ХАВРЫН ЧУУЛГАН: Төсвийн тодотгол,Үндсэн хуулийг хэлэлцэнэ



УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийнэ. Монгол Улс ОУВС-тай хэлэлцээ хийж байгаа энэ үед хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудлуудын нэг нь 2017 оны төсвийн тодотгол болж байна.

 

Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ хамгийн тэргүүнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батална.

Засгийн газрын хувьд 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Ингэхдээ орлого нэмэгдүүлэх, төсвийг тогтворжуулах зорилгоор зургаан төрлийн татварыг нэмэх, мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаас гадна Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгох, зарим зардал шаардсан хуулийн төслийн үйлчлэх хугацааг зогсоох зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн.

Дараагийн нэг том  хаврын чуулганы анхаарал татаж буй нэг асуудал бол Казиногийн тухай хуулийн төсөл юм. Монгол Улсад казино байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр 1998, 2007, 2009, 2015 онуудад УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлан оруулж байсан ч бүгд бүдэрч байсан. Тэгвэл казино байгуулах ээлжит оролдлогыг Ж.Эрдэнэбатын танхим дахин эхлүүлж байна.

Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг судлах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан. Мөн Ерөнхий сайдын захирамжаар доктор, профессор Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсгийг мөн байгуулсан юм. Тус ажлын хэсэг 21 аймгаар явж, иргэдийн санаа бодлыг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх аж.

Мөн УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад:

  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
  • Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл
  • Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
  • Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл
  • Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хуулийн төслүүд багтжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ