Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын анхны айлчлал ОХУ-аас эхлэх ажээ.
Тэрбээр ирэх сарын 6-7-нд Владивостокийн Русский аралд болох Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцох юм. Энэ талаар тус чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлжээ.
Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч энэ чуулга уулзалтад оролцох тухай Москвад ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяковтой уулзах үеэрээ мэдээлжээ. “Долоодугаар сарын 7-нд бүх ард түмнээсээ сонгогдсон Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад тус улсын тэргүүлэгчдээ төлөөлөн оролцох ба Ерөнхийлөгчийн хувиар Орост анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм” хэмээн уг мэдээлэлд дурдсан байна.
Мөн талууд ДЭЗЧУ-ын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд хоёр орны бизнесийн салбарын төлөөлөгчдийг оролцуулсан Орос-Монголын дугуй ширээний ярилцлага зохион байгуулах боломжийг хэлэлцэн ярилцсан байна. Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 120 орчим албан тушаалтан болон бизнесийн хүрээнийхэн багтжээ. ДЭЗЧУ нь Орос, Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд, Зүүн өмнөд азийн орнуудын холбооны бизнес, улс төр, шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөгчдийн харилцан хамтран ажиллах олон улсын томоохон талбар болсон юм.
2016 онд ДЭЗЧУ дэлхийн өнцөг булан бүрийн 3,500 оролцогч-төлөөлөгчдийг нэг дор цуглуулж чадсан ба тус чуулга уулзалтын үеэр нийт 36 тэрбум долларын үнийн дүн бүхий 111 хөрөнгө оруулалтын төсөл танилцуулагджээ. Мөн нийт 30.8 тэрбум долларын үнийн дүн бүхий 216 хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.