Он гарсаар Увс аймгийн Улаангом сумын 1-р баг буюу Чандманьд хөрсний ус ил гарч, мөн хиймэл нуурын далан сэтэрснээс их хэмжээний ус давхарлан хөлдөж, улмаар мөсний зузаан 3-5 метрт хүрчээ.
Үүний улмаас Улаангом-Боршоо чиглэлийн олон улсын автозам усанд автах, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй айл өрх, 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага усанд автах нөхцөл байдал үүсээд байгаа аж. Улмаар аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” компани, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас удаа дараа ажлын хэсгүүд гарч далан хаах, сэргээн засварлах, усны голдиролыг өөрчлөх зэрэг ажлыг хийсэн ч нөхцөл байдал улам хүндэрсэн байна. Иймээс аймгийн ОБГ-аас Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу өнөөдөр Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123-р ангиас ажлын хэсэг ирж газар дээр нь ажиллаж эхэлжээ. Ажлын хэсгийнхэн тэсэлгээ хийхээр бэлтгэл хийж байгаа аж.