Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян улсын хэмжээнд эхлүүлэх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхээс тус аяны талаар тодрууллаа.
-Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны зорилго юу вэ?
-Тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх зорилгоор энэ аяныг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасаны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал гараад байна. Энэхүү тушаалын хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт өчигдрөөс аяныг хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Нийслэлийн хэмжээнд 150 мянга гаруй тэтгэвэр авагчтай. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа эдгээр иргэдийн өргөдөл, хүсэлтийг энэ сарын 16-наас эхлэн хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ. Энэ аяныг хэрэгжүүлэхэд дүүргүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд нилээд ачаалал нэмэгдэхээр байгаа ч бид хэлтсийн байцаагч, ажилтнуудыг бүрэн оролцуулан ажиллахаар төлөвлөөд байна.
-Зөвхөн тэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах өргөдөл гаргасан иргэдийн хүсэлтийг шийдвэрлэнэ гэж ойлгож болох уу.
- Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль заасны дагуу тэтгэвэр эрх авах эрх зүйн харилцаа үүсч, тэтгэвэр үнэн, зөв тогтоогдсон эсэхийг шалгах юм. Түрээнд хэлсэнчлэн нийслэлийн хэмжээнд тэтгэвэр авч байгаа 153 гаруй иргэний материалыг шалгах том ажил хийгдэнэ гэж ойлгож болно. Шалгалтын явцад хуучирч муудсан хавтастай хувийн хэргийг цэгцлэх ажил мөн хийгдэнэ. Харин өргөдөл гаргасан иргэдийн хувьд ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.
-Тэтгэвэр тогтоолт, олголтыг баталгаажуулах талаар яригдаж байсан энэ ямар учиртай вэ?
-Шалгалтанд хамрагдсан тэтгэвэр авагчийн хувийн хэргийн тогтоолтын хуудас болон тэтгэврийн дэвтрийн арын хуудасны тусгай тэмдэглэл хэсэгт Батламж дардас дарж баталгаажуулна. Дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсүүдэд тэтгэвэр тогтоолтыг шалгах чиглэл өгөгдсөн. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон манай байцаагчид ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Энэхүү аян гуравдугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулагдана.
Танд баярлалаа.