Б.Бат-Эрдэнэ: Би хариуцлага хүлээхэд бэлэн



-Зэвсэгт хүчний салбарынхан гэмтэл бэртэл авах нь нэмэгдэж байна. Үүний эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

-Шуурхай арга хэмжээ авсан. Цэргийн төв эмнэлэг, Эрүүл мэндийн яам хамтраад энэ осолд өртсөн гэмтэж шархадсан хүмүүсийг хүлээж авах, тэдний амь насыг аврах ажлыг шуурхай зохион байгуулсан. Мөн сайдын зөвлөлийн хурал зарлаад, ажлын хэсэг томилоод, ажил арга хэмжээ зохион байгуулаад явж байгаа. Хоёр ажлын хэсэг гарсан. Зэвсэгт хүчний жанжин штабт тодорхой үүрэг даалгавар өгсөн. Дээр нь хууль хяналтын байгууллагууд, шүүхийн шинжилгээний газар ажиллаж байна.

Батлан хамгаалах яамны сайд бол иргэний статустай. Иргэний хяналтаа тавих, хэрэгжүүлэх хоёрын ялгааг 21 жилийн өмнө хийсэн. 2016 оны есдүгээр сард батлагдсан батлан хамгаалах салбарын багц хуулиар ойлгомжгүй байсан заалтууд нэг талдаа гарсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч, төрлийн цэргийн командлагч, цэргийн дээд генерал том албан тушаалтай хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч шууд томилдог болсон. Хуучин бол Батлан хамгаалахын сайд цолыг бууруулдаг, ахиулдаг байсныг бүгдийг нь Зэвсэгт хүчинд өгсөн. Одоогоор Зэвсэгт хүчний жанжин штабын даргад хугацаатай даалгавар өгөөд, хариуцлага алдсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооц гэдэг үүрэг даалгавар өгсөн.

-Хариуцлага алдсан албан тушаалтанд хэн хариуцлага тооцох вэ?

-Зэвсэгт хүчний жанжин штаб бол анги байгууллага салбар нэгжийн бүх томилгоог хийдэг. Дээд офицер, генералыг томилсон эрх бүхий субъект арга хэмжээ авна. Тэгэхээр хуулийн дагуу томилсон субъект нь жанжин штабын дарга учраас энэ хүн албан тушаалтнууддаа хариуцлага тооцох ёстой. Албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал хуулийн дагуу шат дараатай явдаг. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсны дараа сайдын зөвлөлийн хурал дахин хуралдана. Тэгэхээр шууд миний оролцох юм гэж байхгүй байна. Харин би холбогдох эрх бүхий субъектэд асуудлыг нь тавина.

-Зэвсэгт хүчний салбарт удаа дараа осол гарч байгаа ч хариуцлага тооцогдохгүй өнгөрдөг шүүмжлэл гарсан?

-Батлан хамгаалах салбарт сайн сайхан зүйл их бий. Гэтэл олон жил явсан урхаг ноцтой асуудал ч байгаа. Батлан хамгаалах салбар цэргийн мэргэжлийн онцлогтой салбар. Яам агентлагийн эрх зүйн байдлын хуулиар явдаг тогтолцоотой биш. Бусад яамны хувьд харьяа агентлагийн даргаас эхлээд бүх томилгоо яамны сайдын мэдэлд байдаг. Харин Зэвсэгт хүчний салбар парламентын засаглалтай улс орнуудад байдаг жишгийн дагуу өөр болчихсон юм.

Цэргүүдийг хүйтэн шөнө гадаа байлгаж, хөлдөөсөн асуудлыг Батлан хамгаалах яам, сайдад мэдэгдэхгүйгээр нуун дарагдуулсан. Энэ хэрэг нэгдүгээр сарын 23-нд 336 дугаар анги дээр гарсан байна лээ. Гэтэл гуравдугаар сарын 10-нд ар гэрийнхэн нь надад өргөдөл гомдол ирүүлж байж би мэдлээ. Цэргийн албан хаагчдыг сургагч ахлагч нь дэглэж, дүрмийн бусаар харьцаж, дөрвөн цэргийг хөлдөөж нэг цэргийн хөл хурууг тайруулах хэмжээнд хүрсэн байна. Үүнийг мэдсэний дараа манай Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгасан. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэх юм бол Батлан хамгаалах яамны шуурхай жижүүрийн рапорт мэдээлэлд энэ тухай дурдаагүй. Хав дараад нуусан байсан. Ер нь цэргийн эрүүл мэнд эрх эрх чөлөө зөрчигдөх асуудал олон гардаг. Би ажил авсан цагаас энэ асуудалд анхаарал тавьж, ярьж, нийгэмд хүргэж байгаа.

-Батлан хамгаалах салбарт хуваарилсан төсвийг хасууллаа гэж шүүмжлэх гишүүд байна. Энэ салбарт хийх ажил олон, хөрөнгө мөнгө нь цөөн байна гэж Ж.Энхбаяр нарын гишүүд хэлж байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Улс орны эдийн засаг хүнд нөхцөл байдалтай холбогдуулаад бүх яамдын төсөв хасагдаж байгаа. 2016 онд батлагдсан төсвөөс 2017 оны төсөв бол 9,3 тэрбум төгрөгөөр хасагдаж батлагдсан. Цэргийн хөдөлмөр эрсдэл ихтэй, хүнд хөдөлмөр. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал, баталгааг хангаж авч үлдэх нь чухал. Тиймээс Аюулгүй байдал гадаад бодлого байнгын хороотой хамтарч байгаад 36 сарын нэмэгдэл, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг авч үлдсэн. Харин төсөв хөрөнгө нэмэгдүүлэх ямар ч боломж байхгүй. Зэвсэгт хүчний салбарын албан хаагчдын цалин хөлс, ажиллах нөхцөл хязгаарлагдмал ч гэсэн хэвийн хэмжээнд ажил явна. Батлан хамгаалах яамны хувьд төлөвлөгдсөн хийх ёстой бүх ажлаа УИХ, засгийн газрын түвшинд шийдээд явж байна.

-Дайн, байлдаангүй энх цагт цэргүүд золгүй байдлаар амиа алдах явдал гарлаа. Тэр утгаараа таныг огцруулах шаардлагыг сөрөг хүчний зүгээс тавьж байгаа. Та хариуцлага хүлээхэд бэлэн үү?

-Маш ноцтой асуудал учраас хуулийн хүрээнд хариуцлага хүлээхгүй гэсэн хүн нэг ч байхгүй. Хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзээд хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.

-Засгийн газрын үйл ажиллагаанд олонхын бүлгийн олон гишүүн шүүмжлэлтэй хандах болсон. Тэр утгаараа таныг огцруулах асуудлыг танай намынхнаас бас хөндөж эхэлсэн юм биш үү?

-Тийм юм байхгүй. Нам дотроос гараагүй гэж бодож байгаа. Ер нь бол ийм хүнд нөхцөлд улс төрийн өнцгөөр асуудалд хандана гэж хэрхэвч байж болохгүй асуудал.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ