УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр төсвийн тодотгол дээр төсвийн Ерөнхийлөн захирагч нарын зардлыг нэмэхээр оруулж ирснийг эргүүлэн буулгах тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, 2017 оны төсвийг өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан. Тэрхүү жишигт нь эргүүлэн аваачих тухай асуудлыг хуралдаанд оролцсон гишүүд тогтож хэлэлцлээ.
Ингээд сайд нарын зардлыг эргүүлэн буулгах тухай асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнгүй. Ингэхэд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, "Хүүхдийн мөнгийг хасчихаад дарга сайд нарын урсгал зардлыг нэмж байна. Төсвийн тодотголыг ОУВС-тай хэлэлцээртэй уялдуулж хийж байгаа гэж ойлгож байгаа. Түүнээс тодотгол дээр шинэ хөрөнгө оруулалт, шинэ зардал ярихгүй байх хэрэгтэй. Үүнийг цаашид жишиг болгох нь зүйтэй" гэлээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өгч буй тайлбараар бол, Мах сүүний анхдугаар аянд 15 тэрбум, 0-5 насны хүүхдийн эмийн зардалд 1,5 тэрбум, цэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээсний 900 сая төгрөг, Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг ашиглалд орж буйтай холбоотой 4,4 тэрбум, Баянгол дүүрэгт барьж буй эмнэлэгт 300 сая төгрөг гэх мэтээр сайд нарын урсгал зардал нэмэгдсэн аж.