Олон улсад шинээр нэвтэрсэн шийдэл, технологи, инноваци ноу хауг судлаж, эх орондоо санаачлан нэвтрүүлж бодитой ажил болгон хэрэгжүүлэгч бол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг. Тус эмнэлэгийн инновацийн хүрээний бодлого, менежментийн талаар УНТЭ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, Дэд Профессор Б.Бямбадоржтой ярилцлаа.
СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН ЗАГВАРЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ЭМЧ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛСАН
Дэлхийд шинэ тренд /хандлага/ болж буй аливаа эмчилгээ, үйлчилгээг судалж, нэвтрүүлэх нь танай эмнэлэгийн үндсэн чиг үүрэгт хамаарах уу? Тухайлбал Эрхтэн шилжүүлэн суулгалтын тухайд?
Аль ч байгууллага, хувь хүн үргэлж сурч, хөгжиж, шинэ гарцуудыг олж байх ёстой. Бидний хувьд Эрхтэн шилжүүлэн суулгалтыг хийгээрэй гэж хэн нэгэн үүрэг өгч, албан шаардлага тавьж байсан удаагүй. Бид хийх ёстой, чухал юм байна, нийгэм, ард түмэндээ хэрэгтэй гэсэн эмч, эмнэлгийн ажилтны өөрсдийнх нь санаачлага, ухамсар байж гадаад харилцаагаа хөгжүүлэх, дотооддоо ч гэсэн төр засагтаа санал хүсэлтээ уламжлан дэмжүүлэн ажиллаж байна.
Манай эмнэлгийн хамт олныг эрчилж, хурцалж, шинэ зүйлийг нэвтрүүлэх эрмэлзэлтэй болгодог үнэт зүйл бол орчин үеийн эмнэлгийн анхны суурийг нь тавьсан гэдэг түүхэн онцлог.
Иймээс бидэнд ямагт анхдагч – манлайлагч байх түүхэн үүрэг, хариуцлага оногддог.
Энэ хугацаанд сургалтын эмнэлгийн загварыг /Teaching hospital/ хэрэгжүүлье, өндөр мэдрэмжтэй нарийн бүтэц ажиллагаатай аппарат, тоног төхөөрөмжөөр хангая, эргээд инноваци шингэсэн эмчилгээ, үйлчилгээний технологийг нутагшуулья гээд нэлээдгүй олон ажлууд хийгдсэн байна. Одоо манай эмнэлэгт нэг үеэ бодвол хөгжингүй орны адил технологи, стандарт, хэрэглэгч үйлчилгээний соёл, судалгаа шинжилгээ гээд хөгжлийнхөө хувьд ерөнхий араг ясаа босгоод, өөрийн гэсэн өнгийг олсон болов уу гэж харж байна. Цаашдаа ч бид ард түмэндээ хэрэгтэй, салбарт үгүйлэгдэж буй эмчилгээ, үйлчилгээний загвар, технологи гээд суралцах, нэвтрүүлэх олон ажлуудыг хийх болно.
Сургалтын эмнэлгийн загварыг танайхаас өөр эмнэлэг хэрэгжүүлж байгаа юу? Энэ загварын давуу тал, онцлог зүйл нь юу вэ?
Энэ загварын хамгийн чухал давуу тал бол эмчээр эмч бэлтгэх тогтолцоо юм. Эцэст нь сурсан сургасан хоёулаа сайн эмч болж чадах тийм л загвар. Одоогоор улсдаа манайхаас өөр эмнэлэг нэвтрүүлээгүй л байна.
Та бага зэрэг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
Өмнө нь эмч болохын тулд сургууль төгсөөд гурав юм уу зургаан сарын курс төгсдөг байлаа. Харин 2000 оноос резидентын сургалтанд шилжсэн. Резидентын эмч бэлтгэх тогтолцооноос цэвэр сургалтын эмнэлгийн загвараар бэлтгэж болох юм байна гэдгийг олж харсан.
Ингээд сургалтын эмнэлгийн загварыг УНТЭ дээрээ бий болгож, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлээд явж байна.
Сургалтын зарчим энгийн л дээ, хэрэв та мэс заслын эмч болох гэж байгаа бол харах, ажиглах, хамтарч оролцох, өөрөө суралцах, бие дааж хийх зэрэг бүх талын оролцоог хангаж, хамгийн сайн багшийг дагаж, технологи, тоног төхөөрөмж сайтай эмнэлэгт 3,4 жил өвчтнүүдтэй харьцаж, ажиллахад стандартад нийцсэн эмч сая нэг болдог юм байна.
Нөгөөтэйгүүр эмч хүн өөрийнхөө сурсан, эзэмшсэн мэргэжлээ хүнд зааж өгч байж өөрөө илүү их чадварждаг юм байна. Тиймээс УНТЭ сургалтын эмнэлгийн загварыг хэрэгжүүлснээр стандартад нийцсэн резидент эмч бэлтгэхээс гадна эмнэлэг өөрөө сайн, чадварлаг багш нартай болж байна. Эмнэлэгт ажиллаж буй эмч –багш гэдэг бол өдөр тутмын үйл ажиллагаандаа судалгаа хийж, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ажлын үр дүнгээ бусад орны эмч нартай харьцуулж үзэх чадвартай болохын тулд эмч нар судалдаг, эмчилдэг, багшилдаг байх ёстой. Ийм л системийг тогтоож, бусад эмнэлгийн эмч нарыг ч мөн адил ийм стандартаар ажиллуулахыг хэд хэдэн удаа оролдож үзсэн.
Дэлхий дахин эмчийг ийм л тогтолцоогоор бэлтгэж байна. АШУҮИС олон улсын магадлан итгэмжлэл авлаа төгсөгчид нь олон оронд хүлээн зөвшөөрөгдлөө гэж байна. Гэвч эмчийг сургалтын эмнэлгийн загвараар ажилладаг эмнэлэг дээр л сайн бэлтгэж төгсгөдөг болохыг дэлхий нийт батлачихлаа. Өөрөөр хэлбэл 100 удаа бие даан мухар олгой авах мэс ажиллагаа хийсэн эмч хаа ч очсон газардахгүй, эрсдэл үүсгэхгүй ажилладаг. Дашрамд хэлэхэд сургалтын эмнэлгийн загвар гэсэн энэ моделыг дэлхий дахинд мэдээллийн технологийн инженер, ажилтан бэлтгэхэд ашигладаг болсон. Энэ бол дотроо их олон зүйлийг агуулдаг тогтолцоо юм.
МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙН ЗӨВ ШИЙДЭЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨН АЖИЛ БОЛГОХ НЬ УДИРДЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ ЮМ
Та сургалтын эмнэлгийн загвараа өөр эмнэлэг дээр хэрэгжүүлэх санаачилга гаргаж байсан уу?
Манай эмнэлгийн хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 2 ч удаагийн төсөл хэрэгжүүлэх гэж үзээд болоогүй. Үүний нэг нь сургалтын эмнэлгийн сонгодог загварыг хэрэгжүүлж байх явцдаа Нийслэлийн багануур дүүргийн эмнэлгийг салбар эмнэлгээ болгон УНТЭ-ийн олон жилийн технологи, стандарт, эмч нараа ашиглуулья гээд төсөл бичиж, санал тавьсан боловч дэмжигдээгүй.
Нөгөө нь 2014 онд ТТАХНЭ –ийг УНТЭ шиг нэгдсэн эмнэлэг байгуулья гэж төсөл бичээд олон шалтгаан хүчин зүйлээс болоод зогссон. Гэхдээ 3 сар ажиллуулж үзсэн. Болохоор л юм байна лээ. Өөрөөр хэлбэл салбар эмнэлэгт /ТТАХНЭ/ үзүүлсэн хүн УНТЭ дээр дахиж ирж үзүүлэх шаардлагагүй болж байгаа юм. Цаад утгаараа УНТЭ-н эмч нарын стандарт, арга барилыг эзэмшсэн эмч нараар нэгдсэн эмнэлгүүдээ хангах зайлшгүй шаардлага гарч ирнэ. Ингэснээрээ зөвхөн тухайн байгууллагыг биш салбарын эмч мэргэжилтнүүдийн чансааг сайжруулах, хөгжүүлэх давуу талтай юм. Асуудал байж, туршилт амжилтгүй болсон ч хийхгүй л бол болохгүй учраас зүгээр суулгүй санаачлагатай байж бас л судалж, ажиллаж байна.
Та аливаа ажлынхаа гарах үр дүнд ямар хэмжүүр тавьдаг вэ?
Бид өнөөдөр мөнгөгүйдээ биш зохион байгуулалтын арга барилаасаа болоод хөгжлийн удаашралтай байна.
Ер нь аливаа нэг ажлын мөн чанарыг таньж ухааралгүйгээр өнгөцхөн хөөсрүүлэх, бусдад таалагдахаа урьтал болгох, олон түмнээс оноо цуглуулах, мундаг харагдахын тулд ажиллахыг үр дүн гэж хараад байгаа нь аль ч түвшиндээ асуудал болоод байна. Энэ бол миний байр суурь.
Зөв юм эхнээсээ амттай, сайхан байх албагүй. Тодорхой хугацааны дараа үр дүн нь гардаг ажил гэж байна. Тиймээс бид ард түмний эрүүл мэндийн хэрэгцээг сайжруулахын тулд мэргэжлийн хүмүүсийн зөв шийдэл, зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Тэр мэргэжлийн хүмүүс чинь өөрсдөө нэг өдөр зүүдэлж гаргасан шийдвэр, шийдлээ ярьдаггүй. Манай салбарын мэргэжилтний онцлог нь тэр. Мэргэжлийн хүмүүс амьдралынхаа явцад олон эх сурвалжаас судалж, дүгнэж гаргасан шийдэл байдаг. Энэ шийдлийн зөв буруу нь цаг хугацаагаар харагддаг.
Нэмээд хэлэхэд, Бид юмыг хийхдээ, төлөвлөхдөө Эрүүл мэнд- ТЭЗҮ талаас нь бодож хиймээр байна. Тухайн хийх зүйлийнхээ орчны, хүний эрүүл ахуйн хувьд тохиромжтой таатай байлгахаар хийх үү гэдгийг нэг номерт боддог, тэрийгээ харгалзаж үздэг, сургууль цэцэрлэг, үйлдвэр, орон сууц барисан ч гэсэн тэр талыг нь анхаарч шийддэг тийм соёл руу бид ормоор байна.
БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ЭМЧ НАРЫН АНХДУГААР ЗӨВӨЛГӨӨНИЙГ САНААЧИЛАН, ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Юуны өмнө танай хамт олонд нийгэмд хэрэгтэй энэ том ажлыг санаачилан, зохион байгуулсанд баяр хүргэе! Танай байгууллагын чиг үүрэгт ямар ч хамааралгүй энэ ажлыг яагаад хийх болов?
Баярлалаа. Өмнө нь хэлсэндээ. Өнөөдрийн нийгэмд бид хийхгүй л бол болохгүй учраас хийж, хэрэгжүүлэх гээд явж байгаа ажлуудын маань нэг бол яалт ч үгүй бага, дунд, өсвөр насныхны эрүүл мэндийг сахин хамгаалах. Тиймээс бид анхан шатнаас эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох нь зүйтэй гэж үзээд энэхүү сургууль, цэцэрлэгийн эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг УНТЭ-ээс санаачилан, зохион байгууллаа. Өнөөдөр энэ чиглэлийн эмч нарын ажил олгогч нь БСШУСЯ, гэтэл эмчийн ажил хийдэг. Үнэндээ бол хоёр салбарын дунд хаягдсан, дэмжлэггүй өнөөг хүрсэн дэд салбар. Нэгдсэн бодлого, чиглэл, дэмжлэггүй байсанаас хүүхдүүдэд бага наснаас нь эрүүл мэндийн боловсролыг цэгцтэй олгож, амьдарлын зөв хэв маяг, дадлыг бүрэн эзэмшүүлж чадахгүй байна.
Энэ дэд салбарт ямар өвчлөл зонхилж байна вэ?
Манай улсад өсвөр үе, залуучуудын дунд суурь, архаг өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Саяханы ОХУ-ын судалгаагаар дунд сургууль төгсөгчдийн 45 хувь нь 2-3 төрлийн архаг, хууч өвчтэй эмнэлгийн оноштой гарсан байна. Энэ үзэгдэл манайд ч байна. Үүний илрэл нь өнөөдөр гуравдугаар шатлалын эмнэлэгт ирж буй өвтөний дийлэнхийг 40 хүртэлх насны ид хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуучуудын өвчлөл эзэлж байна. Одоо л энэ асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл олж, ажил болгохгүй бол тун удахгүй тав, аравхан жилийн дараа архаг, суурь өвчтэй хүмүүсээр эмнэлэгүүд дүүрэх нь. Эдийн засаг овоо сэргэлээ гэхэд нөгөө байдаг мөнгөө хамаг архаг, хууч өвчтэй хүмүүсийн эмчилгээнд зарцуулах болчихно. Тиймээс бид анхан шатнаас эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох нь зүйтэй гэж үзээд энэхүү сургууль, цэцэрлэгийн эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг УНТЭ-ээс санаачилан, зохион байгууллаа. Уг нь энэ бол манай ажил биш л дээ. Үнэндээ бол хоёр салбарын дунд хаягдсан, дэмжлэггүй өнөөг хүрсэн учраас багаас нь хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролыг цэгцтэй олгож, амьдарлын зөв хэв маяг, дадлыг бүрэн эзэмшүүлж чадахгүй байна.
Амьдралын зөв хэв маяг, дадлыг эзэмшүүлэх зорилгоор танай байгууллага нийгэм рүү чиглэсэн ажлуудыг өмнө нь ч хийж байсан. Цаашид нийгмийн үүрэг, хариуцлагынхаа хүрээнд нөлөөллийн ажлууд хийгдэх үү?
Хийгдэнэ. Бидний хувьд дан эмнэлгээрээ үйлчлүүлж буй өвчтөнүүдэд үйлчилэхээс гадна хүний өдөр тутмын буруу дадал, амьдралын хэв маяг, буруу ойлголтоос болж үүсч буй суурь өвчлөлийг бууруулах тал дээр хэд хэдэн нөлөөллийн ажлуудыг санаачилаад хийж байна. Үүний нэг нь сургууль, цэцэрлэгийн эмч нарын сургалт, хэлэлцүүлэг юм.
Манай ард түмний дунд нэг буруу ойлголт байдаг. Нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог уу эсвэл бий болсон олдмол сэтгэлгээ юу аль нь ч байсан түргэн хугацаанд нийтээрээ таягдан хаях нь нэн чухал зүйл бол өвдсөн үедээ эм уугаад, тариулаад эдгэчихнэ гэсэн буруу бодол. Анагаах ухааны дэвшилтэт сайн эм, технологийг эрхэм үзэж, хошуураад эмнэлэгт, эмчид өөрийнхөө эрүүл мэндийн бүх хувь заяагаа даатгаж байна. Энэ нь асар их өртөгтэй, олон хүнд хүрэх хүртээмж маш бага, хүн бүр энэ тусламжийг авч чадахгүй. Харин энэ бодлоосоо татгалзан эхнээсээ эрүүл байж урт наслах, амьдралын чанараа хадгалан үр хүүхдүүдтэйгээ хамтдаа жаргах боломж энэ 21-р зуунд бүрэн бүрдсэн байна. Үүнд туслах 2 арга зам бидэнд байна. Тухайлбал, эрүүл зан үйл, эрүүл амьдралд суралцах. Үүнд үр хүүхэд өсвөр үеээрээ дамжуулан нотолгоотой зөв аргыг зааж сурган хэвшүүлэх. Тэд гэр бүлийн гишүүддээ сайнаар нөлөөлж, оройтсон ч гэсэн хамтдаа эрүүл мэндээ хайрлана.
Мөн орчин үед тавиад буй сэргийлэлтийн шинжилгээ, үзлэгт товлолын дагуу жил бүр тогтмол хамрагдах тогтолцоог бий болгох, түүнийг зөв ойлгуулах хэрэгтэй. Одоо манайханы хийдэг хэдхэн үзүүлэлттэй урьчилан сэргийлэх үзлэгээр сэтгэлээ тайвшруулаад байж болохгүй.
Сүүлийн жилүүдэд үүссэн эмнэлзүйн анагаах ухааны ололтуудын үр дүнд олон улсад энэ тогтолцоог нэвтрүүлснээр 2 асуудлыг шийдсэн. Нэгт, хүн ардынхаа өвчлөлийг эрт илрүүлж, оношлон газар аваагүй дээр нь бүрэн таслан зогсоох эсвэл байнгын хяналт эмчилгээнд авч амьдралын насыг уртасгах. Хоёрт, эмнэлгүүд татаас авч ажиллахаа больж, эрүүл мэндийн үйлдвэрлэл /Health industry/ гэсэн ойлголт бий болж өөрөө бие даан хөгжих тогтолцоог бий болгосон тийм мундаг тогтолцоонууд бий болсон байна.
Энэ арга хэмжээний цаашдын алхамууд юу байх вэ?
Зөвлөгөөнөөр бид тулгамдаж буй асуудлаа ярихаасаа илүү гарц, шийдэл, шинэлэг мэдээллээ хуваалцах, хэлэлцэх нь чухал байлаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд сар бүрийн 2-ны өдөр онлайнаар хоорондоо холбогдож, мэдээллээ шинэчилэх, харилцан туршлагаа солилцох хэлбэрээр эргэх холбоотой ажиллахаар төлөвлөлөө. Цаашид иймэрхүү сургалт, хэлэлцүүлгийг уламжлал болгон жил бүр зохион байгуулна. Энэ удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулахад ЭМЯ, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, НЭМҮТ, СЭМҮТ, ЦЕГ, БЗД-ЭМТ, Гэр бүл хүүхэд хөгжлийн газар, Эмнэлзүй Анагаах Ухааны академи тус тус дэмжин ажилласан. Эдгээр байгууллагууддаа талархал илэрхийлмээр байна. Дараагийн удаад бид бүх үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын эмч нарт нотолгоонд суурилсан мэдлэг олгох, чадавхижуулах ажлыг хийх төлөвлөгөөтэй байна.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин |