Тус газрыг дүүргийн захирамж нэрээр гартаа оруулсан эрхэм дарга, УИХ-ын гишүүн, сайд та олон мянган орох орон, оочих аягагүй, гудамжинд хоног төөрүүлэн явж буй хүмүүст буян үйлдэж хямд үнэтэй Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж газрыг хотод нь буцаагаад өгчихөөч
2013 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуунд нүүлгэх шийдвэрийг НИТХ-аар гаргуулж, шинэ байрны шав тавих ажлыг хийж байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Тэрбээр нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийг сонгон барихаар төлөвлөсөн нь Баянхошуу хэсгийг 200 мянган хүн амьдрах хотын дэд төв болгон хөгжүүлж, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр зорьж байв. Тэгвэл шав тавиад байсан газар нь эрх мэдэл бүхий эрхмийн гарт орж төрийн ажлыг гацааж эхэлжээ.
Тодруулбал, Үүл даргыг ажлаа өгсөний дараа түүний гаргасан газрын захирамж дүүргийн нэр дээр шилжсэнээс болж холбогдох албаныхан өөр хоорондоо албан бичиг шидэлцсээр өнөөг хүрсэн байна. Болсон явдлыг тодруулбал, дээрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9.9 га газарт түрээсийн орон сууц барихаар төлөвлөж байсан ч аль хэдийнэ дүүргийн захирамжтай болсон аж. Тэгвэл тус газар хэний гарт орж төрийн ажил гацах болов гэдэг нь анхаарал татаж байна.
Анх Э.Бат-Үүл дарга 2013 оны наймдугаар сарын 12-ны өдөр захирамж гаргаж дээрх дүүргийн нутаг дэвсгэрт орших 9.0 га газрыг Хотын захиргааны шинэ байрыг барих ажлыг НИТХ-аар батлуулж, төсөл хэрэгжүүлэгчээр нь “Халла гонсол” ХХК-ийг шалгаруулан батамжилж байсан баримт бидний гарт байна.
Ингээд энэхүү захирамжийн дараа Нийслэлийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга асан Н.Батаа “НИТХ-ын 2013 оны 07/29 дүгээр тогтоолыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Ханын материал” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нутгийн удирдлагын ордны зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг Ханын материалын үйлдвэрийн хашаанд байршуулан 9.2 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосугай хэмээн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр А/334 дүгээр захирамжийг гаргаж байжээ.
Газрын хэмжээ аажмаар өсчээ
Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам Үүл даргын гаргасан 9.0 га газар нь 9.9 га газар болоод зогсохгүй дүүргийн захирамжаар нэгэн эрх мэдэл бүхий нөхрийн гарт орж төрийн ажил гацаанд оржээ. Тухайлбал, 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Ханын материалын үйлдвэрийн хашаанд байрлах Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нутгийн удирдлагын ордны зориулалтаар эзэмшиж байгаа 9.0 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй хэмээн захирамжилж, дээрх А/334 дүгээр захирамжийг ийнхүү хүчингүй болгож дүүргийн газар болгон хувиргажээ. Хамгийн хачирхалтай нь аль ч дүүрэг дэд бүтэцгүй төлөвлөлтөд ороогүй газрыг эзэмшилдээ байлгадаг. Гэтэл 2013 оноос эхэлж хотын захиргааны шинэ байрыг барихаар төлөвлөж байсан газар яагаад дүүргийн мэдэлд очив гэдэг нь анхаарал татаж байна. Ямартай ч хэл ам татлаад буй 9.9 га газарт Нийслэлийн орон сууцны корпараци /НОСК/ хямд үнэтэй Түрээсийн орон сууц төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллаж хөрөнгийн асуудлаа шийдсэн ч ажил гацааж газар авсан эрхмүүд болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрынхантай тохиролцох хэмжээнд хүрч албаны хүмүүст олон удаагийн давтамжтайгаар дэмжлэг хүссэн албан бичгийг илгээжээ.
Тухайлбал, НОСК-ийн захирал Б.Сүхбаатар өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр хотын удирдлагуудаас дараах дэмжлэгийг хүсчээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотзахирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материал орчмын 9.9 га газарт түрээсийн орон сууц төслийг хэрэгжүүлэхээр НЗДТГ, НОСК, Монгол Улсын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллаж байна.
Дээрх төслийг хэрэгжүүлэгч НОСК нь техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг мэргэжлийн байгууллагаар боловсруулан батлуулахаар ажиллаж байгаа. Гэтэл дээрх төсөл хэрэгжих газрыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг Тамгын газарт эзэмшүүлжээ. Иймд дээрх төслийн баримт бичгийг холбогдох байгууллагаар батлуулахад газар эзэмших эрхийн гэрчилгээ шаардлагатай тул тус байгууллагын нэр дээр газар эзэмших эрхийг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэжээ.
Ямартай ч НОСК-ийн захирлын дэмжлэг хүссэн тухай албан бичигт сийрүүлсэн үг өгүүлбэр нь энэ. Түүнчлэн тус газраас өнгөрсөн сарын 5-ны өдөр хотынхонд Нийслэлийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 02-ны өдрийн А/593 тоот захирамжийг хүчингүй болгож төсөл хэрэгжүүлэгч НОСК-ийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжлүүлж гэрчилгээ олгохыг хүссэн ч тусыг эс олжээ.
Хэрвээ 9.9 га газар Сонгинохайрхан дүүргийн мэдэлд очсон бол тус байгууллагын нэр дээр яагаад газар эзэмших эрхийн гэрчилгээг нь гаргаж өгч болохгүй гэж зэрэг асуулт гарч ирж байна. Угтаа бол дээрх газар дүүргийн нэр дээр байгаа ч цаана нь эрх мэдэлтэй нэгэн эрхэм бүх асуудлыг алсуур зохицуулж, төрийн ажлыг гацааж байна гэсэн үг. Ямартай ч хотын захиргааны шинэ байрыг барихаар хэдэн жил ярьж, төсөл төлөвлөгөө гаргаж явсан ч саяхан хот төлөвлөлтөд оруулан шийдэх гэтэл 9.9 газрыг нь төрд данслагдсан нэр бүхий эрхэм авчихсан болж таарч байна. Гэтэл энэ асуудлыг өнөөг хүртэл шийдэж чадалгүй тэдэнтэй тохиролцох дээрээ тулчихаад явж байгаа нь харамсалтай. Хэрвээ уншигч та анзаарсан бол газрын хэмжээг аажмаар өсгөсөөр 9.9 га талбай болгож томруулсан нь ирээдүйд энэ газарт хэн гэгч эрхмийн барилга босох вэ гэдгийг харах л үлдлээ. Эцэст нь хэлэхэд, тус газрыг дүүргийн захирамж нэрээр гартаа оруулсан эрхэм дарга, УИХ-ын гишүүн, сайд та олон мянган орох орон, оочих аягагүй, гудамжинд хоног төөрүүлэн явж буй хүмүүст буян үйлдэж хямд үнэтэй Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж газрыг хотод нь буцаагаад өгчихөөч гэж хүсэх байна. Бид дараагийн дугаартаа эл газрыг авсан эрхмийг нэр ус, албан тушаалтай нь хүргэх болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа