Эрчим хүчний салбарынхан өвлийн бэлтгэлээ эхэлжээ. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга салбарынхаа өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хэсгийн даргын хувиар өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт ажиллалаа. Дэд сайд цахилгаан дулааны станц болон түгээх компаниудаар орж, тулгамдсан асуудлуудыг нь сонсч өвлийн бэлтгэл ажилд хяналт тавьсан юм.
Эхний орсон байгууллага бол “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК. Тус компанийн Ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнийн танилцуулснаар бол өвлийн бэлтгэл ажлаа хангах төлөвлөгөөний дагуу хоёр үндсэн тоноглолд их засвар хийх бэлтгэлээ хангасан байна. Сэлбэг материалаа татаж, засварын ажлын тендэрүүд зарлагджээ. Засварын ажил нь ирэх сарын 15-наас эхлэх юм байна. Станцын хэмжээнд есөн зуух, дөрвөн турбин ажилладаг бөгөөд зуух №4, Турбин № 2-т их засвар хийх гэнэ. Засвар шинэчлэлээ өөрийнхөө хөрөнгөөр цус сэлбэх төдий хийдэг гэсэн тайлбарыг станцынхан хэлж байв. Харин 35 МВт-ын өргөтгөлийн суурилуулалтын ажлыг энэ жил эхлүүлэх талаар дэмжиж, салбараас бодитой арга хэмжээ авбал станцын хувьд найдвартай ажиллаж, өвлийг өнөтэй давах том баталгаа болно гэж станцын удирдлагууд онцолж байлаа. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК өнгөрсөн онд борлуулалтын орлогоо нэмэгдүүлж, осол сааталгүй ажиллажээ.
Дархан хотын 14000 гаруй айл өрх, 1530 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг дулаанаар хангадаг “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн хувьд мөн л өвлийн бэлтгэл ажлын хүрээний тендэрүүд зарлаж, төлөвлөгөөгөө гаргажээ. Нэг тэрбум 65 сая төгрөгийн засвар шинэчлэлийн ажил хийхээр болж. Тавдугаар сарын дундаас их засвараа эхлэх аж. Хотын дулааны 50 хувийг ачаалдаг шинэ хуучин Дарханыг холбосон 600 мм-ийн 2.7 км магистраль шугамыг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа гэнэ. Сүүлийн гурван жилд аваарийн горимд ажиллаж буй энэ шугамыг засварлах ажил тавдугаар сараас эхлэх нь. Мөн нийт хэрэглэгчдийн 50 гаруй хувь нь дулааны төлбөрөө хугацаанд нь өгдөггүйгээс хүндрэл үүсдэг учраас ухаалаг тоолуур суурилуулах төсөл хэрэгжүүлэхээр болсноо станцын удирдлагууд дэд сайдад танилцуулав. Эхний ээлжинд 135 айлыг тоолуурт системд хамруулахаар болжээ.
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хувьд салбарын дэд сайдад ухаалаг тоолуураа онцолж танилцууллаа. 50 орчим мэдээлэл өгдөг уг тоолуур олон давуу талтай юм байна. Хөндлөнгийн хэн нэгэн түгжээг тайлахад автоматаар тог тасарч мэдээлэл өгөхөөс гадна аюулгүй байдлыг хангах тал дээр давуу талтай аж. Компани тэр чигтээ ухаалаг горимд шилжсэн нь сүүлийн таван жилийн үр дүн гэж удирдлагууд нь онцолж байлаа. Тэдний ухаалаг тоолуурыг хувийн хэвшлүүдээс эхлээд төрийн өмчит байгууллагууд ч сонирхож захиалга өгөх болжээ. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийнБ.Батжаргал “Манай компани техникийн шинэчлэлд багагүй хөрөнгө зардаг. Ер нь бол түгээх сүлжээгээ бид хувьчилж авснаар хэн нэгэн зуучлагчгүйгээр хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нээлттэй болсон” гэж байв.
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгыг Дархан-Уул аймагт ажиллах үеэр зарим зүйлийг тодруулсан юм.
-Өвлийн бэлтгэл ажилд голлон анхаарах ямар асуудлууд байна вэ?
-Эрчим хүчний салбарын 2017 – 2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хэдийнээ эхэлсэн. Гэхдээ Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгжээр ороход анхаарах зайлшгүй шаардлагатай асуудлууд байгаа нь харагдлаа. Тухайлбал “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК аваарийн байдалд хүрч, дөрвөн машин нь хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн болчихсон байна. Тиймээс даруй шинэчлэл хийх буюу суурилагдсан хүчин чадлыг 35 МВт-аар өргөтгөхөд бид анхаарна. Үүнийг бид шахаж, шаардаж ажиллах хэрэгтэй. Мөн “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК ч хүндхэн байна. Дархан хотын хувьд дулааны ачааллын 50 орчим хувийг үүрдэг Консулын тойргоос Монгол алтын уулзвар хүртэлх 2.7 км энэ шугам сэтгэл зовоож байгаа. Үүнийг бид онцгой анхаарч, шийдвэрлэхэд бодлогоо чиглүүлнэ. Харин “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК харьцангуй сайн ажиллаж байна. Түгээх сүлжээнүүдийг хувьчилснаар үр ашигтай ажиллах боломжтой гэдгийг энэ компани харуулдаг. Ухаалаг тоолуурын системийг нь улсын хэмжээнд дэмжиж нэвтрүүлэх шаардлагатай. Өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 900 орчим байцаагч ажиллаж байгаа ч, тогны хулгайг цэгцэлж чадахгүй, цаашлаад айлын нохойд уруулж хазуулах тохиолдол ч бишгүй бий. Тэгвэл “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ухаалаг тоолуурыг нэвтрүүлбэл 50 орчим мэдээлэл авахаас гадна шуурхай, аюулгүй байх боломж бүрдэх нь. Энэ мэт асуудлуудыг цаашид салбартаа анхаарч ажиллах болно.
-Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл ажлуудын эхлэл энэ онд тавигдана. Одоогоор ямар шатандаа яваа вэ?
Т.Г: - Улаанбаатар – Мандалговь, Багануур-Чойрын шугам болон “Дорнодын дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “ТЭЦ3” ТӨХК-ийн өргөтгөлийг энэ онд эхлүүлнэ. Мөн Ховд-Үенчийн цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалт гээд бүх төслийн тендэр зарлагдаж, гэрээ хийх түвшинд явж байна. МАН-ын мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүч экспорлох бодлого багтсан. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын дундуур БНХАУ-д албан ёсны айлчлал хийх бөгөөд Эрчим хүчний сайд П.Ганхүү эрчим хүч экспортлох болон Хятад-Монгол хооронд эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурна. Энэ айлчлалын бэлтгэл хангагдаж байна. Түүнчлэн 10 жилийн турш яригдаж байгаа Шивээ Овоогийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэж барих 5400 МВт-ын цахилгаан станц, тогтмол гүйдлийн 660 кВ-ын цахилгаан дамжуулах шугам болон уурхайн шинэчлэлийн цогцолбор төслийн ТЭЗҮ, мөн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн ТЭЗҮ-г энэ тавдугаар сар гэхэд бэлэн болгохоор ажиллаж байна.