“Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо



Улсын Их Хурлын Тамгын газар Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдвийн дор эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2017.01.25/ Төрийн ордон дахь “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулав.

Хурлыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан, ШУА-ын ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар нээж үг хэлэв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг эрхэм зорилгодоо нийцүүлэн үндэсний эрх зүйн тогтолцооны эх суурийг бий болгохоор нийтээрээ ихэд хичээн зүтгэв. Ийнхүү Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш хорин таван жилийн хугацаа улиран одож, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд маш олон хувирал өөрчлөлт бий болсон нь тодорхой. Энэ бүхэнтэй уялдан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох үндэслэл, эрэлт хэрэгцээ шаардлага бий болов хэмээн онцлов. Тэрээр улс төрийн зөрчил, маргааныг гудамжинд, хүчирхийллийн аргаар бус хуулийн хүрээнд парламент дотроо шийдвэрлэж байхыг бодит ардчиллын илрэл гэж ойлгодог. Энэ ч учраас Үндсэн хуулийн өөрийнх нь нэг гол чиг үүрэг бол улс төрийн зөрчил, хямралыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх явдал юм. Гэвч нийгэмд болж бүтэхгүй байсан бүхий л зүйл (эдийн засгийн хүндрэл, бэрхшээл, ядуурал засгийн газрын тогтворгүй байдал, улс төрийн намын үйл ажиллагааны согог дутагдал зэрэг)-ийг дан ганц Үндсэн хуулийн зохицуулалт хоцрогдсоноос, тогтолцооны гажигаас шалтгаалсан хэмээн Үндсэн хууль руу бүгдийг чихэж болохгүй. Нөгөө талаар Улсын Их Хурал, төрийн тэргүүн Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд институцийн төрийн тогтолцоонд эзлэх байр, гүйцэтгэх үүрэг, хариуцлага, маш тодорхой байхаас төрийн тогтолцоо ч, улс орны хөгжил дэвшил ч шууд хамааралтайг умартаж болохгүй цаг үетэй тулж байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэсэн ардын үг бодитоор бий болчхоод байна.  Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурал Үндсэн хуулийн хэрэгжилт юу болов, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гарцаагүй шаардлага, үндэслэл бий эсэх талаар шинжлэх ухаанчаар хандсан илтгэлүүд тавигдана гэж итгэж байна. Бид Үндсэн хуульдаа гар хүрэхдээ тулбал туйлын хянуур болгоомжтой хандах учиртай. Тийм ч учраас эрдэмтэн судлаачдын үгийг сонсох гэж цуглаад байна гэлээ.

Ингээд эхний илтгэлийг Монгол Улсын Академич Г.Чулуунбаатар “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт: хэрэгцээ, шаардлага ба тулгамдсан асуудал” сэдвийн дор тавилаа. Тэрээр, Үндсэн хуулийн эдийн засгийн судалгаа манайд их сул хөгжсөн, цаашид хөгжүүлэх шаардлага бий болсон талаар дурдлаа. Тухайлахад, Үндсэн хуульд нөөц ашигласны орлогыг хуваарилах; байгалийн нөөц ашиглалттай холбоотой том шийдвэрүүдийг гаргах тоглоомын дүрмийн суурь зарчим; эдийн засгийн аюулгүй байдлыг хангах; эдийн засагт үзүүлэх засаглалын нөлөө; төрийн эдийн засгийн зохицуулалтын хүрээний тодорхой зүйл заалтыг шинээр нэмж суулгаж өгөх. Түүнчлэн тодорхой хэрэг, маргаан шийдвэрлэх явцад Хүний үндсэн эрх зөрчигдвөл энэ үндэслэлээр Цэцэд хандах эрх Үндсэн хуулиар хамгаалагдаагүй.  Шүүхийн бүх шатыг дуусгасан боловч үндсэн эрх нь зөрчигдсөн хэвээр байна гэж иргэн үзсэн бол Цэцэд хандах, үүний тулд Дээд шүүх ба Цэцийн харилцааг зааглаж, Цэцийн шийдвэр эцсийнх байх зохицуулалтыг илтгэлдээ дурдаж байв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Н.Лүндэндорж “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага” сэдвийн дор илтгэл тавив. Улсын Их Хурал, Засгийн газар хоорондоо хяналт, тэнцвэртэй эсэх, хууль техникийн буруу бичилт, ойлголтыг засах шаардлага байгаа эсэх, Үндсэн хуулийн зохицуулалтыг тэлэх хэрэгцээ байгаа эсэх зэрэг сэдвийг хөндөж илтгэл тавив. Үндсэн хуулийн эрх зүйн тэлэлт хийх шаардлагатай үндэслэл нь Үндсэн хууль хүний эрхийн жагсаалт, гурван эрх мэдлийн хийх ёстой болон ёсгүй зүйлийн хэм хэмжээнээс тэлж, хөгжлийн хөтөч болсныг дурдсан юм.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Үндсэн хуульт хөгжлийн загвар, асуудал шийдэл” сэдвийн дор илтгэл тавихдаа Гадаад дотоод орчин нөхцөл байдлын өөрчлөлт хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Үндсэн хуулийн үйлчлэл, хэрэгжилтийн гажуудлын тухай, Үндсэн хуульт хөгжлийн загварын харьцуулсан судалгаа, дүгнэлт зэрэг сэдвүүдийг хөндсөн юм.

Түүнчлэн Хууль зүйн ухааны магистр Ж.Сайнхишиг “Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлалын үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийг шинжлэх нь”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Үндсэн хуулийн өөрчлөлт, нутгийн удирдлага”, УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх М.Батчимэг “Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага: Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцэл”, Монгол Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл “Үндэсний эрх ашгаар төрөө бэхжүүлэх нь”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан “Монгол Улс дахь Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдвийн дор тус тус илтгэл тавилаа.

Илтгэл сонссоны дараа хуралд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж буйгаа илэрхийлж, хэд хэдэн санал хэлсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна гэж Үндсэн хуульд заасан байдаг бол Монгол Улсын Их Хурлыг Дээд ба Доод буюу хоёр танхимтай байх санал хэлж байв. Илтгэлүүдийг харж байхад обьектив судалгаа байхгүй байна, харин субьектив талаас нь харж үзэх шаардлагатай байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш:Цогтоо онцолж байлаа.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүд, УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж, Л.Цог, АИХ-ын депутат, 1992 онд Үндсэн хууль батлахад гар бие оролцож байсан УБХ-ын гишүүд, мөн хууль зүйн шинжлэх ухааны академич, доктор, профессор, эрдэмтэн судлаачид болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ