Монгол Улс гадаад зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулагчдыг татах, жуулчдад үйлчлэх, эдийн засгийг дэмжих нэн чухал үүрэгтэй иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаатай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр танилцлаа.
Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тамир компанийн үйл ажиллагаа болон үйлчилгээний шинэ стандарт, агаарын тээврийн зах зээлийн орчин, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар танилцууллаа. Тус компани нь зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2017 онд Бусан, Бангкок зэрэг шинэ чиглэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн компанийнхаа дотоодод хийх шинэчлэлийн хүрээнд 2017 оныг “Үйлчилгээний стандартын жил” болгон зарласан бөгөөд тээврийн бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, Австрали болон Зүүн Өмнөд Азийн 7 чиглэлд шинэ шугам нээхээр төлөвлөсөн талаараа танилцууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарын удирдлагуудын санал бодлыг сонсож, цаашид анхаарах асуудал, салбарын яамнаас хэрхэн бодлогоор дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар харилцан санал солилцсон юм. Сайд Д.Ганбат уулзалтын үеэр агаарын тээврийн дотоод, гадаадын сүлжээг өргөтгөх, орон нутаг, олон улсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх, үнэ тарифийг бууруулах, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан талаар онцолж байв. Тэрээр “Зам, тээврийн хөгжлийн яамнаас “МИАТ”компанийг алдагдалгүй ажиллуулах, санхүүгийн хүндрэлээс гаргах, биенесийн үйл ажиллагааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлж, зорчигч урсгалыг сайжруулах зорилгоор агаарын харилцааны хэлэлцээрүүдийг шинэчлэх, олон улсын тээвэрлэлтийн зах зээлийг хамгаалах бодлого баримтлан ажиллаж, тодорхой зарим алхамуудыг хийж эхлээд байна. Тиймээс Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх ажил нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх ёстой” хэмээн хэлсэн.