Эрүүл, аюулгүй байдлыг хангах сургалт Баянхонгороос эхэллээ



Сүүлийн үед өөрчлөн байгуулалт, их бүтээн байгуулалтын ажил хот хөдөөгүй өрнөж, үүнийг дагасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, стандарт хэм хэмжээний тал дээр анхаарч ажиллах нь юу юунаас чухал болоод байна. Энэхүү цаг үеийн шаардлагыг дагаж,  ХНХЯамны  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтнуудыг чадавхижуулах, тэдэнд мэдээлэл өгөх, хамтарч ажиллах зорилгоор хөдөө орон нутагт ажиллах гараагаа Баянхонгор аймгаас эхлүүлжээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тал дээр мэдээлэл дутмаг байдгийг бид юу эс андах билээ.

Үүний урьд талд энэ айлын тухайд дурдахгүй өнгөрч болохгүй. Тус байгууллага нь өдгөөгөөс 50 жилийн өмнө буюу 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэй байгуулагдаад өнгөрөгч 2016 онд Засгийн газрын тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болж, дөрвөн газар, зургаан хэлтэст 100 шахам алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.    Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг үнэлэх, эрүүл ахуйн хэмжилт хийдэг цор ганцхан байгууллага. Мөнхүү Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх зэрэг чиглэлээр сургалт судалгаа явуулдаг чухал албатай аж.

         Баянхонгор аймгаас гараагаа эхлүүллээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс хөдөө орон нутагт эхлүүлж буй сургалт судалгааны ажиллагаа нь Баянхонгор аймгаас гараагаа эхлүүлж, цаашид олон аймагт энэхүү ажлыг зохион байгуулна гэдгийг тус төвийн дарга М.Даваабат Баянхонгор аймагт ажиллах үеэрээ дурдаж байсан юм.Нөгөө талаар орон нутагт өрнүүлж буй уг арга хэмжээ нь тус айлын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлуудын нэг гэдгийг ч онцолсон. Энэхүү арга хэмжээний хүрээнд төр хувийн хэвшлийн мэргэжилтэн, ажилтнуудад сургалт зохион байгуулж, сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцооны шинэчлэл, эрүүл ахуйн үндэсний бодлого, эрх зүйн зохицуулалт, эрүүл ахуйн сургалтын тогтолцоо, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны чиг үүрэг, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм, мэргэжлээс шалтгаалсан өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гээд олон талт асуудлын хүрээнд сургалт зохион байгуулсан юм.  Ийнхүү сургалтад хамрагдсан ажилтан алба хаагч нарт мэргэжлийн сертифкат олгосон. Сургалт нь зөвхөн номын дуу сонссоноор өндөрлөсөнгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гээд олон тал дээр харилцан санал солилцож, ажлын байранд буюу бодит байдалд тулгуурласан ихээхэн үр дүнтэй болсон гэдгийг хонгор нутгийнхан онцолж байлаа.

Сургалтын анхаарал хандуулсан зүйл нь мэдээж мэргэшсэн дадлага туршлагатай хүмүүсийн илтгэл лекц байсан. Энэ үеэр зөвлөх П.Энхтайван “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний бодлого, эрх зүйн зохицуулалт” сэдэвт лекцийг олны сонорт хүргэсэн бол Эрүүл ахуйч О.Болорсүх “Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээний ач холбогдол” сэдвийн дор гээд хүн бүр л өөр өөрийн бэлдэж очсон аяны богцоо харамгүй задалсан.

Политехникийн коллежиор...

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх гол цөм болсон Политехникийн коллеж  аймаг бүрт бий. Эндээс л улс эх орны бүтээн байгуулалт гээд бүхий л салбарт гар бие оролцох мэргэжилтнүүд төрөн гардгийг бид мэднэ. Тэгэхээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийнхний ажиллах ёстой газрын нэг бол яах аргаггүй Политехникийн коллеж мөн. Баянхонгор аймгийн Политехникийн коллежтэй танилцах, тэдэнтэй санал бодлоо солилцох үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хүрэлцэн ирсийг ч дуулгах нь зүйн хэрэг биз ээ. Дашрамд дурдахад Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр удаа дараа орон нутагт ажиллаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж байгааг ч энэ үеэр иргэд дурдаж байсан. Тиймдээ ч энэ үеэр салбарын сайд “Мэргэжлийн боловсролын төвийн үйл ажиллагааг сайжруулах, цар хүрээг өргөтгөх үүднээс зарим сургуулиудын чиг үүргийг өөрчлөх шаардлагатай. Салбарын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлаж мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх бодлого барьж байна. Тиймээс мэргэжлийн чиг баримжаа олгож буй өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагад анхаарах зүйлс байна” хэмээсэн.

Зөвхөн үүгээр ч зогсохгүй Н.Номтойбаяр сайд аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай нэг тэрбум 235 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийх хамтын ажиллагааны гэрээг байгуулж, гэрээний хүрээнд орж ирэх санхүүжилтээр Баянхонгорын залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд чиглэсэн ажлууд хийгдэхийг аймгийн Засаг дарга онцлоно билээ.

Тус коллеж нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Дорж, Гавьяат барилгачин Б.Искра, Гавьяат багш Ж.Жанцандорж, Гавьяат тамирчин З.Дүвчин нарыг төрүүлсэн тус сургууль нь 1963 онд “Барилгын сургууль комбинат” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш 50 гаруй жилийн нүүрийг үзэж, өнгөрөгч хугацаанд эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцэгжилтэд томоохон хөрөнгө оруулсан эрдмийн үүр уурхай гэдэгтэй баянхонгорчууд төдийгүй монголчууд санал нийлнэ.

Өнөөдрийн байдлаар Политехникийн коллеж нь 1-3 жилийн буюу нэг жил, 2 жил, гурван жилийн сургалтын программын дагуу техникийн, барилгын, оёдлын, үйлдвэрлэлийн, хөгжмийн, эсгий, эсгий эдлэлийн, ил далд уурхайн, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний, үсчин гоо сайхны гээд 30 орчим төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг томоохон айл болж өргөжижээ.

Хамтран ажиллах гэрээ байгуулав

Тус төвийн дарга М.Даваабат газрын  дарга Г.Нямдэжид, Эмнэлэг хариуцсан дэд дарга  С.Цогт , зөвлөх  П.Энхтайван, захиргааны хэлтсийн дарга М.Батмагнай, Хөдөлмөрийн нөхцлийн мэргэжилтэн Д.Соёлмаа, Эрүүл ахуйч О.Болорсүх, эмч Х.Цэрэнпагма нарын бүрэлдэхүүнтэй баг Баянхонгор аймагт ийн ажиллахын зэрэгцээ тус аймгийн Засаг дарга Г.Батжаргал, тамгын газрын дарга бөгөөд ХАБЭАЗөвлөлийн дарга Ц.Дашцэрэн нартай  хамтран ажиллах санамж бичигт үзэглэв.

Үзэглэхийн учир нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлж, “Эрүүл ахуйг эрхэмлэгч аймаг болгох”-оор зориг шулуудсанд бий.Тухайлбал, барилга, уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН байгууллагуудын ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээнд хамруулж ажлын байрны эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах талаар зөвлөмж өгөх, уул уурхайн компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөл байдалд аймгийн холбогдох байгууллагуудтай хамтран үзлэг зохион байгуулах, энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан 200 ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах, ажилтан бэлтгэх гэх мэт олон талт зүйлийг гэрээнд тусгасан юм.

Эрүүл, аюулгүй байдлыг эрхэмлэгч эмнэлгээр.....

Хөдөлмөрийн сайдын 2013 оны тушаалаар “Эрүүл аюулгүй ажлын байрыг  эрхэмлэгч байгууллага” шалгаруулах журмын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс жил бүр аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд шаардлага хангасан байгууллагуудыг шалгаруулан олон нийтэд зарладаг уламжлал бий болжээ. Шалгаруулалтыг тус төвийнхөн том, дунд, жижиг аж ахуйн нэгж байгууллага гэсэн гурван ангилалд шалгаруулдаг байна. Харин энэ жилийн том ААН байгууллагыг шалгаруулахад тэдний ажилласан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг тавдугаарт жагссан нь чамгүй амжилт гэдгийг ч энэ үеэр мэргэжлийн хүрээнийхэн онцолж байлаа. Энэ утгаараа өөрийнх нь зарлаж, шалгаруулан явуулдаг уралдаанд чамгүй амжилт гаргасан эмнэлгээр тус төвийнхөн зочлохоо бас мартаагүй.

Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас аюулгүй байдлаа боломжийн хангасан үзүүлэлтэй байгууллагаар зочилж, цаашид чухам юуг анхаарч ажиллах юм. Ирүүлсэн материал бодит байдалд нийцсэн эсэхээс эхлээд юу эс мундах билээ. Ямартай ч Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг зохих үнэлгээгээ авч, зохих байраа эзэлжээ гэдгийг газар дээр нь очсон мэргэлжийн багийнхан сэтгэл дүүрэн өгүүлнэ билээ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахын нэгэн шалтгаан нь улсын хэмжээнд зарлагдсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг  эрхэмлэгч байгууллага” шалгаруулах журмын дагуу том аж ахуйн нэгж байгууллагуудаас тавд жагссан батламжийг гардуулах байсан бөгөөд батламжийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Н.Баттогтох  гардсан билээ.  

Уурын зуухны ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийжээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийнхөн энэ аймагт ажиллах үеэрээ Баянхонгор аймгийн “Чандмань-Баянхонгор”, “Зүүн шанд” уурын зуухны ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ хийжээ.

Энэ үеэр  онцгой байдлын үед ажилтнуудыг авран хамгаалах төлөвлөгөө боловсруулах, аваарь ослын үед цугларах цэгийг байгуулах, ажилтнуудыг гамшгаас сэргийлэх арга барилд сурган хэвших, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар ажилтнуудад сургалт зохион байгуулах зөвлөмж зөвлөгөө өгөх, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин хурц хордлогын тохиолдлыг судлан бүртгэхээс эхлээд олон тал дээр санамж зөвлөгөө өгсөн нь үр дүнгээ өгсөн байна.

Ийнхүү Баянхонгор аймгаас гараагаа эхэлж байгаа энэхүү аяныг олон аймагт өрнүүлэхийг зорилгоо болгож байгаа нь сайшаалтай төдийгүй өдгөө цагт нүдээ олсон зүйл гэдгийг хаа хаанаа дурдаж байна лээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ