Монгол улс, БНХАУ-ын банк хоорондын 7 дахь удаагийн дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо 2017 оны 7 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд болж байна. Уулзалтад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын банкны Олон Улсын Харилцааны газрын орлогч захирал Гүо Кай болон хоёр улсын арилжааны банкууд, Монголын банкны холбоо, Гадаад харилцааны яамны төлөөллүүд оролцлоо.
Уулзалтаар Монгол Улс ба БНХАУ-ын эдийн засаг, худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, хоёр улсын мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийн үр дүн, БНХАУ-ын макро эдийн засгийн нөхцөл байдал болон “Бүс зам” санаачлага гэх мэт сэдвүүдийн хүрээнд өргөн агуулгаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хоёр орны банкуудын 6 дахь удаагийн дугуй ширээний уулзалт БНХАУ-ын Шиамен хотноо 2015 оны 11 дүгээр сард болж байсан бөгөөд тус уулзалтаар олон жилийн турш давтагдаж ирсэн арилжааны банкуудын гадаад гүйлгээний төлбөр тооцоон дахь үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлсон бөгөөд шинээр БНХАУ-ын банкуудад төгрөгийн зээл гаргах, зээлийн мэдээллийг харилцан солилцох зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн нь банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон алхам болсон юм.