"Fitbit" компани анхныхаа ухаалаг бугуйн цагийг танилцууллаа. Зүүдэг төхөөрөмжийн зах зээлд нөлөөгөө алдаж эхэлсэн тус компани ийнхүү хүмүүст эрүүл мэндээ хамгаалахад нь туслах функцтэй төхөөрөмж танилцуулснаар эргээд хүчээ авна гэсэн зорилттой байна.
Шинээр гарч буй "Fitbit Ionic" нэртэй ухаалаг бугуйн цаг нь 299 ам.долларын үнэтэй. “Apple watch”-тай адилхан дөрвөлжин, touch дэлгэцтэй төдийгүй хүний зүрхний цохилт хэмжих функцтэйгээс гадна GPS байршил тогтоох системтэй, цэнэгээ дөрөв хоног барьдаг гэдгээрээ онцлог юм. Бас 50 хүртэлх метрт усны хамгаалалттай, утасгүй төлбөрийн системд холбогдох, pandore media санд холбогдож хадгалсан дуугаа offline-аар сонсох боломжтой гэдгээрээ давуу талтай ажээ. "Fitbit" компани “Apple” болон БНХАУ-ын “Xiaomi” зэрэг өрсөлдөгчидтэй тулснаас зүүдэг төхөөрөмжийн борлуулалтаар тэргүүлэгчийн байр сууриа алдаад удаагүй байна. Хоёр жилийн өмнө сүр дуулиантай IPO гаргаж байсан тус компани хөрөнгө оруулагчдыг татах чадвар нь харьцангуй буурчээ.