УЛААНБААТАР-ДАРХАН чиглэлийн замыг хөрөнгө оруулалтаар шинэчилнэ



Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ. Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гардаг байна.

Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэхэд энэ замаар хоногт дунджаар 2600 тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа учир нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байгаа аж. Шинэчлэлийн хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.

Автозамын шинэчлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгажээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ