Онцлох зүйлтэй “Оргил”-д өнгөрүүлсэн мөч



Цагтаа Монгол Улсад цор ганцхан байсан, ная гаруй жилийн түүхтэй “Оргил” рашаан сувилал өдгөө цагт ч хамгийн эрэлттэй, хүртээмжтэй хэвээр байгааг тэдний үүдэнд очуут л мэдэрнэ. Гадаа талбайд эгнүүлэн тавьсан машин тэрэг, үүдээр ороход эмчлүүлж сувилуулахаар ирсэн хүмүүсийн итгэлт харц, эмчлүүлээд гарч буй хүмүүсийн талархалтай царай үүнийг өөрийн эрхгүй хэлж өгнө. “Зан сайтай айлд хүн бүхэн чуулна” гэдэг л энэ байх.

Рашаан сувилал олон болсон цагт ч нөлөөгөө алдалгүй, орчин үеийн дэвшилтэт эмчилгээ сувилгаа хийж байгаа нь олны таашаалд нийцсээр байгаагийн нэгэн жишээ энэ буюу. Саяхан болтол “Оргил”-ыг ахмад настангуудын алжаал тайлан сувилуулдаг газар, тэнд сувилуулж эмчлүүлэхэд чамгүй олон бичиг баримт бүрдүүлж цаг алддаг тухай яриа нийгэмд байсаар байв. Тэгвэл энэ цаг аль хэдийнээ ард хоцорчээ. Аливаа иргэн харъяа дүүрэг, аймаг, сумынхаа эмнэлгээс “Оргил”-ын “Илгээх бичиг”-ийг авч, тус бичигт эмчийн онош тавиулснаар ямар ч саадгүй хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. “Илгээх бичиг”-ийг заавал харъяа дүүрэг сумдын эмнэлгээс ч авах шаардлага байхгүй, “orgilsuvilal.mn”хаягаар орон татаж авах боломжтой юм.

Онцлох зүйлтэй “Оргил”-д өнгөрүүлсэн мөч

 

        Зуун дамжин үйл ажиллагаа явуулж байгаа энэ их айл нийт 100 гаруй ажилтантай, орчин үед ямар аргаар хүнийг эмчилэн сувилж болж байна, түүний дэвшил бүгдийг эмчилгээндээ ашигладаг байна. 1933 онд одоогийн “Оргил”-ын буй газарт рашаан байгааг олж илрүүлээд, улмаар энэхүү байгалийн амьтай эрдэст усыг түшиглэн рашаан сувиллын газар /1934/ үүд хаалгаа нээсэн түүхтэй. Өдгөө ч эрдэс дотроо хүний дотор эрхтнийг анагаах, сайжруулах шимтэй рашаан ус нь хүн зоныг тэтгэсээр байна. Хамгийн гол нь эднийх хүний гэдэс дотор, цөс угаахдаа энэхүү байгалийн амьтай эрдэст усаар угаадгаараа онцлогтой юм билээ. Ходоодны шүүрэл ихэссэн багассан, шарх сэдрэлт, цус багдалтыг эмчилдгээрээ алдартай энэхүү рашааныг монголчууд андахгүй мэдэх учраас олныг нуршаад яахав. Ямартай ч рашааны хэсэгт очоод цоргоноос тосоод авахаар өөдөөс үсчиж, балгахаар хоолойд үсчин одох нь  цаанаа шидтэй, амьтай санагдана. Энэ олон жилийн турш хэчнээн амьтныг өвчин шанлалаас нь салгасан шидтэй ус юм билээ, хэн мэдлээ. Аугаа их Д.Нацагдорж 1935 онд энэ шидэт усанд зориулан “Рашаан” хэмээсэн шүлэг тэрлэсэн нь түүх сударт үлдсэн төдийгүй тус сувиллынхан үүдэндээ залсан харагдана лээ. Эгэл биш ус учраас их зохиолч маань дуун алдан шүлэглэсэн хэрэг.

“Оргил” нь рашаан усыг түшиглэн ханаа шийрлэсэн цагаас хойш ная гаруй жил өнгөрч өнөөдөртэй золгоход үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг хамт олон болж чаджээ. Рашаан сувиллаас гадна шавар эмчилгээ гэж бий. Шавраа Төв аймгийн Угтаалцайдмаас тодорхой хэмд зөөвөрлөж уураар халаан өвчтнөө эмчилдэг байна. Нуруу, үе мөчний өвчтэй хүмүүс гол төлөв эмчлүүлдэг бөгөөд элдэв эм тариа хэрэглэхгүйгээр өвчнөөс салах томоохон боломж бол энэ гэдгийг хэвтэн эмчлүүлэгчид ярьж байсан. Шавар эмчилгээний хэсэгт очиход найман настай балчираас наян настай буурал хүртэл тусгай эмчилгээний орон дээр эмчлүүлэн хэвтэж байгаа харагдана. Шавар эмчилгээний дараах усан ваннанд ч хүмүүс сууж харагдана.

Үүнтэй зэрэгцэх эмгүй нэг эмчилгээ бол физик эмчилгээ. Тогтмол болон хувьсах цахилгаан гүйдлээс эхлээд соронзон орон, хэт ягаан, нил улаан туяаны лазерийн гэсэн 20 гаруй төрлөөр эмчилгээ үзүүлдгээс гадна татлага, биеийн тамир, хөдөлгөөн засал, усан, лааны тосон,иллэг гэх мэт эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг байна. Энэ хэсгийн эмчлэгч эмч нь хэлэхдээ “Манайд нойргүйдлийг эмчилдэг аппарат хүртэл бий. Огт нойргүй болсон хүн ирж эмчлүүлээд сайн бөх унтдаг болоод явдаг. Энэ тоног төхөөрөмжүүд Солонгос болон бусад улсаас захиалж авчирсан” хэмээн тайлбарлаж байлаа.

Онцлох зүйлтэй “Оргил”-д өнгөрүүлсэн мөч

Онцлох зүйлтэй “Оргил”-д өнгөрүүлсэн мөч

       Өнөө цагт суурин иргэншлээс үүдсэн өвчлөлт их болсон. Тиймээс үүнд тохирсон олон төрлийн эмчилгээг “Оргил”-ынхон үзүүлдэг. Түүний нэг нь хэт их таргалалтаас үүдсэн чихрийн шижин, зүрх судасны, даралтны гэх мэт өвчнийг дээрх үйлчилгээнүүдээр эмчлэхээс гадна хооллолтоор эмчлэх арга нь ихээхэн үр дүнтэй аж. Хооллолт гэснээс хоолны сувиллын эмчилгээ бий, үүнд 15 дэглэмийн 80 гаруй төрлийн хоолоор өдөрт зургаан удаа үйлчилдэг. Нэг ээлжиндээ 300 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай “Оргил” нь хоолныхоо заалны ширээн дээр тусгай дугаар тавьсан байх бөгөөд тусгай дэглэмийн энэ дугаараар үйлчлүүлдэг гэнэ. Тухайлбал, таргалалтаас сэргийлж байгаа хүн 15 дугаар ширээнд очно. Цагаан хоолтой хүн 10 дугаар ширээнд очно гэх мэтээр өдөрт зургаан удаа үйлчлүүдэг байна. Өнөөдөр олон төрлийн хагалгаа хийгддэг бөгөөд “Оргил” рашаан сувилал нь хагалгааны дараах эмчилгээг төгс хийж, биеийг тэнхрүүлдгээрээ алдартай. Үе солиулсан хүмүүс удаан хугацаанд явж чадахгүй өвдөлт өгдөг бол эднийх хурдан хугацаанд хөл дээр нь босгож, өвдөлтийн процессыг зогсоодгоороо бүр ч алдартай гэж үйлчлүүлэгчид ярьж байна лээ.

Онцлох зүйлтэй “Оргил”-д өнгөрүүлсэн мөч

Онцлох зүйлтэй “Оргил”-д өнгөрүүлсэн мөч

      Өнгөрсөн нийгмийн үед л өргөн түмэндээ үйлчилж байсан “Оргил” рашаан сувилал гэж хэзээ ч өөрийнхөө өнгө төрх, агуулгаар өнөөдөр ч түмэндээ үйлчилсээр. “Өөдлөх айлын өнгө” үүднээсээ гэдэг дээ. Хэдийгээр олон жил болсон барилга байгууламжтай ч өөрсдийнхөө төсөвт өртгөөс илүүчилж, өнгө зүсийг нь засдаг гэдгийг эдний үүднээс харж болно. Үйлчилүүлэгчид юу юуны өмнө цэвэр цэмцгэр байдал, чанартай сайн үйлчилгээг л хүсч таарна. Он цагийн шалгуурыг даахын зэрэгцээ шинэ цагтай хөл нийлүүлэн түмэндээ үйлчилж байгаа “Оргил”-д очиж үйлчлүүлсэн бүхэн алзахгүй гэдгийг очсон хүн бүхэн хэлнэ билээ. Өнөөдөр захын нэг амралт ямар үнэтэй байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл ийм хямд өртөг чанартай үйлчилгээг хамгийнб оломжить үнээр авахын зэрэгцээ клиник, анагаахын эрдэмтэн мэргэдээр тэргүүлүүлсэн нэртэй эмч, сувилагч нар танд үйлчилж байна.

Энэ үеэр “Оргил” рашаан сувиллын Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ө. Хүрэлтогтохтой цөөн хором хөөрөлдсөн юм.

Онцлох зүйлтэй “Оргил”-д өнгөрүүлсэн мөч

Ө.Хүрэлтогтох: Чихрийн шижин өвчинг хэмжээнд нь зовиургүй байлгаж болно

“Оргил” рашаан сувиллын Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ө.Хүрэлтогтохоос шинээр нэвтрүүлж буй эмчилгээний талаар тодрууллаа.

-“Оргил” рашаан сувиллаас үйлчлүүлэгчиддээ шинэ эмчилгээ нэвтрүүлсэн тухай мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цаг үеийн шаардлага дагасан эмчилгээ өнөөдөр зайлшгүй хэрэгтэй болжээ. Суурин иргэншил хүн амын хэт их төвлөрлөөс үүдсэн түгжирэл, нийгмийн зарим байдлаас үүдсэн стресс бухимдал газар авсан. Энэ нь ялангуяа жирэмсэн эхчүүдэд ихээхэн халгаатай, нийслэлийн утаа нь ургийг гажигтай болгох, бүр амьгүй болгох хэмжээнд хүрсэн байна. Төрсөн хүүхдүүдийн зарим нь хөгжлийн бэрхшээлтэй болохоос гадна суурь өвчтэй төрөх болжээ. Нийгмийн энэ их стресс, нөгөө талаас хэт их таргалалт, буруу хоололтоос үүдсэн өвчлөл газар авч байна. Энэ бүгдийг харгалзан үзээд манай рашаан сувилал “Тайвшруулах” тасаг нээсэн.

-“Тайвшруулах” тасаг нь мэдээж дээрх өвчнүүдийг анагаах эдгээх тал дээр ажиллах байх. Чухам ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

-Би дээр хэлсэн, хүмүүсийн уур бухимдал их болсон өнөө цагт түүнийг тайвшруулах замаар хоолны дэглэмд оруулж эмчлэхээс эхлээд зулайн массаж, ароматс буюу үнэр эмчилгээ, аудо буюу хөгжим эмчилгээ гэх зэрэг шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Таргалалттай холбоотойгоор ходоодонд ороод түргэн задрах гүц болон хар үрийн будаа, навчны ургамал зэрэг Монголын хөрсөнд тарьж ургуулсан эко бүтээгдэхүүнийг жин бууруулах зорилгоор өдөрт зургаан удаа хооллуулна. Үүний зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийлгэж байна. Хүмүүс хооллолт, хөдөлгөөнөөс болж их алддаг. Тэгэхээр дээрх эмчилгээнүүд ихээхэн үр дүн өгч байгаа бөгөөд эмчлүүлэгч маань хэт их стрессээс гарч, олонтойгоо бужигнаад ирэхээр бие нь сайжирч байгаа юм.

-Чихрийн шижин өвчин газар авч байна. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Чихрийн шижин өвчин бол эдгэхэд бэрх, одоохондоо анагаах ухаан төгс эдгээх эмчилгээг нээж чадаагүй байна.Тэгэхээр чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээг бууруулах, түүнийг удаан хугацаанд барих замаар эмчилгээ хийдэг. Нэн тэргүүнд дархлааг сайжруулах замаар иллэг хийж, захын судасны цусан хангамжийг сайжруулах эмчилгээ хийдэг. Сахар өөрөө хөлсөөр гадагшилж байдаг зүйл учраас биеийг сэргээх усан эмчилгээ хийж, тусгай тоног төхөөрөмж дээр хөлс гаргах зэргээр эмчилдэг. Энэ бүгд нь ерөөсөө цусан дахь сахрын хэмжээг хэвийн хэмжээнд барих, буулгах тусгай удирдамжийн дагуу хийгддэг.

-Чихрийн шижин өвчтэй хүний баримтлах гол зарчим юу байна?

-Энэ өвчинтэй тэмцэхэд гол баримтлах зарчим бол хооллолт шүү дээ. Нэг дор их идэхгүй байх, ходоодныхоо гуравны нэгийг хоосон байлгах хэрэгтэй. Хооллолтын дэглэм бариад ирэхээр биеийн жин хэвэндээ байна биз дээ. Элдэв стресст орж бухимдах, архи дарснаас хол байх хэрэгтэй. Манайд ирээд эмчлүүлэхээр ийм төрлийн өвчтэй хүн чухам ямар хэм хэмжээнд юу хэрэглэх ёстойгоо сайн ойлноод гардаг. Хамгийн наад зах нь манай хооллолт, хөдөлгөөн дасгал гээд бүгдийг эмчийн заавраар сурчихдаг болохоор зовиургүй болно гэсэн үг. Энэ бүгдийг бидний зааснаар мөрдөөд байвал чихрийн шижин өвчинг хэмжээнд нь зовиургүй байлгаж болно.

-Танай үйл ажиллагаа өргөжөөд Хүүхдийн тасаг нээсэн гэнэ. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Хүүхдийн тасаг байгуулна гэсэн 2017 оны зорилтот түвшний дагуу 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тусгай30 ор болон бусад тоног төхөөрөмж авч, Хүүхдийн тасаг ажиллуулж эхлээд байна. Хүүхдийн сувилалд 0-2 насны хүүхэд үнэ төлбөргүй, 2-10 насны хүүхэд 50 хувийн хөнгөлөлтөөр, 10-аас насны хүүхэд 100 хувийн төлбөр төлж сувилуулан эмчилүүлнэ.

– Танай сувилал зуны сувилал ажиллуулдаг гэсэн

Манай “Оргил” рашаан сувиллын хувьд энэ жилээс Архангай аймгийн Мухар хужиртад зуны рашаан сувиллын газраа нээх гэж байна. Сахарын өвчлөл сүүлийн жилүүдэд эрчтэй нэмэгдэж байна. Эмгүй эмчилгээгээр эмчлэх боломж байхад үүнийг ашиглахгүй зүгээр сууж болохгүй гэдэг утгаараа энэ сувиллыг нээхээр шийдсэн юм. Түүнчлэн Төв аймгийн Бөөрөлжүүтийн рашааныг хүмүүс сайн мэддэг. Аварга тосонтой хөл нэгтэй гэдэг. Тэнд өнгөрсөн жил зуны сувилал нээж ажиллуулсан. Энэ жилээс 50 ортой ажиллуулахаар төлөвлөсөн. Энэ сувилалд нуураас гарсан рашааныг уулгахаас гадна шавран эмчилгээ давхар хийх юм.  Шавар эмчилгээ гэхээр ердийн шавар гэж хүмүүс боддог. Гэтэл нуураас гарсан шавар өнгөнөөсөө хамаарч харилцан адилгүй эмчилгээний үр дүн үзүүлдэг болох нь тогтоогдсон.

  • Танай байгууллагатай яаж холбогдох вэ?

77101133, 77101144 дугаараар эсвэл Orgilsuvilal.mn гээд холбогдож болно.

Шуурхай.мн 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ