“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан төрийн байгууллагууд, тэдгээрийн ажлын албаны ажилтнуудад шинээр хэвлэгдсэн ном зохиолуудыг танилцуулах, нэг дороос өргөн сонголттойгоор ном худалдан авах боломж олгох зорилгоор Номын өдөрлөгийг Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, хэвлэлийн газруудтай хамтран Төрийн ордонд маргааш /2017.04.19/ зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд “Интерном”, “Аз хур” номын их дэлгүүр, “Непко”, “Мөнхийн үсэг”, “”Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулан, хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж олгох юм байна.
Өдөрлөгийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монголын үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэнд хандивын ном гардуулж, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос УИХ-ын Тамгын газрын номын санд ном хандивлах арга хэмжээ болно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.