Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бүрэн эрхт Элчин сайд Сурэш Бабуыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Д.Оюунхорол сайд “Манай хоёр улсын Засгийн газар 1998 онд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан ч жил ирэх бүрт Энэтхэг улсаас Монгол Улсыг зорих жуулчдын тоо буурч байна. Тиймээс энэхүү урсгалыг нэмэгдүүлэх тал дээр манай яам Энэтхэг улсын холбогдох яамтай хамтарч ажиллах сонирхолтой байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нэн тэргүүнд шаардлагатай. Энэтхэг улс аялал жуучлалын салбараа өндөр хөгжүүлсэн орны нэг. БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр төрийн албан хаагчдыг урт, богино хугацааны сургалтад хамруулдаг. Манай яамны зүгээс танай Засгийн газрынITEC болон бусад хөтөлбөрт салбарын мэргэжилтнүүдээ хамруулах сонирхолтой байна. Нөгөөтэйгүүр, байгаль орчны тулгамдсан асуудлуудаа Энэтхэг улс хэрхэн шийддэг хийгээд урьдчилан сэргийлдэг талаар харилцан туршлага солилцох хүсэлтэй байна. Энэтхэгийн томоохон хотуудад агаар, орчны тэр дундаа хөрсний бохирдлын асуудал тулгамдаж байгаа нийтлэг энэ бэрхшээлийг даван туулахад харилцан туршлага, мэдлэгээ солилцох нь чухал байна” хэмээсэн юм.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бүрэн эрхт Элчин сайд Сурэш Бабу “Манай 2 улсын хооронд 1998 онд байгуулсан хэлэлцээр зогсонги байдалтай байна гэдэгтэй санал нэг байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах асуудал дээр танай яамтай манай улс хамтарч ажиллах бүрэн боломжтой. Таны хэлснээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд боловсролтой хүний нөөц хамгийн чухал. Тиймээс таны хүсэлтийг хүлээн авч, мэргэжилтэн бэлтгэх богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг онцгой анхааран ажиллах болно” гэлээ.
Эх сурвалж: БОАЖЯ