Монголчуудын дунд шүдний өвчлөл сүүлийн үед эрс нэмэгдэж, үүнийг дагаад шүдний гажиг гэх нэр томъёотой бид танил болоод удаж байна. Тиймээс шүдээ хэрхэн эрүүл байлгах цаашлаад шүд, ясны гажигаас урьдчилан сэргийлэх талаар Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Г.Ганжаргалтай ярилцсан юм. Тэрбээр Кубын Гавваны их сургуульд шүдний эмч мэргэжил эзэмшихийн тулд 6 жил суралцаж төгссөн. Мөн Японы Токиогийн их сургуулийн Анагаахын их сургуульд 6 жил мэргэжил дээшлүүлж ирээд монголдоо ажиллаж байна. Тэрбээр одоо Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Шүд, нүүр, ам судлалын танхимд багшлахынхаа хажуугаар “Orthoson dent” хэмээх шүдний эмнэлгийг нээн ажилуулж байгаа юм.
-Монголчуудын дунд шүдний өвчлөл хөгжингүй орны иргэдтэй харьцуулахад хожуу тархсан гэгддэг ч одоо хүн амынхаа тоонд харьцуулахад дэлхийд шүдний өвчлөлөөрөө дээгүүр ордог гэж сонссон юм байна. Энэ талаар хийсэн судалгаа байдаг болов уу?
-Монголчуудын шүдний цоорол гамшгийн хэмжээнд хүрчихсэн гээд хэлчихэд нэг их хэтрүүлсэн болохгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2010 онд манайхны дундах шүдний гажигийн тархалт, цооролтыг судлахад 82 хувьтай гарсан байдаг юм. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Бид 2 жилийн өмнөөс хөдөө орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиудаар үнэгүй үзлэг хийж байгаа. Энэ үзлэгийн үр дүнд шүдний цоорол хүүхдүүдийн дунд бараг 90 хувьд хүрчихснийг нь тогтоосон. Шүдний цоорлоос гажиг бий болдог. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн дунд шүдний цоорол 90 хувьтай байхад хот суурин газруудад үүнээс ч илүү байх нь тодорхой юм. Учир нь шүдний цоорол, гажиг бол хөгжлийн өвчин гэж тодорхойлогддог. Улс орон хөгжих тусам л энэ өвчин улам нэмэгдсээр байх болно. Тиймээс л монголчуудын дунд шүдний өвчлөл хожуу бий болсон. Харамсалтай нь таны хэлдгээр өнөөдөр дэлхийн хөгжингүй орнуудыг давж очих хэмжээнд хүрчихээд байна. Өөрөөр хэлбэл, 10 хүүхдийн 9 нь ямар нэгэн байдлаар шүдний өвчлөлд нэрвэгдсэн байна гэдэг бол ярилцлагын эхэнд хэлсэнчлэн гамшгийн хэмжээнд хүрчихсэн нөхцөл байдал юм.
-Шүдний өвчлөл хөгжлийн өвчин юм бол улс орон хөгжихийн хэрээр урьдчилан сэргийлэх, эмчлэх арга нь улам нарийсах байх?
-Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр хүнсний бүтээгдэхүүнийх нь найрлагад өөрчлөлт орж байгаа. Шүдний өвчлөлөөс гадна чихрийн шижин, даралт 2-ыг ч хөгжлийн өвчин гэж анагаах ухаанд нэрийддэг. Эдгээр өвчлөл хоол хүнснээс л улбаатай. Хамгийн энгийнээр тайлбарлахад хүний идэж байгаа зүйл нь зөөлрөөд ирэхээр яс дутуу хөгжих эхлэл тавигдаж байгаа юм. Тухайлбал, эрүүн дээр ямар нэгэн даралт ирж байж эрүүний яс бүрэн хөгжих ёстой. Гэтэл ямар ч даралт байхгүйгээс болоод дутуу хөгжсөн эрүүн дээр шүд нь багтаж ургаж чадахгүй байгаа үзэгдлийг шүдний гажиг гээд байгаа юм. Одооны хүүхдүүд толгой дараалан агт араа авхуулж байгаа шалтгаан нь ердөө л энэ. Орчин үед агт араа нь багтаж ургадаг хүүхэд гэж байхгүй болчихсон. Бидний ээж, аавын үед бол эрүүний яс нь бүрэн хөгжчихдөг байсан учир агт араа нь түвэггүй ургачихдаг байж.
Тиймээс цагаан идээ, тэр дундаа ааруул, ээзгий гэх мэт хатуу чанарын бүтээгдэхүүнүүд бүгд ясны дутуу хөгжлөөс урьдчилан сэргийлж, цаашлаад шүдний цоорол, гажигийг газар авхуулахгүй байх ид шидтэй бүтээгдэхүүн. Хөгжингүй орнуудад хатуу зүйл идэхийг л гажгаас урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж байна шүү дээ. Тэгэхээр эцэг, эхчүүддээ хүүхдүүддээ цагаан идээ сайн идүүл гэж зөвлөх байна.
-Тэгэхээр хатуу ааруул л энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ганц арга байх нь ээ. Өөр анхаарах зүйл юу байна вэ?
- Хатуу хоол гэхээр л заавал ааруул гэсэн үг биш л дээ. Зажлууртай, ширхэглэг ихтэй, удаан зажлах зориулалттай ногооны төрлүүдийг их хэмжээгээр хэрэглэх нь ч хэрэгтэй. Стандартаар бол өглөөний цайг 15 минутаас дээш хугацаанд уух ёстой байдаг. Энэ нь цаагуураа шүдийг ажиллуулах хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа юм. Мөн хүүхдийг хоолоо идэж дууссаных нь дараа уух зүйл өгөхгүй бол шүдээ бараг хэрэглэхгүйгээр уух зүйлээрээ даруулаад идэх юмаа шууд залгичихдаг. Шүд хэрэглэхгүй бол яс хөгжихгүй шүү дээ. Тэгээд л гажиг үүснэ. Үүнээс гадна хоол идэхэд нь зөв суулгах нь бас чухал шүү.
Нөгөөтэйгүүр, ясны хөгжлөөс үүдэлтэй гажиг гэхээр зөвхөн шүд биш. Толгойны байрлал, нуруугаа дагаад тухайн хүн бөгтөр болох уу, үгүй юу, эрүүний үе, нүүрний хэлбэр ямар болох вэ гэдэг шууд хамааралтай. Тэгэхээр эцэг, эхчүүд анхнаасаа хүүхдээ зөв амьсгалуулж, залгиулж, зогсуулж сургах хэрэгтэй. Хүмүүсийн бөгтөр болж байгаа хамгийн гол шалтгаан нь буруу амьсгалж байгаатай нь холбоотой. Багаасаа буруу амьсгалаад сурчихсан хүүхдүүд бөгтөр, өвчлөмтгий, хоолойны махтай, ам нь өмхий болдог. Мөн цус харвах магадлал ч өндөр байна. Учир нь буруу амьсгалдаг хүмүүс яваандаа хурхирдаг болно. Хурхиралт бол цус харвах шалтгааны 70 хувь нь байдаг. Ганцхан хүүхэд гэлтгүй амаа ангайж унтдаг том хүнд ч энэ асуудал тохиолдно.