Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа




Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус  1-р хуралдаанаар  “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа.  Үндсэн чиглэл нь  5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан  байна. 

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл“-ийн  “Эдийн засгийн өсөлт өрх бүрт“ бүлэгт   олон жилийн турш яригдаж байгаа  Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгон  шалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тусгасан байна.  Тухайлбал, Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн хувьд эхний ээлжинд  10 үйлдвэрийг сонгон шалгаруулалт хийнэ.  Үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын  эхний үе шат хэрэгжсэнээр  4000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор тусгасан байна.

“Хот байгуулалт, дэд бүтэц” бүлэгт Улаанбатар хот доторх төвлөрлийг  сааруулж, нэг төвт хотоос олони төв хотыг бий болгох зорилт тусгасан байна.  Сэлбэ, Баянхошуу дэд төвийн  дэд бүтцийн барилга угсралтын ажлыг үе шаттай эхлүүлнэ.  2018 онд энэ орчимд  цэвэр ус дамжуулах шугам 4 километр,  бохир усны шугам  4.9 километр,  дулаан дамжуулах шугам 1.1 километр,  авто зам  3.2 километр,  35 кВ ын цахилгаан дамжуулах шугам 1.8 километрыг барих ажлуудын  50 хувийг хийж дуусгах юм.  Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн  зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд  Хан уул , Баянгол дүүргүүдэд  301 айлын орон сууцыг  энэ онд ашиглалтанд оруулсан бол ирэх онд  816 айлын орон сууц  ашиглалтанд оруулахаар үндсэн чиглэлдээ тусгажээ.  Мөн  “Байгаль орчин, ногоон хөгжил” бүлэгт  хог хаягдал сэргээн ашиглах  150-200 мянган тонн хог хаягдал  шатааж, эрчим хүч, дулаан гаргах хүчин чадалтай үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ.  Нийслэлийн  орчны бохирдлыг бууруулах, өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж,  арчилгаа , хамгаалалтыг  98 гудамжинд  хийж, дүүрэг бүрт  бичил цэцэрлэг байгуулах зорилт туссан байна. “ Нийгмийн хөгжил” бүлэгт  эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд  Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр  10 загвар өрхийн эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ.  Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжүүлнэ.  Нийслэлийн эрүүл мэндийн  байгууллагуудын барилгын засварын ажлыг гүйцэтгэж, түргэн тусламжийн парк шинэчлэлт хийнэ.   Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж,  2018 онд  Ерөнхий боловсролын  6 сургуулийг  3 ээлжээс гаргахаар төлөвлөсөний дээр  улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар  18.690 суудал бүхий  30 сургуулийн  барилгын ажлыг эхлүүлэхээр  “ Улаанбаатар хотыг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” д  тусгасан байна.  Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.  Батболдын удирдлагын баг ирэх оны төсвөө хийж, Нийслэлийн иргэдийн хуралдаа хуулийн хугацаанд өргөн барих юм.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас  “Нийслэлийн  эдийн засаг, нийгмийг  2017  онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг  хангалттай биелэсэн гэж үзжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ