БХБЯ-аас “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, тус яамны НААБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Лхагвацэдэн нар удирдаж аймаг, нийслэлийн Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөл, Нийслэлийн болон зарим аймгийн удирдлагууд, орон сууцны барилга байгууламжийн зах зээлд өрсөлдөгчид хүрэлцэн ирж санал бодлоо солилцов.
Нийтийн зориулалттай орон сууцны барилгууд ч олноор баригдаж ашиглалтад орж, 2016 оны байдлаар манай улсын нийт өрхийн 30 хувь буюу 232.3 мянган өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг сууц өмчлөгчдийн 1022 холбоо, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг орон сууц, нийтийн аж ахуйн 81 мэргэжлийн байгууллага тус тус хариуцан ажиллаж байна.
Хэлэлцүүлгийн үеэр БХБЯ-ны төлөөллөөс тавьсан илтгэлээс сийрүүлэн хүргэе. Учир нь уг илтгэл хэлэлцүүлэгт оролцогч төлөөлөгчдийн санал шүүмжлэлтэй үндсэндээ ижил байсан. Тиймээс хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, цаашид хэрхэх тухай гарцын талаар ч байр суурь нь яв цав нийцэж байснаараа мэргэжлийн бүтцээр салбарынхаа бодлогыг тодорхойлуулж, хотын дарга асанаар барилгын салбарыг удирдуулсны дүнд СӨХ-ийн талаар болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн эерэг, сөрөг талыг тунгаахад урамтай байлаа гэцгээж байсан юм.
Сууц өмчлөгчдийн холбоод нь сууц өмчлөгчдөөс хуримтлуулсан хөрөнгөөр дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна.
УИХ-ын 1999 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт “Орон сууцны асуудал нь улсын хөгжил, нийгмийн амьдралын түвшинг тодорхойлох гол үзүүлэлт, хүн амын эрүүл энх, сайн сайхан амьдрах, үр бүтээлтэй хөдөлмөрлөх язгуур нөхцөл болохын хувьд Монгол Улсын төрийн бодлогын салшгүй нэг хэсэг юм” гэж тодорхойлсон.
Төрөөс иргэдийг орон сууцжуулах, тэдний ая тухтай амьдрах, ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, барилгуудын насжилтыг нэмэгдүүлэх, СӨХ-дын үйл ажиллагааг дэмжсээр ирсэн.
Энэ хүрээнд 1996 онд “Дундын өмчлөлийн орон сууцны тухай хууль”-ийг баталж, улмаар 2003 онд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийг шинэчлэн баталсан.
Энэхүү хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд амьдралд хэрэгжихгүй, уг хуулиар зохицуулах шаардлагатай орхигдсон асуудлууд нилээд байсан тул уг хуульд 1997, 1999, 2005, 2011 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулж байсан .
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 13 жил өнгөрч байна.
Энэхүү хуулийн хүрээнд тус яам сууц өмчлөгчдийн холбоодын талаар дараах эрхийг хэрэгжүүлж, үүргийг хүлээж ажилладаг. Үүнд:
Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд тус яам харьяа байгууллага болох “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аар дамжуулан сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөгөө дэмжлэг, мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулж ирсэн.
Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран ажиллах гэрээг жил бүр байгуулан ажиллаж, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, үзлэг, шалгалт хийж, тулгамдсан асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлж, үзлэг шалгалтын мөрөөр зөвлөмж гаргаж, сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлэн ажиллаж байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан байдаг.
Энэ хүрээнд тус яам орон сууцны байшингийн дээвэр, цахилгаан шатны их засварын ажлын тодорхой хэсгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлыг зохион байгуулж ирсэн. 2008-2015 онд нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засварт 10 тэрбум 715 сая төгрөг зарцуулж, 985 барилгын дээвэр, цахилгаан шатны засварт 18 тэрбум 021 сая төгрөг зарцуулж, 1308 цахилгаан шатыг тус тус шинэчилсэн байна.
Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.85.5-д “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын ашиглалтын шаардлага хангахгүй лифтийг шинэчлэх”-д зориулж, улсын төсвөөс 11 тэрбум 280 сая төгрөг зарцуулахаар тусгагдаад байна.
Орон сууцны тухай хуулийн 2011 оны нэмэлт өөрчлөлтөөр хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглох зохицуулалтыг шинээр нэмж оруулсан.
Мөн орон сууцны барилгын болон инженерийн шугам сүлжээний төлөвлөлт, ашиглалтын талаар барилгын доорх норм, дүрмүүдийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлж байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 122 дугаар тушаалаар Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрмийг баталж, сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлж, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд: Салбарын холбогдох байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтаар СӨХ-дын үйл ажиллагаа нь ерөнхийдөө хангалттай түвшинд байна гэж үнэлэгдэж ирсэн боловч иргэд, оршин суугчдын гомдол тасардаггүй, СӨХ-ны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах хандлага түгээмэл байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дараах зохицуулалтууд хангалтгүй хэрэгжиж ирсэн. Үүнд:
Гэтэл сууц өмчлөгчдийн идэвх, санаачлага, оролцоо сулаас хуулийн дагуу ирц бүрддэггүй, ирц бүрдээгүй байхад хурал хийх, бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх асуудлыг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал бие даан шийддэг байдал түгээмэл бөгөөд үүнээс шалтгаалж, СӨХ-ны засвар, үйлчилгээний хөлс, зардал, дундын өмчийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон маргаан зөрчил байнга гарсаар ирсэн.
Тэд энэхүү эрхийг хэрэгжүүлэхдээ сууц өмчлөгчдийн эрхийг зөрчсөн шийдвэрийг цөөнгүй гаргадаг. Тухайн шийдвэрийг vндэслэлтэй олгогдсон эсэхийг хянан шийдвэрлэх хугацаанд хамгаалалтын арга хэмжээ авах механизм байдаггvй.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хотхон хорооллын орон сууцны бус зориулалттай техникийн өрөө, нэгдүгээр давхрын үйлчилгээний хэсгүүд автомашины ил, далд зогсоол нь оршин суугчдын дундын өмчлөлд хамаардаг.
Товчхондоо, энэхүү хууль нь тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээг хэвийн найдвартай байлгахад оршин суугчдын оролцоог хуульчилсан хууль. Хууль хэрэгжээд 13 жил болжээ. Гэтэл дийлэнх оршин суугчид хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Тэгэхээр уг хуульд “салхи оруулах” зайлшгүй шаардлагатай гэж хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байлаа.
Хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүдийг доорх холбоосоор орж үзнэ үү.