ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 100 БОЛОВСОН ХҮЧНИЙГ ХАРВАРДЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХААР БОЛЖЭЭ



Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд зочиллоо. Тус сургуульд Монгол Улсын Их Хурлын дарга анх удаа зочилж буй нь энэ ажээ.

Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн баярын арга хэмжээнд энэ жил тус сургуульд шинээр элссэн 3,000 гаруй оюутны төлөөлөл, тус сургуулиас төрөн гарсан, Монголын анагаах ухааны бахархал болсон Ардын болон гавьяат эмч нар, эрдэмтэн профессорууд хуран цугларсан байв.

АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн хоёрдугаар дайны гал дүрэлзэж байсан хүнд хэцүү цагт Монголын төр, засаг эх орондоо анагаах ухааны их сургууль байгуулж байжээ. Энэ онд манай сургуулийн 75 жилийн ой тохиож байна. Манай сургуулийн түүхэн замнал амжилт алдрын он жилүүд байснаар бид бахархдаг.

Өдгөө Европын холбооны ASIIN байгууллага манай сургуулийн хүний их эмчийн хөтөлбөрийг магадлан итгэмжлээд байна. Бид ойрын ирээдүйд Ази, Номхон далайн баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох эрхэм зорилго тавиад ажиллаж байгаа. Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгтэй болох, эмнэлэг-сургалтын цогцолбор байгуулах зорилт маань амжилттай хэрэгжиж байна” гэж тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд тус сургуулийн шинээр элссэн болон нийт оюутнууд, эрдэмтэн багш нарт хичээлийн шинэ жил, удахгүй тохиох гэж буй АШУҮИС-ийн 75 жилийн ойн баярын мэндчилгээг хамтатган дэвшүүлэв.

Тэрбээр “Ирээдүйн монгол иргэнийг эрүүл саруул, үнэ цэнэтэй хүн болгох эрхэм үйлсийн эзэд бол та нар юм. Алдраа дуурсгасан олон шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн мэргэд энэ сургуулиас төрөн гарсан. Тэдний найдвартай залгамж халаа нь болж, зөвхөн хичээлийн танхимаас олж авсан мэдлэгээр хязгаарлах биш, дэлхийн анагаах ухааны шилдэг ололт, дэвшилт арга технологийг эзэмшихийг эрхэм зорилгоо болгож суралцаарай хэмээн өнөөдөр энэ сургуулийн хаалгаар алхан орж буй оюутнууд та бүхэнд захья” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Эрүүл мэндийн салбарын 100 залуу боловсон хүчнийг Харвардын зайн сургалтад хамруулж, сертификат олгох шийдвэрт БСШУСЯ, танай сургуулийн удирдлагууд гарын үсэг зурсан. Анагаахын боловсролын дэлхийн жишигтэй хөл нийлэн алхах нэг алхам энэ болно. Түүнчлэн анагаах ухааны их сургуулиуд дэргэдээ түшиц эмнэлэгтэй байдаг нь дэлхий дахинд түгээмэл.

Оношлогоо, судалгаа шинжилгээ нь ч хамгийн дээд түвшинд үнэлэгдэж байдаг. Тиймээс танай хамт олны сургалтын эмнэлэгтэй болох, эмнэлэг-сургалтын цогцолбор байгуулах санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, дутагдаж буй хөрөнгө оруулалт болох 23.0 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар болсон” гэхэд тус сургуулийн багш, оюутнууд нэн талархалтай хүлээн авлаа.

Энэ төслийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа ажээ.

Түүнчлэн сургалтын байгууллага эмнэлэгтэй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхөд УИХ-аас тусгайлан анхаарна гэж УИХ-ын дарга хэллээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ардын эмч, гавьяат эмч Ж.Баасанхүү, элсэлтийн шалгалтын хамгийн дээд буюу 800 оноо авч Хөвсгөл аймгаас тус сургуульд элсэж байгаа 1-р ангийн оюутан Энхтуул нар үг хэлсэн юм.

Дараа нь тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд захирал Г.Батбаатар сургуулийнхаа “Хөгжлийн бодлого”-ыг УИХ-ын даргад танилцуулав. УИХ-ын дарга М.Энхболд АШУҮИС-ийн хөгжлийн бодлого зөв замаар, амжилттай урагшилж байгаад баяр хүргээд, “Улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргаа хүндрэлтэй байгаа энэ үед манай их, дээд сургуулиуд, түүний дотор АШУҮИС сургалтын төлбөрөө нэмээгүйгээс гадна зайлшгүй зардлаа өөрсдийн боломж нөөцөд түшиглэн шийдэж байгаад талархал илэрхийлье. Монгол Улсад 10 шахам анагаахын сургууль бий. Тэд танай сургуультай өрсөлдөнө гэдэг амаргүй. Тиймээс дэлхийн түвшний их сургууль болох зорилтоо хэрэгжүүлэх ялдамд дотоодынхоо энэ чиглэлийн их, дээд сургуулийн манлайлагч нь, оюун тархи нь, түүчээ нь байхыг та бүхнээс хүсье” гэлээ.

Эл арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, академич Г.Ган-Эрдэнэ нарын зэрэг хүмүүс оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.    

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ