-Өнөөдөр таг түгжирсэн зам байхгүй-
Замын цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Наймдугаар сарын 15-наас нийслэлийн Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх Энхтайваны зам дагуу зүүн эргэхийг хориглосон дүрэм журмыг мөрдөж эхэлсэн. Өнөөдрөөс орж байгаа өөрчлөлтийнхөө талаар тайлбарлахгүй юу?
-Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл долоон уулзварыг зүүн гар тийш эргэхийг нь хориглосон зохицуулалтыг хийсэн. Өнгөрсөн хугацаанд нийслэлээс болон бид нөхцөл байдлыг судалж үзээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Бөхийн өргөө, Зүүн дөрвөн зам ачаалал нэлээд авах нь. Учир нь тэр хэсэгт салаалаад явчих зам багатай, цөөн замтай. Тиймээс Бөхийн өргөөний уулзвараас хойшоо зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг явуулъя гэсэн шийдвэрийг сая нийслэл дээр хуралдаад гаргалаа.
-Баруун чиглэлээс ирж байгаа автомашин хойшоо эргэн Токиогийн гудамж руу орж болно гэсэн үг үү?
-Тийм. Харин үлдсэн зургаан уулзвар хэвээрээ зүүн гар тийш эргэхийг хориглосон байдлаар арга хэмжээ аваад явж байгаа.
-Зүүн эргэхийг хориглосон өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд ямар өөрчлөлт гарав. Төв замын ачаалал багассан ч гэсэн туслах замуудын ачаалал ихэслээ гэдэг гомдлууд тасрахгүй байх шиг байсан?
-Дэлхийн улс орнууд том замуудынхаа ачааллыг сийрүүлж авах, нийтийн тээврийн хэрэгслүүдээ чөлөөтэй явуулах гэсэн зарчмыг барьдаг. Том зам түгжрэл саатал багатай байхаар бусад жижиг замууддаа нөлөөлөхгүй байдаг тал бий. Манай туршлагаас ч гэсэн гол замууд түгжрэл үүсэхэд дараа дараагийн уулзваруудад шууд нөлөөлж хоорондоо холбогдож аль нь ч хөдлөхгүй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс гол замуудаа ачаалалгүй байлгах, эрчмийг нь сааруулахгүй байх, зорчиж яваа иргэдийн гэрэл дохион дээр зогсох хугацааг багасгах гэдэг зорилгуудаа биелүүлж байгаа. Энэ арга хэмжээг авахаас өмнө арай ачаалал багатай байсан замууд ачаалалтай болсон тал бий. Гэхдээ зогсохгүй явж байгаа.
Бас “Бөмбөгөр”-ийн баруун урд уулзварыг хойноосоо эргээд зүүн эргэдгийг хориглосон. Ингэснээр “Бөмбөгөр”-ийг тойрсон хөдөлгөөний ачаалал эрс багассан. Өмнө нь тэр уулзвар дээр жолооч нар зүүн эргээд хөдөлгөөнөө хаагаад зогсчихдог зүүн талаасаа урагшаа эргэж болдоггүй хоорондоо чагталдаг уулзвар байсан бол энэ зохион байгуулалтыг хийснээр ачаалал нь буурсан. Авто замын хөдөлгөөний удирдлагын төвөөс бид хянаж байгаа. Өнөөдөр таг зогссон зам байхгүй. Цөөн нарийн зам өмнөх ачааллаасаа сунах байдалтай байгаа. Энэ нь ганцхан зүүн эргэлтээс болоод байгаа зүйл биш. Наймдугаар сарын 20 гараад Улаанбаатар хот руу бүх иргэд ирж худалдаа наймаа хийх, сургуулиа хөөцөлдөх гээд явган хүн болоод тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй уялдаад замын хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Тиймээс манай иргэд зөвхөн гаргасан шийдвэрээс болоод түгжрэл саатал үүсэж байна гэж үзэж болохгүй юм. Өнөөгийн цаг нөхцөл байдал бол ачаалал авдаг үе. Манай цагдаагийн байгууллага болон нийслэлээс гаргасан шийдвэрийг мөрдөж ажиллаад үйл ажиллагаа тогтмолжоод явж байна.
-Цахим ертөнцөд энэ асуудал дээр иргэдээс ирсэн гомдол нэлээд байсан.Үүнд, Зүүн дөрвөн зам бол зүүн талаасаа маш их ачаалал авдаг. Гэтэл төв замаасаа хойшоо зүүн эргэхгүй болохоор заавал тэр зам руу зүүн бүтэн эргэж байж орох болж байна. Тиймээс замын ачаалал улам нэмэгдэж байна гэсэн гомдол байсан?
-Зүүн дөрвөн зам өөрөө аль ч талаасаа ачаалал их авдаг уулзвар. Магадгүй зүүн гар тийш эргэхийг хориглохоос өмнө ч гэсэн тийм ачаалалтай байсан. Гэхдээ үүнд бид саяхан дүүргүүдийн бүх хэлтсийн дарга нар, тээвэр замын зохион байгуулалт гээд ажил хариуцсан хүмүүс Удирдлагын төвийн удирдлагуудтай хуралдаад Зүүн дөрвөн замд дээр 1-2 эгнээ нэмэх боломж юу байна гэх мэтээр өөр зохион байгуулалттай ажил хийх талаар ярилцаж байгаа. Нийслэлийн удирдлагаас энэ ажлыг дэмжин хаана нь өргөсгөх боломж байна түүнийгээ гаргаад ир гэж хэлсэн. Манай байгууллагын хувьд Зүүн дөрвөн замын ачааллыг бууруулахын тулд замд нь өргөтгөл хийх, зохион байгуулалтыг өөрчлөх гэсэн ажлуудыг судлаад хийгээд явж байгаа. Нийслэлийн хэмжээнд шинэ баригдаж байгаа авто замаас илүүгээр автомашины тоо нэмэгдээд байгаа.
Мэдээж нийслэлээс иргэдийнхээ автомашины хөдөлгөөнийг түгжрүүлье, саатуулъя гэж шийдвэр гаргахгүй. Үүнийг хэсэг хугацаанд мөрдөөд эхлэхээр ерөнхийдөө Улаанбаатар хотын замын ачаалал буурах, хөдөлгөөны урсгал сайжрах болно.