Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, газар чөлөөлөх хэлтсийн дарга н.Энхтөр болон бусад холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг нээх, явган хүний зам гаргах, замыг чөлөөлөхөд хүндрэлтэй байгаа зарим байршлуудтай танилцлаа.
Энэ үеэр зөвшөөрөлгүй газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын холбогдох хүмүүстэй уулзсан юм. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний зам дээр зөвшөөрөлгүй барилга барьсан иргэнд НМХГ-аас хяналт шалгалт хийн, явган хүний зам хааж барьсан барилга, хашааг буулгахыг энэ үеэр үүрэг болгов.
Эдгээр байршлаас ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гадаад хэргийн яам, явган хүний зам хааж барилгын түр хашаа барьсан, хашаан дотор суурийн нүх ухсан, тус дүүргийн 5 дугаар хороо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа сунгаж барьсан, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо , Бид СӨХ орон сууцны дундуур машин явуулахгүйн тулд зөвшөөрөлгүй хашаалсан, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Бөхийн өргөөнөөс урагш орон сууцны дундах зам, явган хүний замыг хааж барилга барьсан, тус дүүргийн 25 дугаар хороо Натур худалдааны төвийн зүүн талд явган хүний зам гаргах ажилтай танилцаж, зохих арга хэмжээг авахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.