Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, дүүрэгт 30 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 1564 га ой, 20297 га хээр, нийт 21861 га талбай түймэрт өртжээ.
Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 70 хувь өссөн, түймэрт өртөж шатсан га талбай 6,2 дахин буурсан үзүүлэлтэй байна. Тухайлбал, хамгийн их талбай хамарсан түймэр буюу Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн нутаг Зүүн гар хөндий гэдэг газар энэ сарын 03-ны өдөр гарсан хээрийн түймэрт нийт 10.000 га орчим хээрийн бүс шатаж гал түймрийг унтраахаар Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, Орон нутгаас нийт 137 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраажээ.
Ой, хээрийн гал түймрийн шалтгаан нөхцөл, шатсан га талбай, учирсан хохирлыг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна. Дээрх 30 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 416 албан хаагч, 42 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 891 иргэн, 105 автомашин тус тус дайчлагдан нийт 1438 хүн, 156 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар, холбогдох яам агентлагын удирдлагуудад хүргүүлжээ.