Дональд Трамп: АНУ нүүрсний эсрэг дайнд цэг тавьж байна



Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрчим хүчний үйлдвэрлэлд "Шинэ эрин үеийг эхлүүлэх" шийдвэрт гарын үсэг зурлаа. Ингэснээр нүүрсний салбарыг сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтойг тэрбээр дурджээ. Дональд Трамп өмнө нь Барак Обамагийн дэлхийн дулаарлын эсрэг төлөвлөгөөг буцаана гэж сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан юм. Энэ нь түүний хувьд амлалтаа биелүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болж байна. Үүнээс гадна энэхүү зохицуулалт нь зөвхөн эрчим хүчний салбарт бус бүхий л салбарт нөлөөлнө гэдгийг тэрбээр онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Бид АНУ-ын уул уурхайн олборлогчдыг эргүүлэн ажилд нь оруулах болно. Үүнээс гадна бид нүүрсний эсрэг зохицуулалтыг аль хэдийн хүчингүй болгосон. Гэхдээ энэ бол ердөө эхлэл. Манай Засгийн газар нүүрсний эсрэг дайнд цэг тавьж байна. Бид цаашид цэвэршүүлсэн нүүрстэй болно. Энэхүү шийдвэр нь АНУ-ын эрчим хүчний салбарт тавих хязгаарлалтыг цуцлах, Засгийн газрын хэт их оролцоог бууруулах, ажлын байрыг үгүй болгож байгаа зохицуулалтуудыг цуцлах түүхэн алхам болж байна. Эцэст нь бид эрх мэдлийг улсад эргэн төвлөрүүлж байна" гэж мэдэгдсэн байна.

 

Үүнээс гадна АНУ-ын Сенат дахь Ардчилсан намын гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр хилийн дагуу хана барих ажлыг санхүүжүүлэх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Мягмар гарагт Сенатын цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер, Ардчилсан намын Сенатын гишүүд болох Боб Менендез, Камала Харрис нар хэвлэлийн бага хурал хийсэн байна. Тэд Мексикийн хилийн дагуу хана барихад гурван тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг буцаахыг Конгресст хандан уриалжээ.

Сенатын цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер "Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газар Дотоодын аюулгүй байдлын яаманд хана барих болон аюулгүй байдлыг хангах шинэ албан хаагчдыг ажилд авахад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хүссэн. Татвар төлөгчдийн мөнгийг шаардлагагүй хана барихад зарцуулахын оронд бид хөрөнгө оруулалт хийх, ажлын байр бий болгох болон дэд бүтцийг хөгжүүлэхэд санхүүжилтээ зарцуулах хэрэгтэй. Тиймээс бидэнд АНУ-ын гэр бүлүүдийг тусгаарлах, хүүхдүүдийг болон орон нутгийн эдийн засгийг хохироох шаардлага байхгүй" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ