НӨАТ-ын зарим эргэлзээтэй асуудлаар Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа.
Иргэдийн бүртгүүлсэн баримтыг цаад талаас “илгээгээгүй” гэсэн бичиг гардаг. Ийм нөхцөлд иргэн хаана хандах ёстой вэ?
Энэ талаар өмнө нь мөн мэдээлэл өгч байсан. Хуулиндаа аж ахуйн нэгж 72 цагийн дотор илгээх үүрэгтэй, илгээгээгүй гэж гарсан тохиолдолд баримтаа устгаад дахин оруулсанаар автоматаар баталгааждаг. Харин дахиж оруулахад уг байдал хэвээр байвал 1800-1288 дугаар руу залгаж НӨАТ-ын сугалааны дугаараар шалтгааныг тодруулна. Ихэнх тохиолдолд иргэн буруу шивсэнээс үүссэн байдаг. Иргэдийн зүгээс баримтын дугаарыг шалгаж оруулах, шивсэн баримт тань үнийн дүн зөрүүтэй, ААН илгээгээгүй төлөвтэй байвал тухайн баримтын ДДТД-аар шивэх боломжтой. Шивсэн төлбөрийн баримтаа баталгаажтал болон сугалааны тохирол болох хүртэл хаяхгүй байх хэрэгтэй.
Сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24.00 цагийн дотор өмнөх сарын баримтыг шивж баталгаажуулснаар сутаглаанд орох боломжтой.
Иргэдийн гомдлыг хэр хугацаанд шийдвэрлэж өгдөг вэ?
Манай 1800-1288 утсанд ирсэн гомдлыг хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлж, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Гомдол гаргасан иргэнтэй хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар утсаар хариу мэдээлэл өгч ажилладаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1800-1288 дугаарын утсанд 2500 гаруй санал гомдол ирсэн байна. Ирсэн гомдлын 87 хувь нь төлбөрийн баримт олгоогүй, үүнээс кассын машин эвдэрсэн, сүлжээ тасарсан, хямдарсан бараанд НӨАТ олгохгүй, мэйл хаягаар илгээнэ гээд илгээгүй тохиолдлууд ихэнх хувийг эзэлж байгаа.
Нийслэлийн хэмжээнд ирсэн гомдлын ихэнх хувийг худалдаа үйлчилгээний том төвүүдтэй Баянгол, Баянзүрх дүүргээс төлбөрийн баримт олгохгүй байна гэсэн гомдол эзэлдэг.
Зарим худалдааны төв дугаар нь сайн харагдахгүй, бүдгэрсэн төлбөрийн баримт хэвлэж өгч байна. Тавигдах шаардлага байдаг уу?
Стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Кассын машины стандартанд төлбөрийн баримт хэвлэх цаас, хор ямар байхыг тодорхой заасан байдаг, үүнийг биелүүлэх үүрэгтэй.
Худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг кассын машинтай байх ёстой уу?
НӨАТ-ын тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй татвар төлөгч бүр төлбөрийн баримт хэвлэх үүрэгтэй. Төлбөрийг баримтыг POS буюу кассын машин, и-баримтаар хэвлэх боломжтой. Тиймээс иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт шаардан авах эрхтэй. Төлбөрийн баримт олгосноор үйлчлүүлэгч болон худалдан авагчдаа хүндэтгэж, сугалаанд оролцох болон НӨАТ-ын 2 хувийг буцаан авах боломж олгож байгаа юм.
НӨАТ-ын баримт хэвлэх машиныг авч чадахгүй байгаа байгууллагууд ч бий. Эдгээр байгууллагуудад хандсан ямар ажил хийж байна вэ?
Нийслэлийн татварын газар Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн холбоотой хамтран энэ тал дээр ажиллаж байна. Тус холбооны гишүүн байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тохирсон боломжийн үнийн саналтай хэрэглэгч хүсвэл тайлан гаргах хэмжээний програм суулгасан хэвлэх машин санал болгож, мэдээлэл өгч, суурилуулан ажилладаг.
Нэг хэсэг баримт хэвлэх төхөөрөмжийн үнэ нэлээд асуудал дагуулж байсан. 1.5 сая төгрөгөөр, түүнээс ч өндөр өртгөөр баримт хэвлэдэг төхөөрөмж авах ёстой гэх мэдээллүүд байсан. Яг энэ төхөөрөмжийн нэг бүрийн үнэ зах зээл дээр ямар ханштай байгаа вэ?
Кассын машины талаар их зөв ойлголттой болох хэрэгтэй. Татвар төлөгч өөрийн үйл ажиллагаандаа тохирсон кассын машин хэрэглэх нь зохистой. Төхөөрөмжийн хүчин чадлаас хамаараад үнэ харилцан адилгүй байдаг. Зах зээл дээр 30000 төгрөгөөс эхлэн зарагддаг.
Орон сууц худалдан авсан хүнд энэ буцаан олголт хамаарах уу?
Иргэд байр худалдан авсан төлбөрийн баримтаа өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Орон сууц анх удаа худалдан авч буй хүнд НӨАТ-ын тухай хуулинд зааснаар сугалаанд оролцох, НӨАТ-ын 2 хувийг буцаан авах болон ХХОАТ-ын хуулиар хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна. Тиймээс иргэн та төлбөрийн баримтаа заавал авах хэрэгтэй.
Иргэдийн нэг хэсэг нь сугалаанд найдахаас илүү хувь хүнд олгох буцаан олголтын хувиа нэмэгдүүлэх нь илүү зохистой гэдгийг хэлж байна. Энэ талаар.
НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтаар сугалаанд болон НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт авах, суутган төлөгч биш татвар төлөгчөөс авсан төлбөрийн баримтаар зөвхөн сугалаанд оролцох эрхтэй. Сугалаанд оролцох татвар төлөгчийн тоо нь буцаан олголт авахаас их байдаг. Жишээ нь: танд НӨАТ суутган төлөгч мөн болон биш татвар төлөгчөөс авсан 2 баримт байлаа гэж бодъя. Та 2 төлбөрийн баримтаар сугалаанд оролцоно. НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын төлсөн НӨАТ-ын дүнгийнх нь 2 хувийг буцаан авна. Хуулинд зааснаар 2018 оны эхний улиралд багтаж урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлнэ . Удахгүй иргэд урамшууллаа хэрхэн авах талаар мэдээллийг хүргэх болно.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.