“ Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт болон бизнесийн эрх зүй, хяналт зохицуулалт, татварын таатай орчинг бүрдүүлнэ”
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд уул уурхайн, хөдөө аж ахуйн зэрэг тодорхой салбарыг онцолсон олон улсын шинж чанартай хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
“Би Эм Монголиан Партнерс” компанитай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал нь технологийн хөрөнгө оруулалтын чиглэлийг онцолж, эдийн засагт голлох нөлөөтэй таван салбарыг сонгосоноороо онцлог, чухал ач холбогдолтой болж байна.
Энэ хурлаар хөгжингүй орнуудын томоохон компаниуд зөв шийдэл, дэвшилтэт технологио танилцуулах гэж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын зүгээс зохион байгуулалт тал дээр нь дэмжиж хамтарч ажиллахаар шийдсэн юм.
Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишигт хүрэхийн тулд зөв бодлого, хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.
Хотын бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг дан ганц улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хот төсөв, санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх бодлогын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчидтай бүх талаар хамтран ажиллах, бизнесийн таатай, эерэг орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Цаашид нийслэл Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт болон бизнесийн эрх зүй, хяналт зохицуулалт, татварын таатай орчинг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хадгалах, улмаар нийслэл хотоо хөрөнгө оруулалт, бизнесийн орчны хувьд олон улсад өрсөлдөх чадвартай болгоход анхаарч ажиллана.
Монорэйл, өндөр цамхаг, БРТ, такси үйлчилгээнүүд нь монгол хэв маягийг шингээсэн дэлхийд өрсөлдөхүйц томоохон бүтээн байгуулалтыг бид эхлүүлэх учиртай.
Улаанбаатар хотын асуудлуудыг шийдвэрлэхэд тэргүүний туршлага, шинэ технологи, ноу-хау-г нэвтрүүлэх талаар санал бодлоо солилцож хамтран ажиллахыг та бүхнээс хүсч байна” хэмээлээ.
“Олон улсын үзэсгэлэн хурал маргааш хөрөнгө оруулалтын салбар хуралдаанаар үргэлжилнэ”
Нийслэлийн Үйлдвэрлэл иновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан ахалсан энэ хуралдаанд Улаанбаатар хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ “Хотын хөгжилд хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлээр хотод хийгдэх хөрөнгө оруулалт, шаардлагатай бүтээн байгууллагын ажил, төслүүдийг энэ үеэр танилцуулсан юм.
Topwerk Prinzing – Preifer-ийн Зүүн Европ Азийг хариуцсан захирал Александр Пробст, HESS Группийн Зүүн Европ Азийг хариуцсан захирал Рафаел Рэш нар “Технологийн хөрөнгө оруулалт – Ирээдүйн хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл тавьсан бол “Сектек” группийн ерөнхийлөгч Д.Бат-Өлзий “Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр технологийн эко парк Улаанбаатар төсөл”-ийг танилцуулсан.
Үүнээс гадна “Хотын хог хаягдлын мэдрэгчээр ялгаж ангилах нь” гэх мэт сонирхолтой илтгэлүүдийг уг салбар хуралдааны үеэр тавигдлаа.