Улаанбаатар Смарт Карт ХХК-аас "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөө” хэлэлцүүлгийг өчигдөр буюу 11 дүгээр сарын 13-ны өдөр Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Зам тээврийн яам, Зам тээврийн хөгжлийн хүрээлэн, НЗДТГ, Нийслэлийн мэдээлэл технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Харилцаа холбооны зохицуулах хороо, Автотээврийн үндэсний төв, АХБ, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Эхомн ХХК, ММ систем ХХК-ий төлөөллүүд болон холбогдох албаныхан оролцлоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд “Удирдлага, мэдээлэл, цахим төлбөрийн системийн танилцуулга” сэдвээр Улаанбаатар Смарт карт ХХК-ий Тээврийн үйлчилгээ зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Түвшинжаргал, “Цахим картыг бусад тээврийн хэрэгслийн төлбөр тооцоо болон өргөн хэрэглээнд нэвтрүүлэх боломж” сэдвээр Улаанбаатар смарт карт ХХК-ий Шинэ бизнесийн хэлтсийн дарга М.Мөнхболд, “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл хяналт, Tbox системийн хэрэглээ” сэдвээр Улаанбаатар Смарт карт ХХК-ий Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах менежер Н.Оюунцэцэг, Замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлууд” сэдвээр ЗХУТ-ын Ерөнхий инженер" Д.Очир-Эрдэнэ нар илтгэл тавьж, санал солилцлоо.
Энэ үеэр Улаанбаатар Смарт карт ХХК-ий Тээврийн үйлчилгээ зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Түвшинжаргал “Улаанбаатар Смарт карт ХХК нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд гар утасны ухаалаг NFC сим карт, U money шалгах аппликэйшн, хязгааргүй зорчих сарын карт, автобусан дотор дуу, хоолойгоор зогсоол зарлах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүллээ. U money картыг зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд ашигладаг байсан бол цаашлаад такси үйлчилгээ, автозогсоолын төлбөр тооцоо болон бусад өргөн хэрэглээний төлбөр тооцоогоо хийхэд ашиглах боломж бий. Цаашид хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, олон шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна” хэмээлээ.
Улаанбаатар Смарт карт ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд түүний дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны 10 сард албан ёсоор байгуулагдсан юм. Тус компани нь мэдээллийн технологийн салбарт цоо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж, “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Улмаар энэ оны дөрөвдүгээр сарын 01-ээс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ 100 хувь цахим төлбөрийн системд амжилттай шилжсэн юм.
Тухайлбал, 2017 оны 11 дүгээр сарын 09-ны байдлаар 1,474,629 карт борлуулагдсанаас 69 хувийг энгийн, 18 хувийг хүүхэд, 9 хувийг ахмад настан, 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1 хувийг хязгааргүй зорчих сарын карт тус тус эзэлж байна.
Улаанбаатар хотын нийтийн тээврээр дунджаар ажлын өдөр 318,958 хүн, 759,921 удаа зорчдог бол амралтын өдөр 201,017 хүн, 442,651 удаа зорчиж байгаа аж.