Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардалд 23,3 тэрбум төгрөг олгожээ



Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын бодлогын хэрэгжилтийн газраас  хэрэгжүүлж байгаа ажил болон зорилтын талаар сонирхож ЭМНДЕГ-ын ЭМД-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ё.Нарангэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Эрүүл мэндийн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гаас хариуцах болсон талаар сонирхуулна уу?

-ЭМД-ын хуулиар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл болох өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, протез, ортопедийн зардлыг ЭМДС-гаас  төлбөрийг нь төлдөг болсноор өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай160 олон улсын оношийн бүлгийн 484 төрлийн эмнэлгийн хэрэгслийн зардалд 900-28,7 сая төгрөгийн хөнгөлөлтийг ЭМДС-гаас төлөхөөр тогтоосон. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн “Журам жагсаалт батлах тухай” 2016 оны тогтоолоор ”ЭМДС-гаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтын протез, ортопедийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох хэмжээ болон зардлыг санхүүжүүлэх, хяналт тавих журам”-ыг тус тус батлан, мөрдөн ажиллаж байна. Уг зардлыг ЭМДС-гаас 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс санхүүжүүлж эхэлсэн. Тусламж үйлчилгээг 2015 онд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ-д тус тус үзүүлсэн. Мөн 2016 оноос ХСҮТ нэмэгдсэн. Төрийн өмчийн энэ зургаан байгууллагатай хамтран ажилласнаар 2015 онд 2046 хүнд 3,3 тэрбум, 2016 онд 11365 хүнд 15,6 тэрбум, 2017 оны 3 сарын 9-ны байдлаар 2913 хүнд 4,4  тэрбум төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг ЭМДС-гаас тус тус олгоод байна. Даатгуулагчдын эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн тэдэнд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээг чанартай, чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтанд тэнцсэн 12 хувийн хэвшлийн эмнэлэгт 2017 онд өндөр өртөгт тусламж, үйлчилгээний гэрээ байгуулан, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр иргэн хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд ЭМД-аас хөнгөлөх зардлын хэмжээг нэмэгдүүлж, иргэнд учрах төлбөрийн дарамт буурах юм.   

-Энэ тогтоол журмыг хэрэгжүүлэх явцад эргэж харах асуудал тулгарч байна уу?        

-Хувийн хэвшлийн эмнэлгүүд эмнэлгийн хэрэгсэл, протезийн худалдан авалт зохион байгуулах эрх бүхий этгээд биш, ЭМБ-ын зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийг худалдан авсан үнэ нь ЭМДС-гаас хөнгөлөх хэмжээнээс  хэт доогуур байх зэрэг зохицуулах асуудал гарч байгаа. Уг асуудлыг шийдвэрлэх санал боловсруулсан учраас цаашид хэрхэн зохицуулах арга хэмжээг авч байгаа.

-ЭМДС-гаас үзүүлэх элэгний С вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийн талаар сонирхуулна уу?

-Элэгний С вирусийн халдвар, түүний шалтгаан элэгний архаг үрэвсэл, хатуурал, хавдрын өвчлөл зэрэг нь манай улсын хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон. Иймд Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нийгмийн бодлогод “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд НДС-гийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар ЭМДС-гаас элэгний С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлт зардлын төсвийг 23,4 тэрбум төгрөгөөр баталсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 32 тоот тогтоолоор элэгний С вирусын эсрэг эмийн үнийг хайрцаг тутамд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Монгол Улсын эмийн бүртгэлд элэгний С вирусийг эмчлэх Харвони, Хепсинат-ЛП,  Ледифос, Вирпас, Ледвир гэсэн таван төрлийн эм бүртгэгдэн худалдаалж байна. Эдгээр эмийг импортлогч “Моносфармтрейд” ХХК, “Азифарм” ХХК, “Омбол” ХХК, “Монгол Эм Импекс Концерн” гэсэн 4 байгууллагатай хамтран иргэд, даатгуулагчдад эмийн үнийн буцаан олголт болон хөнгөлөлтийг үзүүлж байгаа. Төсөв батлагдсан 2016 оны сүүлийн 3 сар гаруй хугацаанд 7287 хайрцаг эмийн буцаан олголт 1,5 тэрбум төгрөг, 2017 оны эхний 2 сар хагаст эмийн үнийн хөнгөлөлтөд нийт 2624 даатгуулагчдад 6612 хайрцаг эмийн 1, 4 тэрбум төгрөг тус тус олгоод байна.

-ЭМДС-гаас элэгний С вирусийн оношилгоо, шинжилгээний зардлыг хөнгөлөх болсноор ямар үр дүн гарч байгаа бол?

-2017 оноос элэгний С вирусийн оношилгоо, шинжилгээ хийлгэх даатгуулагчийн зардлын төлбөрийн тодорхой хэмжээг ЭМДС-гаас хариуцахаар  тооцоо судалгааг гаргасан.  Тус сангийн 2017 оны төсөвт элэгний С вирусийн оношилгоо, шинжилгээний зардалд 4,9 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан. Элэгний С вирусын идэвхжилийг тооцоо, шинжилгээг ЭМДС-ын хөнгөлөлттэй үзүүлэх хувийн хэвшлийн лабораторуудийг сонгон шалгаруулах зайлшгүй шаардлагаар “Тусламж, үйлчилгээ үзүүлэх ЭМБ-ыг сонгон шалгаруулах журамд” өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлээд байна.

 -Томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн үнэд ЭМДС-гаас хөнгөлөлт үзүүлэх болсон талаар юу хэлэх бол?                                        

-Улсын хэмжээнд  бага насны хүүхдүүдэд томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой 5 хүртэлх насны хүүхэд ууж хэрэглэх эмийн үнэд хөнгөлөлт үзүүлж байгаа. Тухайлбал, нэн шаардлагатай 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд ЭМДС-гаас 100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд ЭМД-ын гэрээ бүхий 808 эмийн сантай хамтран, даатгуулагчдад хүргэж байна. Тус сангийн эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг 1,5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 107 мянган хүүхдэд 860,4 сая төгрөгийн эмийн үнийн хөнгөлөлтийг үзүүлэв. Иймд уг ажлын үр дүн гарсан.

-Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрлийг хэдэн хувийн эмнэлэгт олгосон бэ? 

-Гемодиализ эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай Монгол Улсын Засгын газрын 2016 оны “Гемодиализ эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай” тогтоол, ЭМД-ын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг ЭМД-ын байгууллагаар дамжуулан худалдан авах” гэж заасны дагуу гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй  Люкс диализ, Интермед, УБ мед, Эрин, Интенсивкаре ХХК-ий ICU гэсэн таван хувийн байгууллагатай гэрээ байгуулж энэ оны 2 дугаар сарын15-наас тусламж, үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Одоогоор 70 гаруй хүнд энэ төрлийн тусламж үйлчилгээг тус эрүүл мэндийн байгууллагууд үзүүлээд байна. Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгахаар судалгаа тооцоог гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг санаачлан гемодиализ эмчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлж байна.                                                                                                                                

-Нэг гэр бүлийн гишүүний даатгуулагчийн зардлыг шилжүүлж ашиглах боломжтой болсон байх шүү?

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны тогтоолоор  даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын ЭМДС-гаас төлөх зардлын дээд хязгаарыг хоёр сая төгрөгөөр шинэчлэн тогтоож, 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байна. Мөн ЭМДС-ийн орлогын ихэнх хувийг бүрдүүлж, зардалд бага хувийг эзэлдэг ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагчийн хувьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрсөнөөр түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой. Энэ тухай 2016 онд “Гэр бүлийн гишүүн-даатгуулагчийн зардлыг шилжүүлэн тооцох журам” батлагдсан. Энэхүү үйлчилгээ нь эрүүл мэндийн улмаас гэр бүл, иргэдэд үүсэх санхүүгийн эрсдэлийг хуваалцаж, ЭМД-аас хөнгөлөх зардлын хэмжээг нэмэгдүүлж байгаа үр дүнтэй ажил болсон юм.

 
 
 
Эх сурвалж: Албан ёсны эх сурвалж montsame.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ