ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УВС АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ



Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.15) Увс аймагт эхэллээ. Тус аймаг 19 сумтай бөгөөд төслийн хэлэлцүүлгийг Өмнөговь, Улаангом, Баруунтуруун суманд буюу баруун, төв, зүүн гэж бүсчилэн зохион байгуулахаар болов. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Насанбат, Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр болон баруун бүсийн Өлгий, Ховд, Завхан, Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь сумын төлөөлөл болох 137 иргэн, олон нийт оролцов.

        

Хэлэлцүүлгийг нээж Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг манай аймагт гурван удаа болно. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн энэ төсөл нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой учир та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье” гэсэн юм.

Улсын  Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдөр хэлэлцэж, Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой болгох шаардлагатай юу гэдэг асуудал урган гарч байгаа. Монгол Улсын эдийн засаг зарим үед хурдацтай өсч, эсвэл огцом буурдаг. Үүнийг засахад цаг хугацаа алдах, асуудал бугшдаг тал бий. Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч нь сууж байгаад  эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдэж байсан үе цөөнгүй. Гэвч эрх мэдэл холилдохоор асуудал сайнаар шийдэгдвэл эзэн мундахгүй, буруудвал хариуцлага хүлээх эзэн олдоггүй. Миний хувьд хэн буруутай нь хариуцлагаа хүлээдэг байх ёстой гэдэгт хатуу байр суурьтай байдаг. Тиймээс төрийн эрх мэдлийг тодорхой болгох, хязгаарлах шаардлагатай байгаа. Энэ хэлэлцүүлэгт та бүхнийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй оролцохыг хүсье” гэж онцлов.

 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд энэхүү төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт  оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

Иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасахаар, Засгийн газартай ямар хэлбэрээр харилцах, Засгийн газрын гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно гэсэн нь танхимын хэдэн гишүүн сайд болно гэсэн үг болохыг тодруулж байлаа. Мөн баг, хороо, тосгоны Засаг даргыг томилохоор иргэдийн Нийтийн Хурал цаашид байх эсэх асуудлыг тодруулж, дийлэнх олонхи, ердийн олонхи гэдгийг хэрхэн ойлгох зэрэг асуултыг тавьж байлаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Ерөнхийлөгч төрийн тэргүүн, эв нэгдлийн баталгаа гэдгийг Үндсэн хуульд заасан байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Засгийн газартай тодорхой асуудлаар ярилцаж хэлэлцэх боломж бий. Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар заасан байдаг. Тиймээс Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хассанаар төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгоно гэж хууль санаачлагчид үзэж байгаа. Засгийн газрын нийт гишүүдийн гуравны нэг гэдэг нь жишээлбэл, Засгийн газрын 12 гишүүдтэй танхимын дөрөв болон түүнээс доош гишүүн нь Улсын Их Хурлын гишүүн байж болно. Ер нь төсөлд тусгагдаагүй саналаас өөр саналтай байвал саналын хуудаст бичих боломжтой. Үүнийг бид Ажлын хэсэгт нэг бүрчлэн танилцуулна. Түүнчлэн Улсын дээд шүүхээс ердийн олонхи гэдгийг хоёрны нэг буюу 50+1, дийлэнх олонхи гэдгийг  гуравны нэг буюу 66,7 хувь гэж ойлгоно хэмээн тайлбарласан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж тусгасан байгаа. Төсөлд багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа, чиг үүргийн асуудал хөндөгдөөгүй. Иймд хуучин журмаараа зохицуулагдана гэж ойлгоорой. Гэхдээ төсөл батлагдвал холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн зохицуулалт хийх шаардлага гарна гэлээ.

Асуулт, хариулт дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийт саналаа хэлэв. Тухайлбал, Увс аймгийн  Өмнөговь сумын тавдугаар багийн иргэн С.Өлзий “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  бүхэлд нь дэмжиж байна. Ялангуяа Улсын дээд шүүхийн шүүгчийн насыг өндөрсгөснийг зөв гэж бодож байгаа. Үүнтэй адил Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн насны босгыг өндөрсгөх шаардлагатай. Түүнчлэн Засгийн газрын эрх мэдлийг өргөжүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэхээр тусгасныг дэмжиж байна” гэж байсан бол Ховд сумын  иргэн Д.Ганболд “Шүүгчийн насны доод хязгаарыг тавьж өгснийг дэмжиж байна. Гэхдээ Улсын дээд шүүхийн шүүгчийн насыг 50 болгож өндөрсгөх шаардлагатай” гэж байлаа. Мөн иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах, сумын Засаг даргыг ард нийт нь шууд сонгодог болох, эрүүл мэндийн асуудлыг тодорхой тусгах, төрийн албан хаагчийн хариуцлагын асуудлыг нэмэх хэрэгтэй гэсэн саналуудыг хэлж байв.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 85 сургагч багш нарыг бэлтгэж, ном, гарын авлагаар хангасан юм. Төслийн хэлэлцүүлэг  маргааш Увс аймгийн Улаангом суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ