БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жинсу тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр төлөөлөгчдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй Сөүл хотын төлөөлөгчдийг нийслэл хотод тавтай морилохыг хүсээд Улаанбаатар хот болон НИТХ-ын талаар товч танилцуулав.
Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнгөрсөн 12 дугаар сард НИТХ-ын төлөөлөгчид болон миний бие Сөүл хотод айлчилсан. Айлчлал үр өгөөжтэй болсон гэж бид үзэж байна. Тухайлбал, айлчлалын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаарх хүсэлтээ Сөүл хотын тээврийн газрын даргад илэрхийлсэн. Одоо судалгааны шатандаа явж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр Сөүл хотын зүгээс дэмжин ажиллах санаачилга гаргасанд бид баяртай байгаа. Цаашид Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагаа илүү шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.” хэмээв
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа бөгөөд хоёр орны харилцаанд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын шууд харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм. Улаанбаатар Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлийг хийж байна. Бид Сөүл хотоос 300 шинэ автобусыг худалдаж авсан. Мөн ах, дүү хотуудын хувьд Сөүл хотод 7 жил үйлчилгээнд явсан 1000 автобусыг Улаанбаатар хотод явуулахаар болсонд таатай байна. Цаашид Улаанбаатар-Сөүл хотуудын соёл, аялал жуулчлалын харилцаа хамтын ажиллагаа илүү хөгжүүлэх тал дээр манай хотын зүгээс анхааран ажиллаж байна. Өнөөдрийн хэлэлцээ манай хоёр хотын хурлын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэл төгс байна” хэмээлээ.