МХЕГ, НМХГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Түргэн гэмтэх бүтээгдэхүүний хадгалалтын горим” сэдэвт сургалт зохион байгуулж, төв, орон нутгийн МХГ-ын улсын байцаагч, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл 70 гаруй хүнийг хамрууллаа.
Уг сургалтын зорилго ньХүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүнсний түргэн гэмтэх бүтээгдэхүүний хадгалалтын талаарх мэдлэг чадварыг улсын байцаагч, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд олгох, хадгалалтын горим, нөхцөл алдагдсанаас хоол, хүнсний хордлого, халдвар болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилготой юм.
“Өндөр эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүний хадгалалт”, “Импортын түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын онцлог”, “Жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногооны хадгалалт, олон улсын туршлага”, “Хагас боловсруулсан бүтээгдэхүүний хадгалалт”-ын талаар оролцогчдод мэдээлэл, зөвлөмж өгч, сонирхсон асуултад нь хариулсны зэрэгцээ хэлэлцүүлэг өрнүүлэв.