Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид долоон сарын 17-19-ний өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс Берлин хотын захирагч Михаель Мюллер, Берлин хотын бодлого төлөвлөлтийн газрын дарга Роберт Древницки, Берлин хотын ёслолын дэд дарга Герд Кронмюлллер болон бусад төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх буудал дээр угтан авлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хотод маань айлчилж байгаа та бүхэнд баярлалаа. Бидний хувьд Берлин хоттой аль ч талаараа хамтран ажиллахдаа баяртай байна. Манай орноос Берлин хотод очиж суралцах оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь танай орны сургалтын чанар маш өндөр учраас бид сонгож, мэдлэг мэргэжлээ дээшлүүлдэг юм. Манай нийслэлийн зүгээс та бүхэнтэй бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн. Та бүхэн Монгол оронд тавтай морил” хэмээлээ