  П.Ганхүү онцолжээ.

Мөн үеэр Исланд улсын газрын гүний дулааны эрчим хүч ашиглаж буй туршлагаас хуваалцсан байна. Энэ хүрээнд ноён Аднан З.Админ, Исланд Улсын Ерөнхийлөгч асан Олафур Рагнар Гримссон, Абу Даби хөгжлийн сангийн дарга удирдлагуудтай тусгайлсан уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцжээ. Тухайлбал, ноён Аднан З.Админтай уулзахдаа нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд агаарын бохирдлыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний технологи буюу газрын гүний дулааны насосыг ашиглах, Нарны цахилгаан үүсгүүртэй хосолсон Литий-ион цэнэг хураагуурын системийг нэвтрүүлэх загвар төслийг санхүүжүүлэх асуудлыг хөндсөн байна.

Мөн тэрээр Исландын Ерөнхийлөгч асан Олафур Рагнар Гримссонтой уулзахдаа тус улсын газрын гүний дулааны эрчим хүч ашиглаж буй туршлагаас хуваалцаж, монголд төсөл хэрэгжүүлэн, хамтран ажиллах тухай ярилцжээ. Түүнчлэн  чуулганы үеэр Францын эрчим хүчний “Терраватт” компанийн ерөнхий нарийн бичгийн дарга ноён Жан Паскал Фам Ба нарны цахилгаан станц монголд барьж, үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчийг 10-аас доош америк центээр нийлүүлэх санал тавьжээ

.Чуулганаар дэлхийн 32 орны 600 гаруй компанийн бүтээгдэхүүнийг сонирхуулж, сэргээгдэх эрчим хүчний чиг хандлагыг тодорхойлжээ. 20-иод жилийн өмнөхтэй харьцуулахад сэргээгдэх эрчим хүчний өртөг эрс буурсан төдийгүй, нарны цахилгаан станц барих өртөг 60 хувь, нарны дулааны станц 45 хувь, эх газрын салхин цахилгаан станц 24 хувь, далайн эрэг хавийн салхин цахилгаан станц 36 хувиар буурсныг чуулганаар онцолсон байна.

Тодруулбал 2016 онд нарны цахилгаан станцын тендэрт АНЭУ-ын Дубай хотын ойролцоо 800 МВт-ын эх үүсвэр барьж, 2.99 цент/кВтц худалдаж эхэлжээ.

Чуулганы төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлыг шийдвэрлэхэд бүх нийтээрээ тэмцэж, нэгдсэн шийдвэр гарган, хөгжлийн дараагийн шатанд хүрч ажиллахыг уриалсан байна.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ