“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Монголбанкнаас “Монгол алт” аяныг нээж буйгаа мэдэгдлээ.
Уг аяны гол зорилго нь иргэд, ААН-үүд олборлосон алтаа Монголбанк, арилжааны банканд худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд Монголбанк, арилжааны банкны алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад оршино.
Уг аяныг 2017 оны наймдугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулах аж. “Монгол Алт” аяныг Монголбанкны төв, орон нутгийн хэлтэс, салбар, арилжааны банкууд болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.
“Монгол алт” аяны талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа “Алтны худалдан авалт, алт цэвэршүүлэх, алтаар хийж буй бүтээгдэхүүнтэй холбоотой ажлуудыг нэгтгэж, цэгцлэх “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанк ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Аяны хүрээнд нийт алт тушааж байгаа иргэд, байгууллага, ААН-үүдэд гэрчлэх бичиг гардуулахаас гадна олон нийтэд сургалт явуулах, мэдээлэл хүргэх, Монголбанканд худалдан авч байгаа алтны талаар энгийн мэдээллүүдийг иргэдэд тараана. Мөн улсын хилээр алт зөвшөөрөлгүй гаргах гэмт хэргийн талаар мэдээлэл өгнө. Орон нутаг дахь салбаруутайгаа хамтраад бүсүүдэд сургалт явуулна. Алт, мөнгөөр үнэт эдлэл хийж буй дархчуудтай Монголбанк хамтран ажиллана. Одоогоор бид мөнгөжүүлсэн цэвэр алт, мөнгө импортоор оруулж ирэхээр төлөвлөж байна. Энэ ажил хийгдвэл уран дархчуудын хэрэглэж буй алт, мөнгийг албан ёсны сорьцтой мөнгөжсөн цэвэр алт, мөнгөөр хангана гэж төлөвлөж байгаа” гэв.
Аяны ач холбогдын талаар “Голомт” банкны Нөөцийн Удирдлагын газрын алтны дилер Г.Мөнх-Эрдэнэ “Алтны нөөцөө нэмэгдүүлэх замаар валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх нь чухал. Алт гэдэг доллар гэсэн үг. Доллар өнөөгийн Монголд ямар чухал санхүүгийн хэрэгсэл болчихоод байгаа билээ. Долларын ханшийг харьцангуй тогтвортой байлгахад алтны олборлолт маш их нөлөөтэй байна. Өнгөрсөн жил 750 сая ам.долларын алтыг Монголбанк худалдан авч, түүгээрээ интервенц хийх замаар ханшийг тогтворжуулжээ. Тэгэхээр алт худалдан авалт гэдэг бол цөөн хүрээний хүмүүст хамааралтай санагдах боловч иргэн бүрийн худалдаж авч буй зүйлийн үнэд нөлөөлөх чухал ажил юм. Мэдээж алт худалдан авах, олборлоход олон бэрхшээл байгаа ч асуудлуудаа зөв цагт нь шийдээд явбал илүү их алт худалдан авах боломж байна” гэсэн юм.
Олборлосон алтаа Монголбанкинд тушаахын давуу тал юу вэ?