Хөдөлгөөний эрчим ихтэй Улаанбаатар-Дархан чиглэлийн 230 км авто замыг шинэчлэх ажлыг энэ хавраас эхлүүлэхээр болсон талаар Зам, Тээврийн хөгжлийн яамнаас мэдээллэсэн. Бид энэ талаар Зам, Тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбатын зөвлөх, Шинжлэх ухааны доктор Д.Готовтой ярилцлаа.
-ХОНОГТ ДУНДАЖААР 3800-4000 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧДОГ-
-Хамгийн их осол аваар гардаг Дархан чиглэлийн замыг шинэчлэх болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Авто зам барих, ялангуяа хатуу хучилттай зам барих хэрэгцээ шаардлага юуны өмнө тээврийн хэрэгцээнд үндэслэдэг. Тухайлбал бид замыг барихдаа тодорхой үзүүлэлтүүдийг анхаарч үздэг. Гол үзүүлэлт бол тээврийн хөдөлгөөний эрчим. Өөрөөр хэлбэл хоногт энэ замаар хэдэн автомашин явж байна вэ гэдэг үзүүлэлт байдаг. Үүнийг бид улсын чанартай авто замын 70 гаруй цэг дээр жилийн дөрвөн улиралд тодорхой хугацаанд тоолдог. Өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар монгол улсын хэмжээнд хоёр чиглэлд хөдөлгөөний эрчим өндөр байна гэж гарсан. Нэгдүгээр Налайхын зам. Энэ замд өргөтгөл шинэчлэлт хийгдэхээр төлөвлөж байгаа. Хоёрдугаарт Улаанбаатар- Дархан чиглэлийн 230 км авто зам. Энэ замаар хоногт дундажаар 3800-4000 орчим тээврийн хэрэгсэл зорчиж байдаг. Бид авто зам барихдаа зөвхөн өнөөдрийн эрчимээр тооцдоггүй. Арван жил, хорин жил, гучин жилийн дараа хэд болох вэ гэдгээр боддог аргачлал байдаг.
-Энэ замыг онцгойлон засч, шинэчлэх болсон гол шалтгаан юу вэ?
Авто замыг барихдаа зөвхөн хөдөлгөөний эрчимээс гадна нийгэм, эдийн засгийн ямар ач холбогдол байна вэ гэдгийг хардаг. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам бол Азийн авто замын сүлжээнд орсон зам. Мөн Монгол, Орос, Хятад гурван орны хооронд дамжин өнгөрөх тээврийг нэвтрүүлэхээр өнгөрсөн жилээс туршилт хийж байгаа. Түүнчлэн эдийн засгийн гол гол төвүүдийг холбож байгаа, цаашид нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой зам учраас энэ замыг онцгойлон авч үзэж байгаа.
ДАРХАНЫ ЗАМЫГ ЦЕМЕНТ БЕТОНООР ЦУТГАНА-
-Энэ чиглэлийн замыг шинэчлэхдээ нэгдүгээр зэргийн зам болгоно гэж байсан. Одоо байгаа нь хэддүгээр зэргийн зам бэ?
-Өнөөдрийн байдлаар Дарханы замын байдал бидний стандартаар гуравдугаар зэргийнх байгаа юм. Гэтэл хөдөлгөөний эрчим нь нэгдүгээр зэргийн замтай адилхан. Тэгэхээр зайлшгүй засварлаж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дархан-Улаанбаатар чиглэлийн энэ зам дээр осол аваар байнга гардаг цэгүүд бий. Осол ихэвчлэн гардаг есөн цэгийг тодорхойлсон. Энэ хэсгүүдэд замыг өргөсгөх, гүйцэж түрүүлэх боломж олгох гэх мэт арга хэмжээ авах шаардлагатай. Улмаар энэ чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй байхаар урьдчилсан төсөөлөл зураг гаргаад, техник эдийн засгийн үндэслэл, зургаа хийгээд байж байна.
-Замыг цемент бетоноор барихаар төлөвлөсөн гэсэн. Хэдэн жилийн баталгаа өгөх вэ?
-Хатуу хучилттай замыг барих хоёр үндсэн материал байдаг. Нэгдүгээрт цемент бетонон зам, нөгөөх нь асфальт бетонон зам. Сүүлийн үед техник технологи сайжраад бусад орнуудад асфальтаар авто зам барих нь ихэссэн. Манай улсад цементийн хэд хэдэн сайхан үйлдвэр байна. Улаанбаатар хотод дөрөв, Дорноговь аймагт гурван үйлдвэр, Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Ховд аймагт тус бүр нэг үйлдвэр байна. Одоогоор Монгол Улсад жилд 6,9 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа. 2030 он гэхэд жилд 1000 км зам барих хүчин чадал бий. Цемент бетон хучилт нь асфальт хучилтаас чанарын хувьд ихээхэн давуу талтай. Өөрөөр хэлбэл 50-60 жил ашиглах боломжтой. Мөн геологийн хүндрэлтэй нөхцөлд тохиромжтойгоос гадна дугуйны даралтад хотойдоггүй. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор цемент бетоноор зам барих боломжийг судалсан. Цементээр замын хучилт хийх нь асфальт хучилт хийхээс үнэтэй. Гэхдээ нийт ашиглалтын хугацааг аваад үзэхээр ашиглалт, засвар арчилгааны зардал туйлын бага шаардагдах учраас ашигтай гэж тооцоолж байгаа юм.
-Дөрвөн эгнээтэй замтай болсоноор осол аваар буурна гэж үзэж байгаа юу?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн засварлаж шинэчилсэнээр нэгдүгээр зэрэглэлийн, дундаа тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээтэй зам болох юм. Ингэснээр осол аваар буурна. Тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Цаашдаа олон улсын тээвэрлэлт явуулах хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан зам болно. Зөвхөн Улаанбаатар-Дархан гэлтгүй цаашаа Алтанбулаг хүртэлх замыг сайжруулах боломжтой гэж үзэж байгаа.
-ДУУСАХ ХУГАЦААГ 2020 ОН ГЭЖ ХАРЖ БАЙНА-
-Энэ замын засвар, шинэчлэлтийн ажилд зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээ тодорхой болсон уу?
-Хөрөнгө мөнгөний асуудал ажлын зураг сүүлийн хувилбараар гарч, техник эдийн засгийн үндэслэлээ тодорхой болгосоны дараа шийдэгдэх байх. Манай зургийн инженерүүд, зураг төслийн компаниуд тооцоо судалгаагаа хийж байгаа.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам шинэчлэлтийн төсөл хэзээ хэрэгжиж эхлэх вэ, бас дуусах хугацаа нь хэзээ вэ?
-Манай улсын авто зам, барилга барьдаг улирал богинохон. Тиймээс энэ хавраас эхлэхээр төлөвлөж байна. Харин дуусах хугацааг 2020 он гэж урьдчилан харж байгаа. Гүйцэтгэгч компанийн хувьд тодорхой журмаараа тендэр зарлаж шийднэ. Одоогоор гүйцэтгэгч компаниа тодруулаагүй байна.
-Цемент бетоноор барьсан зам хатахдаа удаан байдаг гэсэн. Энэ тохиолдолд зам хатах хүртэл автомашинуудаа хэрхэн зорчуулах юм бол?
-Цементээр зам цутгахын нэг дутагдалтай тал нь хатах явц байдаг нь үнэн. Тиймээс зам барих явцдаа одоо байгаа замаараа автомашинуудаа явуулж байна. Энэ хооронд хажуу талаар нь хоёр эгнээ замаа цементээр бариад хатаад ашиглалтад орсоных нь дараа, нөгөө хуучин хоёр эгнээ замаа шинэчилж эхлэнэ гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа