Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр зарлагдсан. Энэ хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодорхойгүй шалтгааны улмаас хурлыг хойшлуулж өнөөдөр 11:00 цагт хуралдуулахаар болсон юм.
Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын танилцуулгыг хуулийн дагуу хуралдаанаас гурав хоногийн өмнө төлөөлөгч нарт өгч танилцуулах ёстой байдаг. Гэвч дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн төлөөлөгч нарт өнөөдрийг хүртэл ямар нэгэн танилцуулах материал ирээгүй байна. Мөн дүүргийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх тухай дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс урьдчилан санал авахгүйгээр тухайн хурлыг хийхээр товолсон ажээ.
Тиймээс МАН-ын бүлгийн төлөөлөгчид Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу БЗД-ийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясахаас энэ талаар нийтийн сонсгол тавихыг шаардсан байна. Үүний дагуу өнөөдрийн ИТХ-аар хэлэлцэх байсан асуудлыг өөрчилж “Дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хэлэлцүүлэхээр өөрчилсөн байна. Энэ нь ИТХ-ын Тэргүүлэгчид нь Төлөөлөгчдийн бүрэн эрх, хуралдааны дэгийг зөрчсөн хууль бус үйлдэл болж байгаа юм. Учир нь нэгэнт зарласан хуралдааныг дэгийн дагуу нийт төлөөлөгчдийн саналаар хойшлуулах байтал Тэргүүлэгчид хуралдаж шийдвэр гаргасан байна. Ингэхдээ дүүргийн ИТХ-ын хуралдааны тогтоолоор хойшлуулсан шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.
Энэ талаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Атармаа “БЗД-ийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан өчигдөр хуралдана гэсэн товийг намын бүлгүүдэд хүргүүлсэн хэдий ч хойшлогдон өнөөдөр хийхээр болсон. БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгээс 1-рт хуралдааныг хууль бусаар хойшлуулсан, 2-рт 7 дугаар хуралдаан нь хурлын дэг болон Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс МАН-ын бүлгээс 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар нийтийн сонсгол хийж хэлэлцүүлэх шаардалагыг Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид хүргүүлсэн. Тус шаардлагыг хүргүүлсэн учраас өнөөдрийн хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байгаагаа ИТХ-д хүргүүлсэн. Харамсалтай нь энэ асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр Тэргүүлэгчид хуралдаж ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхэнд халдаж энэ асуудлыг шийдэж байна” хэмээн ярилаа.
Түүнчлэн “Өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл БЗД-ийн ИТХ дахь намын бүлгүүдийн суудлын тоо маргаантай хэвээр байгаа. Ардчилсан намаас нэр дэвшсэн 7 төлөөлөгч шүүхээр асуудлаа шийдүүлж нэр бүхий 5 төлөөлөгчийн Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Хуулиараа маргаантай байсан 5 төлөөлөгчийн бүрэн эрхийг Сонгуулийн хорооноос БЗД-ийн ИТХ-ын хуралдаанд өргөн барих ёстой. Үүний дараа хуралдаанаар бүрэн эрхийг нь зөвшөөрнө. Гэтэл өнөөдөр бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөөгүй 5 төлөөлөгч нэгдсэн хуралдаанд суугаад явж байна. Мөн хоёр төлөөлөгчийн асуудлыг нэгдсэн хуралдаанаар оруулж шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой. Гэтэл БЗД-ийн ИТХ дахь АН-ын бүлэг 22 төлөөлөгчтэй хэмээн ирцээ бүрдүүлж хуралдаж байгаа нь хууль бус юм” хэмээлээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
1
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа