А.ГЫЛЫМХАН:ЧАДВАРЛАГ, ЗАЛУУ ХҮМҮҮС ТӨРИЙН АЖЛЫН ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЖ БАЙНА



Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Баян-Өлгий аймагт   өвөлжилтийн бэлтгэл ажил хэр байна. Энэ зун нэлээн гандуу байсан гэсэн. Энэ асуудлаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай Баян-Өлгий аймаг маань нийслэлээс 1700 километр алслагдсан 13 сум, 90 багт 102 000 мянга гаруй хүн амтай 2,9 сая толгой малтай том аймаг.Аймаг нийтдээ 45,7 мянган м2 газар нутагтайгаас энэ зун нэлээн гандуухан болж өнгөрлөө. Ерөнхийдөө 13 суманд өвс тун тачирхан ургаж гантай зун өнгөрч байна. Аймгийн хэмжээнд 3,5 сая га бэлчээрийн талбайтайгаас 20 орчим хувьд нь ургац гайгүй, өвс ногоо боломжийн ургасан бол 32 хувь нь зуншлага дунд зэрэг 48 хувь нь гандуу байгаа. 2,9 сая толгой малын 660 мянган толгой малыг дотоодын хэрэгцээнд нядлах төлөвлөгөөтэй байна. Үүнээс аймгийн хэрэгцээнд 17 мянган тонныг гаргаж 10-аад мянган тонн махыг төвийн болон дотоодын нөөцөд өгөх төлөвлөгөө гаргасан байгаа. Би саяхан   ОХУ болон Казахстан улс руу мах гаргах ажлаар яваад ирсэн. Уг нь мах авах компаниуд их байна. Даанч баруун аймгуудад  малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан мах гаргах ажлыг манай мал эмнэлгийн талаас зөвшөөрөхгүй байна.

Энэ жил манай аймагт 2.3 сая мал намаржих, өвөлжих, хаваржих, төлөвтэй байгаа. Бид малаа яаж өвөлжүүлэх талаар тооцоо хийж үзсэн. Газар нутгийн 20-иод хувьд боломжийн, бусад хувь нь гандуу байгаа учраас хил хамгаалах Ерөнхий газарт хандаж хил орчим байрладаг зургаан сумын нутагт 385 өрхийн 70 гаруй мянган малыг оторлуулах боломж байна гэж харсан. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яаманд асуудлаа тавьж 500 гаруй өрхийн 58 мянган толгой малыг тусгай хамгаалалттай газар нутагт оторлуулах боломж байгаа. Ер нь энэ өвөл манай аймгийн 2,9 сая малын 500 гаруй мянган толгой малыг отроор өвөлжүүлэх тооцоо гаргаад байна. Зэргэлдээ сумдуудтай гэрээ хийх, Засгийн газарт хандаж шийдвэрлэх асуудлуудыг төлөвлөөд байна. Саяхан аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар Засаг даргын захирамж гаргасан. Уг захирамжид малчид юуг анхаарах ёстой, сумын удирдлагууд мөн албан байгууллагууд юуг хариуцах ёстой вэ гэдгийг тодорхойлон ажлын хэсэг томилогдож бэлтгэл ажилдаа ороод байна. Тэгэхээр өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай явж байна гэсэн үг.

-Та Засаг даргаар томилогдохдоо ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн бэ. Засаг даргаар ажиллах дөрвөн жилийн хугацаандаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө алийг нь гол цөм болгон ажиллах вэ. Энэ жил ер нь ямар, ямар ажлууд хийж амжуулав?

-Засгийн газрын мөрийн хөьөлбөрийг үндэслэж аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баталсан. Үүнд маш олон чухал асуудлууд   тусгагдсан. Тухайлбал, бид хэдий хямралтай үед засаг төрийг авсан ч хийж бүтээх зорилгыг өмнөө тавьсан. Тодруулбал, Боловсролын салбар, Хөдөө аж ахуйн салбар, Эрүүл мэндийн салбар, дэд бүтцийн салбарт олон ажлууд төлөвлөөд байна. Бид аймгийг өмнөх удирдлагуудаас 1,4 тэрбум төгрөгийн өртэй авсан. Хэдий эдийн засгийн байдал хүнд байгаа ч гэсэн энэ дөрвөн жилд бид төлөвлөсөн томоохон ажлуудаа хийж гүйцэтгэх   болно. Тухайлбал, аймгийн төвд 1974 онд баригдсан эмнэлгийн асуудал байгаа. Тухайн үед аймгийн хүн амын тоо 50 гаруй мянга байсан бол одоо хүн амын тоо өсч 102000-д хүрээд байгаа. Тиймээс эмнэлгийн үйлчилгээний хүртээмж муу байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шинээр эмнэлэг барихаар төлөвлөгөө гаргаж зураг төслийг нь  гаргаж газрын асуудлыг нь шийдэж энэ талаар Эрүүл мэндийн яам болон холбогдох газруудад нь уламжилсан. Мөн босоо тэнхлэгийн зам манай аймгийг дайрч өнгөрч байгаа. Энэ талаар мөн л Азийн хөгжлийн банк, Засгийн газар, ЗТЯ-нд асуудал тавьж аймгийг тойрч гарах, шинээр гүүр бариулах ажлыг эхлүүлэхээр болсон. Түүнчлэн зам засварын олон асуудал төлөвлөгдөж байгаа гээд олон ажлууд байна. Эдгээрээс гадна бид аймагтаа сургууль, цэцэрлэг барих ажлуудыг эхэлж байна. Энэ жилийн хувьд гэвэл эрүүл мэндийн салбарт 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж аймгийн 13 сумын ихэнхийнх нь  түргэний машиныг шинэчилсэн. Үлдсэн машинуудыг нь ТИКА төсөл, БНСУ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Кувейтийн Элчин сайд яамдуудын тусламжтайгаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шинэчилсэн. Мөн Нэгдсэн эмнэлэг болон сувиллын эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Түүгчлэн боловсролын салбарт бас л олон ажлууд хийгдсэн. Тухайлбал, Дэлүүн суманд 142 сая төгрөг, Толбо суманд 100 сая, Бугат суманд 70, Улаанхус сумын Хөх хөтөл багт 70 гаруй сая төгрөгийн их засварын ажлууд хийж  Алтай сумын дотуур байранд нэгтэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засвар үйлчилгээ хийлээ. Мөн аймгийн төвийн хоёрдугаар арван жилийн сургуулийн барилгын ажлыг хийж дуусгахаар ажиллаж байна. 

-Таны мөрийн хөтөлбөрийн гол цөм нь ард иргэдийн амьдрах орчинг сайжруулахад чиглэгдэж байна гэж ойлголлоо. Зөв үү?

-Мэдээж гол зорилго маань ард иргэдийн амьдрах орчинг сайжруулах шүү дээ. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэндийн салбар, дэд бүтцээ хөгжүүлэхэд л голдуу чиглэгдсэн гэж ойлгож болно. Эмнэлэг барих асуудал бол миний дээр хэлсэнчлэн манай аймагт тулгамдаад байгаа гол асуудлын нэг. Тухайлбал, 250 ортой эмнэлэг барихын тулд 25 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдаж байна. Үүнийг Засгийн газраас дэмжиж Олон улсын төсөл хөтөлбөрөөр барихаар шийдсэн байгаа. Мөн гүүр барих ажлыг нэн түрүүнд шийдвэрлэхгүй бол хуучин гүүр нурж, босоо тэнхлэгийн автомашинууд явж чадахгүйд хүрэх аюул тулгараад байна.

-Баян-Өлгий аймагт иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж болон ажлын байрны хүрэлцээ хэр байгаа вэ?

-Манай аймагт тулгамдаад байгаа гол зүйлийн нэг нь ажилгүйдэл. Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, босоо тэнхлэгийн авто замын ажилд манай аймгаас 100 гаруй хүн ажиллаж байна. Мөн зам барьж байгаа компаниуд манай аймгаас ажилчин авах саналыг ч тавьсан байгаа. Түүнчлэн энэ жилээс Улаанбаатар хотын Файнноос хэмээх ноос  угаах компани  манай аймагт үйл ажиллагаагаа явуулж аймагтай хамтран ажилласнаар  олон хүн ажилд оруулсан. Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ХАА-н салбарыг хөгжүүлэх, мах сүүний үйлдвэрүүдийг барих хөтөлбөрүүд орсон. Үүнтэй холбоотойгоор энэ жил аймагт махны үйлдвэр  баригдаж удахгүй ашиглалтад орохоор зэхэж байна.  Өнгөрсөн хугацаанд хийж амжуулсан томоохон ажлуудаасаа цухас дурдвал, Сагсай сумын нэлээн том талбайг усжуулж хадлан тэжээл бэлтгэх ажил явагдаж байна  Мөн Алтанцөгц суманд хамтарсан үйлдвэр байгуулж малын тэжээл бэлтгэх томоохон талбайг услах ажилд олон хүнийг ажилтай болгосон. Эдгээрээс гадна Хөдөлмөр хамгааллын яаманд хандаж Япон улсад аймгийн иргэдээ гаргаж ажилуулах гэрээг ч хийлээ. Мөн Оюу-Толгой, Тантолгойд залуучуудыг  ажилуулахаар бэлтгэж гэрээ хийсэн нь удахгүй ажил хэрэг болох байх.

-Танай аймгийн нэг давуу тал нь аялал жуулчлал хөгжих хамгийн боломжтой аймгийн нэг. Та энэ тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?

-Тийм шүү. Ялангуяа бүргэдийн баяр, наурузын баярыг маш олон  гадны жуулчид ирж сонирхдог. Аялал жуулчлал бол манай улсад шинээр хөгжиж байгаа гол салбарын нэг. Энэ салбарыг далайцтай хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх, улс оронд болон аймагтаа  орлого төвлөрүүлэх нь маш чухал. Ялангуяа манай аймаг ОХУ, БНХАУ-тай хил залгаа, байгалийн унаган төрхөө хадгалсан аймаг учраас жуулчид их ирдэг болсон. Үүнийгээ дагаад аялал жуулчлалын компаниуд ч их олширч бидэнд хамтарч ажиллах санал тавьж байна. Тухайлбал, манай аймагт аялал жуулчлалын 40 компани байна. Бид эдгээр компаниудыг оролцуулсан аялал жуулчлалын  компаниудын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ зөвлөгөөн дээр аялал жуулчлалын компаниудын саналыг сонссон. Үүнээс 18 компани нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна лээ. Бидний хувьд төрийн зүгээс яаж дэмжих вэ, тэд нар юу хийх ёстой вэ гээд тодорхой ажил саналуудыг гаргаад дэмжиж байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын  яамнаас бүргэдийн баярыг 2016 оны шилдэг Эвентээр шалгаруулсан. Цаашдаа энэ баярыг нийслэлд зохион байгуулж байгаагбодлогоор дэмжихээр болсон. Тиймээс бид аялал жуулчлалын компаниудыг үзэсгэлэнтэй газруудад үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгож, боловсон ариун цэврийн өрөө болон бусад зүйлс дээрээ сайн анхаарахыг үүрэг болгож байгаа.  Манай аймагт Цагааннуурын чөлөөт бүс гэж байгаа. Мөн БНХАУ-ын Даянгийн боомтоос 80 километр газар “Ханаси” Олон улсын амралтын газар байгаа. Тус газарт жилд 10 сая хүн ирдэг юм байна. Үүнийг нааш нь татаад баруун аймгуудаар аялуулах эсвэл ОХУ-руу гаргах маршрут нээвэл маш олон боломж нээгдэх гээд байна. Одоогоор манай аймагт ирсэн жуулчдын тоог эцсийн байдлаар гаргаагүй байгаа. Жуулчдын судалгаанаас харахад зочид буудлуудад ирсэн, мөн онгоцоор ирсэн, авто замаар ирсэн жуулчдын судалгааг харахад 2000 гаруй хүн болж байсан. Тухайлбал, зэргэлдээ аймаг болон Эрдэнэт, Дарханаас ирж байгаа жуулчид газраар явж байна. Харин гадаадаас ирж байгаа хүмүүсийн ихэнх нь онгоцоор ирж Алтай Таван богд руу автомашинаар явж байгаа. Аялал жуулчлалаас олж байгаа орлого аймгийн төсөвт ордоггүй. Хувийн компаниуд өөрсдөө олсон орлогоо авдаг. Мөн Алтай Таван богдыг үзэхээр ирсэн жуулчдаас 10 ам.доллар авдаг болъё гэсэн саналыг  Байгаль орчин аялал жуулчлалын яаманд тавьсан. Ямартай ч  аялал жуулчлалыг хөгжүүлж, аймагтаа ажлын байр гаргах асуудлыг бид  нэн түрүүний зорилгоо болгон ажиллаж байна.

-Танай аймаг нүүрсээ хаанаас татдаг юм бэ. Нүүрс зөөснөөр том оврын автомашинууд зам хэр сүйтгэж байна?

-Манай аймаг нүүрсээ 140 километрийн зайтай орших Увсын Хотгорын уурхайгаас зөөдөг. Уурхайн зам бол яаралтай засах шаардлагатай замуудын нэг. Гэхдээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс нүүрс зөөх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байна л даа.

-Баян-Өлгий аймаг ганцхан Монгол сургуултай. Бусад сургуулийн төгсөгчид Монгол хэл дээр төдийлөн сайн биш учир дээд боловсрол эзэмшихэд нэлээн бэрхшээлтэй гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой явна?

-Боловсролын салбарт анхаарах зүйл их байгаа. Сүүлийн жилүүдэд манай аймгийн боловсролын чанар улсын хэмжээнд доогуур үзүүлэлттэй гарч байгаа. Манай аймагт Ерөнхий боловсролын 44 сургууль байдаг. Эдгээр сургуулиудын захирлуудыг сургалт семинарт хамруулах, Улаанбаатарын сургуулиудаас туршлага судлах, сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон ажлуудыг хийж байна. Тухайлбал, би ажлаа авсныхаа дараа бүх  сургуулиудын багш нараас Засаг даргын нэрэмжит түвшин тогтоох шалгалт авсан. Сар бүрийн шалгалтын дүнг дүгнэж ахиц гаргахын төлөө тухайн сургуулийн удирдлагууд олон ажлууд хийж байна. Энэ жилийн ЭЕШ-ын дүнгээс үзэхэд манай аймаг ялангуяа гадаад хэл дээр  улсын хэмжээнд дээгүүр оноо авсан. Харин математик, биологи, физикийн  хичээлээр дунд зэрэг, монгол хэл доогуур үзүүлэлттэй дүн авсан байгаа. Энэ дүнг ахиулах тал дээр онцгой анхаарч багш нар  маань ч мэрийн ажиллаж эхлээд байна. Ямартай ч Монгол хэлний багш болон боловсон хүчний мэргэжлийг  дээшлүүлэх, чанаржуулах тал дээр онцгой анхаарч, шат дараатай ажлуудыг зохион байгуулж монгол хэлний цагийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана.

- Танай аймагт жижиг дунд үйлдвэрийн хөгжил ямархуу байна вэ?

-Бусад аймгуудад хөгжиж байгаа жижиг дунд үйлдвэр болон ялангуяа бичил бизнес, ХАА салбар гэх мэт салбаруудыг судалж сумдуудад бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Манай аймагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх гээд сан байгаа. Энэ сангаасаа багахан хэмжээний зээлийг хүмүүстээ өгөөд явж байгаа.Түүнээс томоохон төвлөрсөн жижиг дунд үйлдвэр байхгүй. Дандаа хувь хүмүүс л өөрсдийнхөө боломж бололцоог хангаж хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Мэдээж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зах зээлийг нь бид нээж өгнө.

-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нартай хуралдаж, өвөлжилтийн бэлтгэлийн талаар ярилцсан. Энэ үеэр ямар асуудлуудыг голчлон хөндөв?

-Энэ удаагийн зөвлөгөөн маш үр дүнтэй болсон. Учир нь орон нутаг бие даан шийдвэрлэх асуудлуудаа шийдээд явдаг. Харин төвд шийдүүлэх асуудлуудыг салбарын сайд нарт өөрсдийн биеэр мэдэгдэж, өвөлжилтийн бэлтгэлд саад болж буй хүндрэлүүдийг Засгийн газрын хэмжээнд авч үзэж, шийдлийг хэлэлцсэн. Хамгийн гол нь, бүх хүндрэлийг нэг бүрчлэн ярилцаж шийдсэн. Миний хувьд БХБЯ-нд 4-5 асуудлыг тавьсан. Юуны өмнө манай аймагт цэвэрлэх байгууламж дутагдаж байсныг Польшийн тусламжаар бариулахаар боллоо. Хоёрдугаарт цэвэр усны хангамж, хөлдөлтөөс хамгаалах тал дээр манайх их асуудалтайг БХБЯ-наас 200 сая төгрөгийн төсөв шийдэж өгч, зохицуулахаар болж байна. Хамгийн гол нь төв магистрал шугамуудаа хөлдөхөөс хамгаалах нэн шаардлагатай байсныг БХБЯ-ны сайдын багцнаас  200 сая төгрөг шийдэж өгснөөр асуудлыбг зохицуулах боломжтой боллоо. Үүнээс гадна, манай аймгийн зүгээс 1000 айлын орон сууцны хөтөлбөр хамруулж өгөх хүсэлт тавихад 2018 оны төлөвлөгөөнд оруулж өгье гэсэн.

-Ерөнхийдөө БХБЯ-тай холбоотой асуудлууд тулгарч байжээ?

-Тийм ээ. Мөн Сангийн яамтай холбоотой санал хүсэлт ч байсан. Орон нутаг хөгжүүлэх сангаас 2012-2016 онд төсөвлөгдсөн ч өнөөг хүртэл төлөгдөөгүй, Шүүхийн шийдвэрээр баталгаажсан 800 сая төгрөгийн асуудал байсан. Энийг Ерөнхий сайдад уламжлахад Сангийн сайдад үүрэг болгож, шийдэж өглөө. Үүнээс гадна аймгийн Нэгдсэн эмнэлэг эм, цалингийн 300 гаруй сая төгрөгийн өртэй байсныг зохицуулсан. Түүнчлэн 2018 оны төсвийн төсөлд багтаах хэд хэдэн асуудал тавьсан. Энэ мэтчилсэн олон зүйлийг шийдэхээр болж байна.

Үүний хажуугаар Эрүүл мэндийн яаманд гурван асуудал тавьж, шийдүүллээ. Нэн түрүүнд аймгийн нэгдсэн эмнэлгийн ходоодны уян дуран эвдэрсэн байсныг 190 сая төгрөгөөр нийлүүлж өгье гэсэн. Мөн Улаанхус сумыг түргэн тусламжийн машинтай болгож, Ногооннуур сумын эмнэлгийн зуухыг засварлах хөрөнгийг гаргахаар болж байна.

Мөн БСШУЯ, Эрчим хүчний яаманд сургуулийн халаалт долоон сарын хугацаатай байсныг найм болгож өгөхийг хүссэнийг зөвшөөрлөө. Түүнчлэн Буянт, Цагааннуур, Цэнгэл сумдыг дотуур байртай болгох, ЗТЯ-нд холын тээврийн машинуудыг байрлуулах оношлогооны байр байгуулах асуудлуудыг шийдсэн. Бас Өлгий-Цагааннуурын зам баригдаагүй байсныг энэ долоо хоногт тендер зарлаж, барихаар боллоо.

 

Түүнчлэн ХХААХҮ-нд хандаж 10 мянган тонн махыг Улсын нөөцөд зориулж бэлтгэх хүсэлт тавихад хүлээн авсан. Мөн гурилын үнэ өсч байгаа тул Цагааннуурын боомтоор гурил оруулж ирэх квот олгохыг хүслээ. Одоогоор манай улс гурил гаднаас оруулж ирэхийг түр хориглосон юм байна. Баян-Өлгий рүү 1700 км замд нэг кг ачааг 500-1000 төгрөгөөр тээвэрлэдэг. Тэгэхээр тээврийн зардлаас шалтгаалж Өлгийд очиж байгаа гурил өндөр үнэтэй тусах нь ойлгомжтой. Үүнийг Ерөнхий сайд хүлээн авч, ХХААХҮ-ийн сайдад үүрэг өгч, энэ асуудлыг шийдэхийг даалгасан. Мөн 400 мянган тонн тэжээл оруулж ирэхийг судлах үүрэг өгсөн.

-Та юутай ч Баян-Өлгийд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлүүлж чаджээ?

-Ер нь ийм зөвлөгөөнийг цаг тухай бүрт зохион байгуулах хэрэгтэй. Энэ удаад үнэхээр үр дүнтэй боллоо. Баасан гаригт зөвлөгөөн болсон, улмаар амралтын өдрүүдээр холбогдох яамд орон нутгийн санал дээр ажилласан. Мөн сайд нар, агентлагуудын дарга нартай хамт аймгуудын Засаг дарга нарыг нэг бүрчлэн хүлээн авч, бүх асуудлыг тухайлан ярилцаж, шийдэх гарцуудыг тохирч, тодорхойлсон байгаа.

-Тантай холбоотой элдэв асуудал гардаг. Манай сонин ч энэ талаар хөндсөн. Таныг УИХ-ын гишүүн Баделханы талын гэх хүмүүсийг төрийн албанд шалгуургүйгээр авсан гэдэг. Энэ асуудалд та ямар тайлбар өгөх вэ?

-Энэ асуудлыг хөндсөнд баярлалаа. Миний талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд янз бүрийн сөрөг мэдээлэл тархсан. Би өөрөө хариулт өгч л байсан. Ер нь орон нутгийн удирдлагуудыг буруутгадаг нэг асуудал нь боловсон хүчний хангамж, томилгоо. Мэдээж ажилгүйдэл маш их байгаа нь үнэн. Би энд нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдье. Миний бие өөрийн хамаатнуудаа төрийн албанд авсан тохиолдол нэг ч байхгүй. Үүнийг манай аймгийнхан ч мэднэ. Дэлүүн сумын Засаг даргыг их бичдэг. Гэтэл энэ хүн сумын ИТХ-ын даргаар удаа дараа сонгогдож ажилласан, өмнө нь ч сумынхаа Засаг даргаар ажиллаж байсан. Энэ удаад мөн л сумын ИТХ-д сонгогдож, дараа нь Засаг дарга болсон. Намайг мөн УИХ-ын гишүүн Баделхантай холбож бичээд байсан. Харин би аль нэг нам, эвслээр хүмүүсийг ялгадаггүй. Надаас урд энэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүсийн сайн талыг үргэлжлүүлнэ, дутагдлыг нь залруулъя гэж ажиллаж байна. Төрийн албанд өндөр боловсролтой, эрч хүчтэй залуу хүмүүс ажиллаж, аймгийн ажил урагштай байгаа.

Мөн намайг Петровис компанитай холбосон байна билээ. Би 2002 оноос Петровисийн орон нутаг дахь захирлаар ажиллаад, нийт 14 жил энэ байгууллагад зүтгэсэн. Энэ хугацаанд Петровис 120 гаруй ажилтантай болсон. Гэтэл эндээс ганцхан хүн л зохих шалгалтыг өгч төрийн албаны мэргэжилтэн болсон. Энэ хүн миний дэмжлэгээр орсон юм биш. Тиймээс энэ ярилцлагаар дамжуулж, элдэв шүүмж, асуудлыг надад шууд өгч, хэлж, тайлбар авах, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой тул миний нэр төрд халдаж, мэдээллийн хэрэгслээр битгий ташаа зүйл тараагаач ээ гэж хүсэх байна.

Манай улс гуравхан сая хүн амтай. Би тээврийн салбарт он удаан жил ажилласан болохоор намайг маш олон хүн таньдаг. Баян-Өлгийчүүд бол бүгд маш сайн мэднэ. Миний хамаатан садан, найзалж нөхөрлөдөг хүмүүсийг ч мэдэх учиртай. Би хүмүүсийг ажилд томилохдоо мэргэжлийн ур чадвар, туршлага, мэдлэгийг нь л чухалчилдаг.

-Та аймгийн Засаг дарга болсноосоо хойш төрийн албаны хэчнээн хүнийг ажлаас нь чөлөөлж, нөхөн томилсон бэ. Тодорхой тоо бий юу?

-Ер нь Засаг дарга 50 гаруй хүнийг чөлөөлж, томилох эрхтэй. Би үнэхээр ажлаа хийж чадаагүй, цалгардуулсан, чадваргүй хүмүүсийг чөлөөлсөн нь үнэн. Эдгээр хүн эрх нь зөрчигдсөн гэж гомдоллоогүй. Мэдээж ганц нэг хүн хууль хяналтын байгууллагад хандсан. Тэрнээс биш ажлаа сайн хийж байгаа хүнийг шууд халсан юм байхгүй.

-Намын харьяаллаас болж хүмүүсийг ажилгүй болгодог гэж сонссон. Ингэж хэлэхийн учир нь та Засаг дарга болмогцоо өмнө нь энэ албыг хашиж байсан Хавалтай холбоотой гэх хүмүүсийг ажлаас нь халсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Ер нь аймгийн Засаг даргын Тамгын газарт голдуу аль намын хүмүүс ажилладаг вэ?

-ЗДТГ-ын агентлагуудын дарга нар бүгд солигдсон нь үнэн. Гэхдээ илүү чадварлаг хүмүүсийг томилсон. Мөн сургууль, цэцэрлэг, бусад үйлдвэр аж ахуйн газраас солигдсон хүмүүс байгаа. Намын харьяаллаар хүн халсан зүйл огт байхгүй.

-Шинээр томилогдсон хүмүүс төрийн албаны ямар шалгуураар ажил оров. Та томилгоонд хамааралгүй гэдгийг батлах баримт бий юу?

-Дээр хэлсэнчлэн албан тушаалдаа мэргэшсэн байдал, чадварыг нь харгалзаж бусад шалгуураар үндсэн ажилд авдаг. Холбогдох баримт бичгүүд бүгд л ном ёсоороо байгаа.

-Тэгвэл 10 жил тогтвортой ажилласан хүн чөлөөлөгдсөн гэхээр тэр хүн чадваргүй байж гэж ойлгож болох уу. Ийм мэдээлэл тодорхой нэр, хаягтайгаар манайд ирсэн?

-Ийм гомдол надад лав ирээгүй. Мөн яг ийм жишээгээр маргаантай асуудал ч гарч байгаагүй. Бусад байгууллагаас халагдсан цэвэрлэгч, жолооч, мэргэжилтэн гээд бүх хүнийг Засаг даргатай холбоод, ташаа ярих тохиолдол бий.

-Баян-Өлгийн Хөгжим драмын театрт жүжигчин, бүжигчин, дуучин гээд олон жил ажиллаж  байгаад халагдсан нэг бүсгүй манай сонинд саяхан хандсан. Түүний ажлаас халагдсан шалтгаан нь хууль бус гэдгийг тэрбээр хэлж байсан. Мөн танд энэ асуудлаар хандсан ч хүлээж аваагүй гэх юм билээ?

-Хөгжимт драмын театрын даргыг өнгөрсөн оны аравдугаар сард өөрчилсөн. Улаанбаатараас ирсэн мэргэжлийн, залуу хүнийг оронд нь томилсон. Тэр үед театрын 80 жилийн ой болох гэж байсан. Тэр ойг угтах чадварлаг залуу хүн хэрэгтэй байсан. Тиймээс бид тэр залууг шалгуур хангасан, боломжийн хүн гэж үзээд аваачсан. Энэ хүн маань 80 жилийн ойг сайхан тэмдэглээд, хотод хүртэл тоглолт хийсэн. Ер нь өөрчлөлт хийгээд сайн үр дүнд хүрсэн гэж бодож байна. Гэхдээ театр дотроо ажлаа сайн хийж чадахгүй байгаа, эсвэл мэргэжлийн бус янз бүрийн хүмүүс байсныг халсан гэсэн. Теартын 70 ажилтнаас 4-5 хүн байнга өргөдөл өгөөд яваад байгаа. Гурван удаа ажлын хэсэг гарч, шалгаад хурал хийж байсан. Тэр Балжан гэдэг охины өргөдөл очиж байсан. Би сайн санаж байна. Сүүлд хариуцлага тооцсон байсан. Балжан энэ асуудлыг  шүүхэд өгчихсөн байна билээ. Тэгэхээр шүүх л шийднэ. Шүүхийн ажилд би оролцож болохгүй биз дээ. Миний зүгээс Асалбект ажлаа сайн хий, хамт олноо зөв удирд л гэж хэлсэн.

-Та ойрын үед аймагтаа хийхээр төлөвлөсөн чухал ажлуудаасаа танилцуулаач?

-Үйл ажиллагааны хөтөлбөрт орсон олон ажил бий. Эдгээрээс онцлоход 2020 онд манай аймгийн 80 жилийн ой болно. Үүнийг угтаад аймагтаа онц хэрэгтэй 80 том ажлыг хийхээр төлөвлөсөн. Гэхдээ яг ямар ажлууд хийх вэ гэдгийг иргэдээсээ санал авч байгаа. Одоогоор 500 гаруй ажлын санал ирээд байгаа ба эдгээрээс чухал гэсэн 80-ыг нь эрэмбэлээд ойн баяраас өмнө хийж дуусгана. Гол нь энэ ажилд төрийн байгууллагаас гадна хувийн компаниуд, иргэд ч идэвхтэй оролцохоо илэрхийлж байна. Эдгээрийг хийснээр аймгийн хөгжил, өнгө төрхөд онцгой том нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.

Сэтгүүлч: Р.Саруул

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ